“Хүлэмжийн хийтэй хангай байна аа” гэж дуулалтай биш

2017 оны 01-р сарын 20 өдөр, 15 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oi1

Б.ЦОГЗАЯАБААТАР

Уг хөтөлбөрийн тухай ярихын учир нь энэ хүрээнд бид ойгоо хамгаалж ажиллан үр дүнгээ баталгаажуулан иргэд, байгууллага, нөхөрлөлүүд урамшуулал авах боломжтой. Энэ боломжийг олгохоор  сэрүүн бүсийн ойтой орон гэлтгүй манайд дээрх хөтөлбөр хэрэгжиж байна. 2011 оны зургадугаар сард Монгол нь UN-REDD хөтөлбөрийн түнш орон болсон.  Тэрнээс хойш жил жилд шаталсан ажлыг өрнүүлсээр 2016 онд үндэсний хөтөлбөр албан ёсоор эхэлсэн байна. Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөрийн хувьд ажил үйлс нь өрнүүн байгаа тул тэр бүхнийг нь мэдээлж нийгэмд түгээсэн байдаг. Харин та бид эл хөтөлбөр-зорилтот сайн үйлсийг хэрхэн дэмжин, сан нөөц багатай ч ойгоо яаж хамгаалалтай вэ гэдгийг дор бүрдээ бодож, хувь нэмрээ оруулцгаах чухал юм.Хүж дэлхийнхний нэгэн зовнил нь хүлэмжийн хий. Түүнийг бууруулаасай гэж хаа сайгүй л хүсэх болсон. Уг хийг бууруулахад үүсэл нь хаанаас байна, тийм хий “үйлдвэрлэгч“ нь аль салбар, юу гэдгийг тогтоох чухал байв. Тиймээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн зарим баримтад тэр талаар тодотгожээ. Ойн салбар гэхэд хүлэмжийн хийг ялгаруулалтаараа айргийн гуравт орсон байх юм. Харин ой чинь цэнгэг агаар бэлэглэгч гээд модон дундуур алхахыг эрмэлздэг та бидний заримд энэ нь эргэлзээтэй байж мэдэх. Гэтэл дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн 17 хувийг ойн салбар бий болгожээ гэж байна. Эрчим хүч, аж үйлдвэр гэсэн хоёр салбарын дараа оржээ. Яагаад тэр билээ гэхлээр ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хий нь дээрх үзүүлэлтэд хүргэж байгаа аж. Тиймээс уг хүлэмжийн хийн ялгаралтыг багасгахын төлөө REDD+ хөтөлбөр хэрэгжиж иржээ. Мөнөөх Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн /УӨСК/ Талуудын 11 дүгээр Бага хурлаас дэлхий дахины хүлэмжийн хийг бууруулахад REDD+ шийдвэрлэх үүрэгтэйг хүлээн зөвшөөрсөн байдаг. Арга ч үгүй. Ойн хомсдол, доройтлын түвшинг бууруулж, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг хэр  нэмэгдүүлснээр нь хөгжиж буй орнуудыг урамшуулдаг олон улсын энэ шинэ механизмыг хүлээн зөвшөөрөх нь зүй.

Ойн хомсдол хэдий чинээ бага болно тэр чинээгээр хүлэмжийн хийн ялгаралт буурна. Тэгвэл ойн хомсдол гэж юугаа хэлээд байна вэ. Ойн сангийн газраасаа өөр зориулалтаар  өөр хэлбэрийн эдэлбэр болгон ашиглан хувиргахыг л хэлдэг аж. Ойг доройтуулахгүй бол хүлэмжийн хийг бууруулах бас нэг нөхцөл нь болно. Мөн тэгвэл ойн доройтол гэж юуг нэрлээд байна вэ. Ойн модны нүүртөрөгчийн шингээлт нь хүний үйл ажиллагаанаас болж багасдаг. Ойн сан дахь нүүрстөрөгчийн шингээлт багасахыг л доройтол гэж байна.

Ой ихтэй орнуудыг бодвол хомсдолд өртөөд, доройтоод байх тийм ойтой билүү? Тэгээд ч өргөн уудам нутагтай  байж ойгоо хомсдолд ортол эдэлбэр болгон газрыг өөрчилж байгаа юм уу даа  гэж хэн нэгэн дурамжхандуу хэлж болох. Хүлэмжийн хий хүн бүхэнд халтай, энэ хийн ялгаралтад  ялгавартай үзэл гэж байхгүй гэдгийг тэр дурамжхан байгаа хэн нэгэнд хэлэлтэй.

Ерөөс Монголын ой гэдэг улсын хэмжээний  нийт сан нь газар нутгийнхаа 11.8  хувьтай ойролцоогоор тэнцэнэ. Энэхүү 17,911,123 га талбайд тархсан ой чинь бидэндээ бага юм бишээ. Энэ дотор 4,699,500 га-д тархсан өмнөд заган ой багтана. Сэрүүн бүсийн, заган гэсэн хоёр үндсэн хэв шинжтэй Монгол ойгоо хамгаалах нь иргэдийн эрхэм үүргийн нэг шүү. Ой чинь өөрөө биднийг олон юмнаас бас хамгаалж байгаа. Заган ой гэхэд хуурай бүс нутгийн тогтворжуулагч хийгээд цөлжилтийг сааруулагч юм. Сэрүүн бүсийн ойн хөрснөө эмийн ургамал,  цэцэг элбэг бий. Энэ мэтээс эхлээд тоочвол ойн хүнд өгөх ач тус маш олондоо. Байгаль хүний харилцан шүтэлцээний нэг томоохон илрэл нь ой ба бидний аж амьдралын уялдаа юм. Гэтэл Монголын хүн амын өсөлтийн нөлөө болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь энэ сэдэвт зонхилон яригдаж буй ойн хомсдол, доройтлыг бий болгоод байна.Жилд ойролцоогоор сэрүүн бүсийн ойн талбайн 0.43 хувь нь хомсдолд оржээ. Энэ нь 2004-2014 оны хооронд хамаарах хувь  юм.

Ойролцоогоор 103,000 га ойгоор бүрхэгдсэн талбай доройтжээ. Тэр нь ойн таксацын мэдээгээр ойн цоорхой болсон гэж тодорхойлогдсон байдаг. Тиймээс удаан өсөлттэй сэрүүн бүсийн эмзэг ойдоо зөв хандлага үзүүлэх, зөв менежментийг улам ухаалгаар  хийхээс өөр замгүй.

Уул нь аж төрөл дундаа монголчууд маань  хандлагын хувьд ой мод гэхлээр их л эерэг байх шиг  санагддаг. Тэгээд ч

“Зулзаган ногоон ойтой

Зураг шиг сайхан хангай байна аа”

       х          х          х          х

“Шинэс модны шинэхэн үнэр

Сэрүү татан сэнгэнэхэд …”

       х          х          х          х

“Үүл гижигдэн найгасан

Арын номин шугуй…”

       х          х          х          х

“Зулзаган цагаан хус нь хө

Зулай шүргэн ганханаа хө…”

гэх мэтээр дуулалдах нь нэн элбэг. Харин ойн талаарх таагүй баримтыг үзэхээр энэ хандлага эсрэгээрээ юм  байна гэлтэй сөрөг сэтгэгдэл төрүүлнэ. Тэр сөрөг талаа дагаад ямар бид чинь

“Хөөрхий модод нь хөгцөрсөн

Хүлэмжийн хийтэй хангай байна аа”

       х          х          х          х

“Олон га-гаар доройтоод

Ойн цоорхой үүсчээ хө“ гэх маягаар дуу зохиож дуулалтай биш. Зүгээр л хайрамжгүй хандлагаа больж  санаатай дайсагналаа зогсоох нь ойн санд оруулах эхний хувь нэмэрч байж мэднэ. Өдгөө өвөл хүйтэн үе, цаг агаарын нөхцөл байдлаасаа хамааран ойд сөргөөр халдах нь их. Түлш түлээгээ ойгоос бэлтгэхээр хайр найргүй ханддаг.Зөвхөн хүйтний улирлын айл өрхийн түлээ бэлтгэл гэлтгүй өөр өргөн хүрээний нөлөөлөл бий. Ерөөс ойд тулгарч буй аюулын нэгийг мэргэжлийнхэн  замбараагүй мод бэлтгэл гэж нэрлэсэн. Тийнхүү модыг замбараагүй бэлтгэх нь мод бэлтгэлийн явцад болон бэлтгэлийнхээ дараа ч ойн төлөв байдалд нэрмээстэй гэнэ. Замбараагүй мод бэлтгэлээс үүдсэн ойн доройтол жилд дунджаар 34,000 га /жил гэж тооцоологдсон байв. Энэ нь 2004-2014 оны хоорондох жилүүдийн дундаж тооцоолол болно.

Үүнээс гадна ойн түймэр байна.Манай улсад бүртгэгдсэн нийт түймрийн 90 хувь нь хүний нөлөөтэй гэсэн байв. Ойн багатай атлаа ойн түймэр ихтэй орон бол Монгол болчихоод байгаа. Мөн л 2004-2014 онуудад жилд ойролцоогоор 139,000 га талбай түймэрт өртсөн байна. Тийнхүү шатсан талбай нь өвслөг ургамалд ашигтай. Улмаар тийм өвслөг ургамлаа дагаад мал бэлчээрлэнэ.Тэрнээс болж хомсдол, доройтол үүднэ.Бас түймэрт өртөж доройтсон модод хортон болон мөөгөнцөрт өртөх нь их бөгөөд эмзэг.

Хортон шавьжид жил тутам ойролцоогоор 9000 га ой өртөн гэмтэж байна гэсэн мэдээлэл буй. Энэ тухайд холбогдох яамных нь мэдээллийн сан уг тооцооллыг шалгаж баталгаажуулахаар ажиллаж байгаа гэсэн.

Уур амьсгалын өөрчлөлт нь гангийн давтамж болон шавьжинд таатай нөхцөл бүрдүүлэх тал бий.Тэгснээр өвчин үүсгэгч хийгээд хортон  шавьжийн нөлөөнд ойн өртөмтгий байдлыг нэмэх нэг шалтгаан нь болдог аж. Энэ нь цаашид даамжирч хүрээгээ тэлсээр дэлхийн сэрүүн бүсийн бусад ойд тархаж болох юм гэж мэргэжлийнхэн үзэж байна. Мэргэжлийнхэн болоод судлаачид үүнчлэн ойгоо олон талаас нь харж байгаа биз. Бүр олон талаас бүр нарийвчлан хараад хомсдол, доройтлыг нь багасгахыг Монгол орны UN-REDD Үндэсний хөтөлбөрийн зүгээс зөвлөн хүссэн нь цөөдөөгүй ээ. Ойн тогтвортой менежмент, зөв зохион байгуулалт, арчилж хамгаалах аргачлалын талаар олон улсын жишиг, жишээгээр олон газарт тайлбарлан таниулсаар буй. Тус Үндэсний хөтөлбөрийн тухайд зөвхөн энэ намар, өвөл л гэхэд нийгмийн хэд хэдэн давхарга бүлэгт хүрч ажиллалаа. Жишээ нь “Монгол орны ой-2016” гэрэл зургийн уралдаанаа дүгнэж, фото үзэсгэлэн гаргалаа. “Уур амьсгалын өөрчлөлт ба ойн судалгааны шинэ ололтууд” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан. Түүнээс өмнөхөн сэтгүүлчдэд зориулсан сургалт явуулав. Сургалтын сэдэв нь “Монгол орны ойн хомсдол, доройтлыг багасгах, ойн тогтвортой менежмент” гэж байв. Мөн оюутан залуусын бүтээлч үйлсийг хөгжүүлэхэд чиглэн AiFE  наадмыг нь дэмжин Pro Arte клубийн хамт олонд дэмжлэг үзүүлсэн. Энэний дараагийн нэг ажил нь “Эрдэмтдээ сонсъё“ гэсэн уулзалт, хэлэлцүүлэг байв. Түүнд ойн чиглэлийн олон сэдвийг хөндөж  энэ талын эрдэмтэн бүгд саналаа хэлсэн . Ойгоос , ойн салбараас  хамааралтай хүлэмжийн хийг бууруулах талаар хүмүүсийн тойнд нь оршин тогтнотол хэлж байгаа нь UN-REDD Үндэсний хөтөлбөр юм. Эл хөтөлбөрийнхөн Монголын ойн нүүрстөрөгч шингээх болон нөөцлөх чадварыг дээшлүүлэх талаар нөлөөлөл үзүүлэхээр ажиллаж байгаа. Тэр бүхнийг нь дэмжин та бид ойгоо хомсдол, доройтлоос хамгаалах ажилд ухамсраа шингээх болон хандлагаа зөв зүгт залах чадвараа дээшлүүлж нэгэн зорилгойтой байлтай. Ой ухаандаа бүгд л үүнийг тунгаан ойдоо нүүрстөрөгчийг нь хуримтлуулж өөрсдөө хүчилтөрөгчийг нь хүртэж гэмээнэ хүлэмжийн хийг бууруулах боломж бас олз бус уу. Ойн цоорхойд олуул хөгжих сайхан л даа. Гэхдээ олдмол буюу доройтлоос үүссэн ойн цоорхойг бол хүсэлтгүй ээ.

“Хөгцөрсөн модод нь хөглөрсөн

Хүлэмжийн хийтэй хангай байна аа“ гэж дуулахыг бүр хэн ч хүсэхгүй дээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх