Найзынхаа хамрыг тас хазаж, зажилсан хэргийн шүүх хурал хойшиллоо

2017 оны 01-р сарын 16 өдөр, 14 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
26dd65d2ea24d87fgreat

2016 оны наймдугаар сарын 15-ны өдөр Төв аймагт самранд явж байсан иргэн Б нь найзтайгаа таарсан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэт их хэрэглэсэн байсны улмаас хамрыг нь тас хазан зажилж идсэн хэрэг гарсан билээ. Эх сурвалжийн хэлж буйгаар хохирогч Э нь тухайн үед “Миний хамрыг эргүүлээд өгчих л дөө” хэмээн гуйсан ч өнөөх найз нь нүдэн дээр нь зажлан идсэн байна.

Хохирогч Э нь хагалгаанд орох гэсэн боловч эмч нарын зүгээс өөрийн хамар байхгүй учраас залгаж оёх боломжгүй. Харин Солонгос улсад хиймэл хамар суулгах хагалгаа хийлгэх санал тавьсан байна. Энэхүү хагалгааны төлбөр нийтдээ 100 сая орчим төгрөг болох аж. Уг хэргийг үйлдсэн Төв аймгийн харъяат иргэн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.1-д заасанчлан хүний биед санаатайгаар хүнд зэргийн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.

Өнгөрсөн тав дахь өдөр буюу энэ сарын 13-ны өдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон уг хэргийн шүүх хурал хойшилжээ.

Гэмт этгээд гурван хүүхэдтэй, эхнэрээсээ салсан, арван сартай хүүхдээ асран хамгаалж байгаа гэсэн шүүхийн бичиг үзүүлсэн бөгөөд хуулийн дагуу бага насны хүүхдээ асран хамгаалж буй өрх толгойлсон эцгийн ялыг хойшлуулна хэмээн заасан байдаг юм. Ийнхүү шүүхийн бичиг үзүүлснээр шүүх хурал уг шийдвэрийг нягталж үзэх шалтгаанаар ийнхүү хойшлуулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээд өмнө нь хүний хацар хазаж, нүүрэн тус газар нь гэмтэл учруулж байжээ.

С.Атарцэцэг

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх