2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2-р хороо “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч 14 настай Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан хэрэг гарчээ. Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ч.Мөнхтөгс, зохицуулагч цагдаагийн ахмад У.Батбаяр нар мэргэжлийн ур чадвар гарган түргэн шуурхай илрүүллээ.
Жолооч нарт анхааруулахад зам тээврийн осол, хэрэгт холбогдон баригдахгүй байх гэсэн ахархан бодлоор зам тээврийн осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэлгүй ослын газрыг санаатайгаар орхиж зугтдаг нь олон сөрөг үр дагаврыг авчирч, хүлээх хариуцлагыг нь нэмэгдүүлдэг.
Учир нь осол, хэргийн газраас зугтаах үйлдлийг “санаатай үйлдэл” гэж үзэн “хүндэвтэр” гэмт хэргийн төрөлд хамааруулан зааж хүлээлгэх хариуцлагыг хүндрүүлж үздэг байна.