Ардчилсан намын жирийн гишүүд ачааг даах хүнд нь л үүрүүлэхээ мэднэ

2017 оны 01-р сарын 19 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nam

АН-ын даргад нэр дэвшигчид хахир өвлийн жаврыг үл тоон бүтэн сар эх орныг хөндлөн гулд давхив. Сунгаа шувтрах шатандаа орж байна. Намын гишүүд хэнийг даргаараа сонгохоо эрхбиш бодож амжсан байх. Тоотой хоног торолзоод өнгөрөхөд намын дарга тодорсон байх учиртай.  Өнгөрсөн өдрүүдэд зөвхөн  АН-ын гишүүд ч биш улстөр сонирхдог хүн бүр сунгааг чих тавин ажиж байна. Нэр дэвшигч таван эрхэм “таван сум” бариад малийтал инээж зогссон тэр өдрөөс эхлэн  өнөөг хүртэл хүн бүр тэдний амнаас гарах хий болгоныг анзаарч,хэлсэн ярьсан болгоныг  дотроо дүгнэж буй. Хэн нь бодлого ярьж, зарчим барьж явсныг, хэн нь “доллар” шиг хүн бүхэнд таалагдах гэж аль байдгаараа хичээж байсныг, хэн нь эрх мэдлийн төлөө яаж ч мэдэх товарищ гэдгээ харуулсныг намын гишүүд бүгдээрээ харсан. Ер нь нэг их олон тайлбарын хэрэггүй дээ. 1990 оны партизанууд,намынхаа төлөө “хал үзэж халуун чулуу долоож” чин үнэний талд зүтгэсэн жирийн гишүүд сонголтоо хийх өдөр тун удахгүй нь. Сунгааны өдрүүдийн сонин хачин сонор мялааж буй сүүлийн хэд хоногт хамгийн сенсаацтай нь, АН-ын даргад нэр дэвшигч Ж.Батзандангийн хүн чанар байлаа. Аялагчид Говь-Алтай аймгаас Завхан аймаг руу явж байх замд түүний машины хоёр дугуй ташраараа хагарчээ. Аз түшиж  машин  өнхөрч осолдсонүй. Угаас машинд ганцхан запас дугуй байдаг учраас ахин нэг дугуй  олох шаардлага гарчээ. Гэтэл  Ж.Батзандан гишүүн нөхдөө орхиж  замын унаанд суучихаад “Дугуйгаа хурдан янзлаад хойноос хүрээд ирээрэй,баяртай” хэмээн яваад өгсөн гэнэ. Харин нөхөд нь “энэ мөн ч  хатуу сэтгэлтэй хүн юм” гэж  гомдон үлджээ. Идэр есийн хүйтэн тачигнаж байхад харанхуй талд цасан шуурганд хэцүү байсан биз ээ. Ойрхон сумын төв бараадаж дугуйгаа янзлуулаад өглөөний 07.00 цагт ирэхэд нь Ж.Батзандан “яасан уддаг юм бэ” гээд  зэмлэж угтсан гэвэл хүн үнэмших үү. Үүнээс гадна Ж.Батзандан түрүүлж Завханд ирчихээд багийнхандаа тусламж явуулах нь байтугай халуун хоол унд идэж, шөнөжин шоудаад хөгжилдөж байсан гэдгийг эх сурвалжууд хэлсэн  байна. Өөрийнх нь төлөө амь нэгтэйгээр зүтгэж яваа багийнхандаа ийм “өөдгүй” зан гаргаж байгаа тэр хүн үндэсний хэмжээний нам удирдаж, улс орноо хөгжүүлж чадах уу гэдэг эргэлзээ гишүүд, дэмжигчдийнх нь дунд аль хэдийн тархаад буй. Тэрбээр зөвхөн “өөрийгөө” боддог амин хувиа хичээсэн хүн гэдгээ энэ удаа баталж харууллаа гэлцэж байна.

Түүний талаар хүмүүсийн ярих нь, “Ж.Батзандан гишүүн анх Сүхбаатарын талбай дээр шар зангиатай жагсаал хийж чих дөжиртөл бөмбөрдөж байх үед нь иргэд түүнийг биширч хүндэлж байсан. Учир нь тэр цагт  попуудыг “баатар” хэмээн өргөмжилдөг байсан. Тэрбээр уул уурхай ярьж,мөнгөжиж хөлжиж баяжиж аваад Иргэний хөдөлгөөний намыг байгуулсан. Гэвч бас л амиа бодож намаа орхиж, АН руу урвасан. Тухайн үед АН-ын нөмөр нөөлөг түүнд юу юунаас чухал байсан нь тодорхой. Ж.Батзандан өөрт нь итгэж, өөрийг нь дагасан залуусын итгэл сэтгэлийг хөсөрдүүлсэн. Тэрбээр Ардчилсан намыг бараадахдаа эхлээд МҮДН фракцыг сонгосон. Удалгүй тэндээсээ гарч Шонхорт орсон. Гэвч тэндээсээ  гарч “Алтан гадас”  бүлэглэлд харьяалагдах болсон. Түүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил, үнэт зүйл гэж огт байхгүй. Тэр зөвхөн эрх мэдэл, мөнгө хөрөнгийн төлөө хаашаа ч хэлбийж аль ч намын  өвөрт орж гарч чадах туйлбаргүй,улстөрийн шийдвэргүй  хүн гэдгээ нотолсон. Учир мэдэх хүмүүс түүнийг намын дарга болох гэж биш Н.Алтанхуягт тусалж Лу.Гантөмөр, С.Эрдэнэ нарын саналаас хуваалцах гэж нэр дэвшиж байгаа хэмээн шивэр авир гэлцэж байсан. Энэ яриа үнэн байх магадлалтай. Яагаад гэвэл,  Н.Алтанхуяг өөрийн фракцаас өөрийнхөө саналыг хуваалцахаар Ж.Батзанданг өрсөлдүүлэх хүн мөн үү.  Ханилж яваад нөхдөө орхидог, ямар ч үед амиа хоохойлдог ийм хүн Ардчилсан намыг аварна гэдэг юу л бол. Ж.Батзандан ахыгаа төрийн нарийн болгох гээд Ардчилсан намын Засгийг МАН-тай нийлээд унагачихдаг  хүн. Ахыгаа ХААИС-ийн захирал болгох гэж үхэн хатан зүтгэж байсан. Таван толгой компанид машины дугуй, сэлбэг нэртэй “сэг” шахсан  энэ тэр гээд түүний ашиг сонирхлын талаар ярьвал урт түүх хөвөрнө. Ж.Батзандан намын дарга болвол өөрөө сайд болох гээд намаа зарчих байлгүй гэж нам нэгт нөхөр нь хэлж байсан удаатай.

АН-ын даргад нэр дэвшигч Н.Алтанхуягийг тус намын  гишүүд дэмжигчид алга ташин хүлээж авахгүй байна. Учир нь түүнд итгэл алдарчээ. Сунгаа эхэлсэн эхний өдрүүдээс  Л.Гантөмөр, Ж.Батзандан нарт балбуулж яваа нэр дэвшигч бол Н.Алтанхуяг. Гэсэн ч тэр цухалдсангүй, “Ингээд л байгаа хүн дээ” гэж инээд алдсаар сурталчилгаагаа үргэлжлүүлж явна гэж   фэнүүд нь түүнийг магтаад ч байгаа юм шиг шоглоод ч байгаа юм шиг ярих болж. Гудамжинд явсан намыг Засаг барих хэмжээнд аваачсан гавьяа түүнд бий. Хэдийгээр ийм сайн үйлсийн эзнээр тодорсон ч Засгийн газрын тэргүүнээр ажиллах хугацаандаа намынхаа нэр хүндийг шороотой хутгасан нь дэндүү харамсмаар. Намын их хурлыг хуралдуулалгүй найман жил болсон, Үндэсний зөвлөлдөх хороог “Алтан гадас” фракцаар хайрцагласан зэрэг алдаа нь түүнд дахин итгэл үзүүлэх аргагүй болгосон гэж тулхтай  гишүүд нь сануулж байна. Ардчилсан нам өнгөрсөн гурван сонгуульд дараалан ялагдсан. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилд намыг ялагдалд хүргэсэн, удирдах албан тушаал эрхэлж байсан хүмүүс энэ удаа тэвчих ёстой байсан. Харин арван шинэ залуу нэр дэвшсэн бол намдаа амь оруулаад, шинэчлэлийн уур амьсгал оруулах ёстой байсан. Үүнээс л Ардчилсан намын шинэчлэл эхлэх ёстой байсан гэж үнэнч гишүүд харамсаж байна.

nam01

    “Н.Алтанхуяг дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг байнга элдвээр хэлж байна. Тэглээ гээд өөрөө энхийн цагаан тагтаа болчихгүй шүү дээ. Ер нь бол шон босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг үг бий. Өөрийнхөө хийсэн алдааг олж харах л хэрэгтэй” гэж УИХ-ын гишүүн Л.Болд түүнд анхааруулж байсан. Н.Алтанхуягийн хэрхэн амлаж бардамнаж байсныг Улаанбаатарынхан мартаагүй байна. 2013 оны 11 сард “Улаанбаатарын утааг гурван жилийн дотор арилгана,харж л байгаарай” гээд байсан хүн шүү дээ. Өнөөдөр утаанд хахаж үхэх гэж байгаа Улаанбаатарын иргэд Н.Алтанхуягт “худалч” нэр хайрлав. Тэрээр “Би ер нь нэг юм бариад авбал хийчихдэг хүн байгаа юм” гээд л ход ход инээж байснаа сунгааны өмнө мартжээ. Нүүрс хямд тарааж байна гэж найзтайгаа нийлж нэлээд юм туугаад хаясан,харамсалтай нь найз нь шоронд орсон. Энэ мэтчилэн түүний “бардам ам,шалдан гуя” гэдгийг сануулах хүн олон байна.

 Н.Алтанхуягаас дутахгүй худалч,хуурмагт идэгдсэн хүн бол нэр дэвшигч С.Эрдэнэ бөлгөө. Ганцхан жишээ. ТВ-ийн нэвтрүүлэгт С.Эрдэнэ орж байна. Эрдэнэ вангийн хошуу хэмээн нэрлэгдэх болсон  Баянгол дүүргийн ИТХ тэр чигтээ С.Эрдэнэ сайдын ах, дүү хамаатан садан, найз нөхөр, хамтран зүтгэгчдээр дүүрсэн гэх шүүмжлэл тасардаггүй. Олон жилийн турш яригдсан  энэ асуултад С.Эрдэнэ сайд мэргэн хариулт өгч байна. “Баянгол дүүргийн ИТХ 33 гишүүнтэй. Түүнээс дөрөв нь манайх. Эхнэр, хүү, хүргэн, охин”  гэнээ. С.Эрдэнэ сайдын хэлснээр 33-уулаа түүний хамаатнууд биш нь  үнэн байх аа.  Гэлээ ч нэг дүүрэгт эхнэр, охин, хүү, хүргэнээ ИТХ-ын төлөөлөгчөөр “шахна” гэдэг С.Эрдэнэ сайдаас өөр хүний бардаг ч зүйл биш гэж дээр доргүй ярилцдаг нь учиртай. Энэ бол түүний хэн бэ гэдгийг хэлж буй ганцхан баримт. Ийм хүн АН-ыг шинэчлэнэ гээд харайлгаж яваа нь хэр үнэмшилтэй вэ.

Баянгол дүүргийг бараг хувьчлаад авсан юм уу гэмээр эргэлзээ төрүүлж явдаг энэ хүн  бүтэн сарын турш намын шинэчлэл хэмээн цагаан хөөс цахартал ярьж явааг АН-ын гишүүд жоготойхон шоолж байна.  С.Эрдэнэ гэдэг хүн өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд АН-ын хамаг л өнгөтэй өөдтэй албан тушаалуудыг хашиж ирсэн нэгэн. Энэ хугацаандаа тэр намаа шинэчлэхгүй ер нь юу хийж байсан юм бол. “Эрдэнэ вангийн хошуу” гэдэг нэртэй болтлоо л Баянголд ах дүү хамаатан садан, өөрийн туслах, зөвлөхүүдээ албан тушаалд томилсон талаар хэвлэл бүр л ярьж, бичиж байсан.

Түүний талаар ноцтой мэдээлэл бас л түгэв. С.Эрдэнэ гишүүнийг нийгмийн хамгаалын  салбарын сайд байх он жилүүдэд нийгмийн даатгалынхан  талийгаач болсон ахмад настны бичиг баримт дээр мөнгө “ургуулах” гойд тоглолт хийдэгтэй холбоотой. Энэ талаар албаны эх сурвалжид хэрхэн өгүүлснийг уншигтун. “Талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасалгүйгээр, улсаас тэтгэврийг нь хэдэн жил, сараар авсаар, улсыг 6 тэрбум төгрөгөөр хохироосон гэх энэ хэрэг хяналтын шатандаа хаагдаж, хэрэгсэхгүй болоод байгаа юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман “Нийслэлийн дүүргүүдийн нийгмийн даатгалын хэлтсийн холбогдох албан тушаалтнууд, тэтгэвэр хариуцсан байцаагч нар хууль тогтоомжийн дагуу албан үүргээ биелүүлээгүйгээс улсад хохирол учруулж, хувьдаа мөнгө завшсан хэрэгт Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж шалгасан. Энэ хэрэг Чингэлтэй дүүргийн хяналт дор явагдсан байгаа. Дээрх хэрэгтэй холбогдуулан эрх бүхий нийгмийн даатгалын хэлтсийн албан тушаалтнуудыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 256.3, 272.2-т зааснаас яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсан.

Ингэхэд тэдгээр албан тушаалтнууд тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа буюу эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа нь өнгөрсөн байсан учир Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 72.1.1, 24.1.1, 208.1.1-т зүйлд заасан үндэслэлээр шалгагдаж байсан хүмүүсийн хэрэг хэрэгсэхгүй болсон. Өөрөөр хэлбэл мөнгө идэж уусан нь тогтоогдсон ч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохоор хэргийг хаасан” гэжээ. Ингээд л С.Эрдэнэ болон түүний нөхөд ял завшаад өнгөрчээ. Энэ мэтчилэн түүний тухай муу баримт цөөнгүй боловч өнөөдөр энхийн цагаан тагтаа мэт дэвээд л байна. Түүний хувийн хөрөнгө мөнгөний тухай ам дамжин ярьж байдаг ч ид шид үйлчилсэн  мэт тэгсхийгээд нам жим болдог

 Баянголын хамаг л өнгөтэй өөдтэй бүхнийг өөр дээрээ авсан ч ханаж цаддаггүй С.Эрдэнэ нийслэлийн ногоон бүсийн ой  Хандгайтын амыг эзэгнэнхэн эзэмшиж байдаг. Хэдэн давхар гоёмсог хаусыг С.Эрдэнэ гэдэг хүн цалингаараа бариулаагүй гэж мөрийцсөн ч болох. Амралтын газар,зочид буудал, сургууль гээд түүний тоолж баршгүй хувийн өмч нь Далай Доной мэт баян гэдэг зүйрлэлтэй утга нийцнэ.       С.Эрдэнэ АН-ын дарга болбол нам хэний өмч болох нь ойлгомжтой ч юм шиг. Ийм хүн АН-ыг тийм ч гоё харагдуулахгүй болов уу.

Нэр дэвшигчдээс намын шинэчлэлийг зөвхөн Л.Гантөмөр хийнэ ч гэх шиг яриа сонсдож байсан. Харин сүүлийн үед түүнийг тийм ч өө сэвгүй өндөг биш гэдгийг хүмүүс ярих болжээ.  Л.Гантөмөр инженер мэргэжилтэй, Японд боловсрол эзэмшсэн нэгэн. 2000 оны сонгуульд гэнэтхэн өрсөлдсөн түүнийг улстөрд орж ирж байгааг нь хэн ч ойлгоогүй. Японд зарц боолын ажил хийгээд,дээрэлхүүлээд хэцүүхэн байснаа сонинд өгсөн ярилцлагадаа нэг их ач холбогдол өгч ярьсан байсан нь олны дургүй хүргэсэн. Энэ нөхөр Японд аяга таваг угааж байснаас өөр юу хийв,Монголд юу бүтээсэн, гийгүүлсэн юм бэ гэж ихэд эгдүүцэж  байсан. Тэгээд ч түүнийг сонгоогүй. Дараа нь 2004 онд УИХ-д дахиад нэр дэвшихдээ намтар энэ тэрээ нэлээд засварлаж ухаалгаар  өөрчилсөн нь хүмүүст таалагдсан байх. Манайхан хэнэггүй,ой тогтоолт тааруухан болохоороо дөрвөн жилийн өмнө Гантөмөрийн  юу ярьж байсныг нь ор тас мартсан, тэгээд л сонгосон. Өнөөгийн сунгаанд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг гурвыгаа өвөөгөөр нь дуудаж, худрагагүй загнасан Л.Гантөмөр АН-ын  гишүүд дэмжигчдэд таалагдсангүй. Цэл залуу хүн биш насны нар хэвийж яваа Гантөмөр өвөө болохгүй гэж үү,мөнхийн залуугаараа байх юм болов уу  гэсэн дургүйцэл олон хүний амнаас унасан. Үнэндээ хөгжилд хүрсэн дэлхийн том гүрнүүдийн удирдагч, намын лидерүүд нь бүгд л 50-иас дээш насныхан байдаг. Энэ бол залуу гэхээс илүүтэй, туршлага улс орныг жолоодоход хамгийн чухал үнэлэмж болж буйг харуулж байгаа нь тэр аж.

БНХАУ-ын удирдагч Си Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Японы ерөнхий сайд Ш.Абэ, энэ долоо хоногт тангараг өргөх АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Трамп нар хэдэн настай билээ. Нэр дэвшигч попдмоор санагдсан юм уу, өөрийгөө залуу болгох гээд бусдыгаа доош хийсэн нь нэмэх оноо авчрах бус хасах оноо дагуулав.

Л.Гантөмөрийн жижиг сажиг юманд ач холбогдол өгдөг нь түүнийг гутаав. Сунгааны үеэр нэр дэвшигчид бодлого ярих ёстой. Гэтэл энэ нөхөр  Н.Алтанхуягийн өнгөрсөн жил нээлтийг нь хийсэн чацарганы үйлдвэр ашигтай ажиллаж чадахгүй тухай ярьж, хадуурав. Намын даргад өрсөлдөж байгаа хүн бусдын бизнесийн талаар шүүмжлэх хэнд хэрэгтэй юм бэ Үйлдвэр ашигтай ажиллах, ашиггүй ажиллах нь Л.Гантөмөрт тийм их хамаатай юм уу. АН-ыг шинэчлэх бодлого, зарчим байна уу гэдэг л чухал. Харамсалтай нь, зарчмаа ч барьсангүй, бодлогоо ч ойлгуулж чадахгүй явсаар сунгаагаа өндөрлөх нь ээ. Л.Гантөмөр гэх эрхэм нам удирдах нь байтугай дүүргээ УИХ, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд ялагдуулсан дарга гэж гишүүд ам муутай байна.

Харин нэр дэвшигчдээс ноён нуруутай  яваа нь Д.Эрдэнэбат гэж хүмүус ам сайтай байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат инженер мэргэжилтэй. Ширүүн, шазруун зантай гэж түүнийг тодорхойлох нь бий. АН 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд ялалт байгуулах гол ажлыг нугалсан хүн бол Д.Эрдэнэбат гэдэгтэй маргах хэрэггүй. Тэрбээр 2008-2012 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Энэ ажлыг авахаасаа өмнө Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Нутаг орондоо нэр хүндтэй,ажил хэрэгч,шударга зарчимч гэх тодотгол түүнийг дагалддаг.  Анх генсекийн  ажил авахад нь намын хороод нь хоёр даргатай, хоёр тамгатай болсноос эхлээд хөл, толгой нь олдохгүй болтлоо бужигнасан намыг нэг зүгт харуулж багцалж чадсанаараа Ардчилсан намыг ялалтад хүргэсэн. Нам асуудалд ороход түүнд л ачаа даах үүрэг ногддог. 2016 оны УИХ-ын сонгуулийн их ялагдлын дараа АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс түүнийг орон нутгийн сонгуулийг удирдан орох даалгавар өгсөн нь ийм учиртай.

Хугацаа богино байсан ч намын гишүүдээ хурцлаад сонгуульд орсон, гурван дүүрэг, 100 гаруй суманд ялалт байгуулж, боломжийн суудал авсан. Харин сүүлийн өдрүүдэд түүнийг Хятадын эрлийз гэж цоллох болсноос харахад нэр дэвшигчид дотроос нь нисгэж буй бор шувуу юм болов уу гэж таамаглана. Сонгууль болгоноор л биенээ  доромжилж, аль болох муухай харагдуулахыг оролддог. Гэхдээ намынх нь гишүүд түүнийг гал тогоог барьж явсан учраас суралцах гэж цаг алдахгүй, туршлагаараа залуурдаад өнөөгийн хүндрэлээс нь гаргачихна, мөн намд шинэчлэлийг ч хийж чадах лидерийн нэг гэж харж байна. АН-ыг Д.Эрдэнэбат толгойлбол намаа зөв удирдаж,чиглүүлж чадна гэж гишүүд,дэмжигчид нь итгэл дүүрэн байна. АН-ын гишүүд хэнийг удирдагчаараа сонгохоо хэнээр ч заалгахгүй шийдэж чадна. Тэд ачааг даах хүнд нь үүрүүлнэ.

Н.Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Zochin
     (72.196.195.***)
    2017/01/19 13:01

    Urd hugatsaand uuriiguu Mongol ulsdaa bolon nam dotroo taniulsan Erdenebat guyai l deer haragdaad baigaa yumdaa

    (0) (0)