Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн “Миний найз бүсгүйчүүд” цомгийн баяр энэ сарын 21-нд Хүннү моллд болох гэж байна. Тэрээр Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн шавь байсан бөгөөд түүнээс хөгжмийн урлагийн нарийн нандин бүхнийг сурчээ.
1994 онд сургуулиа төгсч, хувиараа бизнес эрхэлж байгаад 2013 оноос уран бүтээлээ эхэлсэн байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй дуу зохиож, “Жаргалтай явна хоёулаа”, “Гангараа”, “Нандин”, “Миний найз бүсгүйчүүд” гэсэн дөрвөн цомгоо өлгийдөөд байгаа юм. О.Эрдэнээ “Би СУИС-ын II дамжааны оюутан байхдаа анхны бүтээлээ зохиож байлаа. Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуу байсан юм. 22 жилийн дараа Б.Буянжаргал маань энэ дууг амьдруулсан байдаг. Урлагаас завсардсан он жилүүдээ нөхөх гэсэн шиг уран бүтээлийн олз омог дүүрэн сайхан байна” гэж байв. “Миний найз бүсгүйчүүд” цомгийн баярт хүрэлцэн ирсэн эхний 100 хүнд цомгоо бэлэглэх бөгөөд зочдын дундаас хоёр азтан тодруулж аяллын эрхээр шагнах аж.