Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Д.Баярсайхан хүртлээ

2017 оны 01-р сарын 13 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
chimed

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр /2017.01.13/ Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээний эхэнд Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай Улсын Их Хурлын даргын захирамж, шагналын Өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уншиж сонордуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 176 тоот захирамжаар батлагдсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох тухай” журам, Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шагнал олгох тухай” 08 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайханы “Эрх зүйн онол” бүтээлд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” 2017 оны Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртээж Өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн урамшуулал олгож буйг Өргөмжлөлд дурджээ.

Ингээд Улсын Их Хурлын дарга М.Энхболд доктор, профессор Д.Баярсайханд Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж баяр хүргэв.

Улсын Их Хурлын дарга М.Энхболд шагнал гардуулах үеэр хэлсэн үгэндээ, “Үндсэн хуулийн эхийг баригч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй доктор, профессор Д.Баярсайханд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэж, цаашдын ажил, бүтээл туурвилд нь амжилт хүсье.

Энэхүү шагналыг уламжлал болгон олгож байх шийдвэр гарсан нь утга учиртай. Үндсэн хуулийг боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ эрх чөлөөг баталгаажуулах, хууль, шударга ёсны нийтлэг зарчмыг бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан Бяраагийн Чимид агсны гавьяа зүтгэл, хөдөлмөр бүтээлийг мөнхжүүлэх зорилготой юм.

Түүнчлэн судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй бүтээл туурвисан эрдэмтэн судлаачдыг хөхиүлэн дэмжих өөр нэг зорилготой билээ.

Б.Чимидийн нэрэмжит шагналд нэр дэвшүүлсэн таван бүтээл Улсын Их Хурлын Тамгын газарт ирсэн бөгөөд шалгаруулалтыг хоёр үе шаттайгаар явуулан, Улсын Их Хурлын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн ялагчийг тодруулсан.

Энэхүү нэр хүндтэй шагналын эхнийхийг манай нэрт хуульч, Монголын байнгын ажиллагаатай парламент үүссэнээс эхлээд бүх парламентад сонгогдон ажилласан, гавьяат хуульч Д.Лүндээжанцан хүртсэн. Хоёр дахь шагналыг Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням “Монгол улсын төр, эрх зүйн түүх” хэмээх хоёр боть цогц бүтээлээрээ хүртсэн юм.

Өнөөдөр шагналын гурав дахь эзэн нь болж тодорсон хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Должингийн Баярсайхан Танд чин сэтгэлийн баяр хүргэж, нийт хуульч, эрдэмтэн судлаачдадаа эрдэм судлалын нөр хичээнгүй, билиг ухаан шавхсан ажилд тань амжилт хүсье” гэлээ.

Дараа нь Б.Чимидийн нэрэмжит Улсын Их Хурлын шагнал хүртсэн доктор, профессор Д.Баярсайхан талархлын үг хэлсэн. Тэрбээр, “Улсын Их Хурлын дарга, гишүүд, хамтран зүтгэгчид, шавь нартаа шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярын мэнд хүргэе. Энэ сайхан өдөр Б.Чимид багшийн нэрэмжит хүндтэй шагналыг авсандаа баяртай байна. Би Б.Чимид багштайгаа 1982 оноос хойш олон судалгаанд дээр хамтран ажиллаж байсан. 1998 онд хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бүтээлийн минь удирдагч багшаар ажиллаж байсан билээ.

Б.Чимид багш маань Үндсэн хуулийн эхийг баригч төдийгүй төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны шинэ үеийн онол, арга зүйг үндэслэгч юм.

Миний бие 1992 онд Хууль зүйн сургуульд Эрх зүйн оронлын багшаар ажиллаж эхэлж байсан бөгөөд одоогоос 20-иод жилийн өмнө анхны бүтээлээ туурвиж байсныг энд дурсахад таатай байна. Цаашид хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд бүх зүрх сэтгэлээ зориулан ажиллах болно” гэж хэллээ.

Дараа нь ёслолын үйл ажиллагаанд оролцогчид дурсгалын зураг татуулсан юм.

Шагнал гардуулах ёслолд Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг зохион байгуулах комиссын дарга Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимид агсны гэргий Б.Цээрэгзэн, охин Ч.Сайнсанаа болон албаны бусад хүмүүс оролцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх