АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн тэжээдэг пудель нохой хүн урсан хэрэг гарчээ. Тодруулбал, ерөнхийлөгчийн том охин Малияг найзуудаа Цагаан ордонд урьж авчраад байх үед энэ явдал болсон байна. Жижигхэн биетэй пудель нохой Санни Малиягийн найз болох 18 настай охин руу гэнэт дайрч, нүүрийг нь уржээ. Ерөнхийлөгчийн гэр бүлийн эмч охинд тэр даруй анхны тусламж үзүүлсэн ч шархнаас сорви үлдэхгүй гэсэн баталгааг өгч чадаагүй гэнэ.
Хохирогч өөрөө олон нийтийн сүлжээнд зургаа оруулж, “Би Санниг үзэн ядаж байна” хэмээн бичсэнээр энэ мэдээлэл олон нийтэд цацагджээ.
АНУ-ын хэвлэлд бичсэнээр, Санни нь жижигхэн биетэй гэлтгүй ярдаг зантай амьтан бөгөөд одоогоос гурван жилийн өмнө Цагаан ордонд болсон баярын үеэр хоёр настай охиныг мөн урж, гэмтээж байсан аж.
АНУ-ын сүүлийн 150 жилийн түүхэнд Ерөнхийлөгч нар нь дандаа нохой, муурын аль нэгийг тэжээдэг хоббитой хүмүүс байжээ. Тэр ч битгий хэл гахай (А.Линкольн), дорго (Ф.Рузвельт) одой усны үхэр (К.Кулиж) тэжээдэг хүн ч байсан гэнэ. Харин энэ уламжлал Д.Трампын үед тасрах нь тодорхой болжээ. Д.Трамп ямар ч амьтан тэжээдэггүй юм байна.
С.Атарцэцэг