Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 25 жилийн ой тохиож байна. Энэхүү ой хүрээнд Монголын Залуучуудын Холбоо залуучуудын байгууллагаас төрөн гарсөн АИХ-ын депатутуудын төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
МЗХ-ноос АИХ-ын 13 депутат төрөн гарсан байдаг бөгөөд тэдний төлөөлөл болгож Г.Ганболд, Д.Балдан Очир, Б. Буяндэлгэр нарыг урьж, залуучуудтай чөлөөт ярилцлага уулзалт зохион байгуулсан юм. Г.Ганболдын хувьд МХЗЭ-ийн Төв Хорооноос ажлын гараагаа эхэлсэн, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар, “Голомт” банкны тэргүүн дэд захирлын албан тушаалыг хашиж байсан. Д.Балдан Очир нь Дархан хотод илгээлтийн эзэн болон очиж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн бөгөөд Улсын Бага Хурлын гишүүн, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ. Б.Буяндэлгэрийн хувьд нь Дорнод аймгийн МХЗЭвлэлийн үүрийн ажилтнаас ажлын гараагаа эхэлж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан хуульч мэргэжилтэй хүн юм. Сонирхуулахад эдгээр эрхмүүд нь бүгд 20 гаруйхан насандаа Монгол Улсын Үндсэн хуулийг батлалцаж байсан түүхтэй билээ. Тэд уулзалтын үеэр залуучуудын байгууллагад ажиллаж байсан үеийнхээ дурсамжаасаа хуваалцаж, залуу хүн гэдэг улс эх орны хамгийн чухал хөдөлгөгч хүч тиймээс илүү сайн ажиллаж, хөгжил дэвшилд гар бие оролцох ёстой талаар онцлон дурьдаж байлаа.