Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Утаан дээр улстөржихгүй, бүгдээрээ ойлголцоод үндэсний зориг бий болгоод ажиллая

2017 оны 01-р сарын 12 өдөр, 17 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
utaa1

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” сэдвээр сэтгүүлчидтэй уулзан үг хэлж, тэдний асуултад хариулав.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлаар өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаан  хийж зөвлөмж гаргасан билээ. Зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр сэтгүүлчид, төрийн болон ТББ, иргэд, олон нийт хэрхэн хамтарч ажиллах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр ийнхүү уулзалт хийсэн юм.

Уулзалтад УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн, УИХ-ын БОХХААБХ-ны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэг, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр хэлэхдээ “Телевизийн шууд дамжуулалтыг үзэж байгаа нийт иргэдийнхээ болон энд хүрэлцэн ирсэн хэвлэл, мэдээллийн төлөөллийн энэ өдрийн амгаланг айлтгая.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудлыг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл өргөтгөсөн хуралдаанаараа авч хэлэлцсэн. Төрийн ордны “Чингис хаан” танхимд хуралдааныг хийсэн. Үүнд УИХ-ын удирдлага, байнгын хороодын удирдлагууд, Засгийн газрын төлөөлөл, Ерөнхий сайд, сайд нар, ҮАБЗ-ийн ажлын алба, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан тушаалтнууд, орчны бохирдолтой тэмцэх чиглэлээр ажилладаг БОАЖ болон бусад яамд, агентлагийн ажил хариуцсан албан тушаалтнууд оролцсон. Мөн Нийслэлийн удирдлага оролцсон. Орон нутгаас зарим хүнийг урьж оролцуулсан. Шинжлэх ухаан, бизнесийн байгууллага, орчин, агаарын бохирдлын асуудлаар хамтарч ажилладаг байгууллагууд, ТББ, хэвлэл, мэдээллийн төлөөлөл гээд нийт 12 нийгмийн хэсэг, бүлгийн өргөн төлөөлөл орсон. Энэ хурлыг ажил хэрэгч болгох гэж шууд дамжуулаагүй. Ийм хурал хийхээр төлөвлөж байсан. ҮАБЗ-ийн хурлыг жижиг өрөөнд, тусгайлсан бүрэлдэхүүний хэмжээнд хийдэг. Харин өчигдрийн хурлыг өргөтгөж хийсэн нь тавигдаж байгаа асуудал нь Монгол Улсын иргэдийн амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхтэй холбогдож гарч байгаатай холбоотой.

ҮАБЗ-ийн тэргүүний хувьд би өнөөдөр нийт иргэд, хэвлэл, мэдээллийн төлөөлөлд энэ хурлаас ямар шийдвэр гарав. Та бүхэн ямар дүгнэлт гаргаж байгаа юм. Цаашдаа ямар ажил, үйл ажиллагаа хийх гэж байгаа юм бэ гэдэг талаар мэдээлэл өгье гэж та бүхнийг цуглуулсан юм.

ҮАБЗ хуралдаад зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмж ямар утгатай вэ гэхээр Үндсэн хуульд “ҮАБЗ-ийн шийдвэр зөвлөмжийн хэлбэрээр гарна” гэж бичсэн байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлээд тодорхой зүйл дээр шийдвэр гаргана, үг хэлнэ гэдэг бол Ерөнхийлөгчийн шийдвэр, Монгол Улсын байр суурь болдог. УИХ-ын дарга, Ерөнхий сайд оролцсон. Өчигдөр би өөрийнхөө фейсбүүк, твиттер дээр маш тодорхой тавьсан. Та бүхэн өмнө бараг харж байгаагүй байх. Зөвлөмжид Ерөнхийлөгч тамгаа дараад гарын үсгээ зурсан, Ерөнхий сайд тамгаа дараад гарын үсгээ зурсан, УИХ-ын дарга тамгаа дараад гарын үсгээ зурсан байгаа.

Энэ гурван чиглэлийн байгууллага, үүнээс цааш шийдвэр гаргадаг бүх байгууллага үүнийг хэрэгжүүлж ажиллах хэрэгтэй болж байгаа юм. ҮАБЗ-ийн зөвлөмжийг гаргахдаа бид Үндсэн хуулиа барьж үндэслэлээ гаргасан.

Хэвлэл, мэдээлийнхний эхний асуулт бол “Улаанбаатар руу орж ирэх хөл хорьж байна. Энэ Үндсэн хууль зөрчиж байгаа юу. Та юу гэж бодож байна” гэсэн байна.

Үндсэн хуульд байдаг хамгийн гол үндсэн эрх бол Монгол Улсын иргэд амьд явах эрхтэй. Дээрээс нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байдаг. Улаанбаатар хотын орчинд амьдарна гэдэг бол аюултай орчин болж байна. Эрүүл орчин биш. Аюултай орчин байгаа бол энд хязгаарлалт хийхээс өөр аргагүй. Энэ бол Үндсэн хуулийн дагуу авч байгаа арга хэмжээ. ҮАБЗ, УИХ-аас гаргасан, тэдний гол барьдаг нэг баримт бичиг бол Аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байдаг. Энэ зүйлүүдэд нийцүүлж гаргасан.

Өчигдөр би хотын дарга, УИХ, Засгийн газар дээр шийдвэр гаргахдаа та бүхэн ҮАБЗ-ийн энэ зөвлөмжийг үндэслэж шийдвэр гаргаарай гэсэн. Асуудлыг ҮХЦ, хууль, шүүхийн байгууллага авч хэлэлцэхдээ ҮАБЗ-ийн энэ зөвлөмжийг үндэслэж шийдвэр гаргана. Энэ зөвлөмж өөрөө Үндсэн хуульд нийцсэн, нийт иргэдийн эрх ашигт нийцсэн зүйл шүү гэсэн. Үүн дээр маргаангүй болох хэрэгтэй. Нэг асуудал дээр ч гэсэн бид биенээ доош хийхгүй, янз бүрийн асуудлаар хийж байгаа ажил, гаргасан санаачлагаа унагахгүй явмаар байгаа юм.

Эхийн хэвлийд байгаа хүүхэд амьгүй болох хэмжээнд хүрсэн энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол, аюул гэхгүй юм бол юуг аюул гэх юм бэ? Үүнд төрийн бүх байгууллага үйл ажиллагаагаа нийцүүлэхгүй бол юунд бид үйл ажиллагаагаа нийцүүлэх юм бэ?

“Утааны үеийнхэн” гэсэн бүхэл бүтэн үеийнхэн бий болж байна шүү дээ, Монголд. Эрүүл мэндээрээ хохирсон, ирээдүйгээ алдсан үе.

Улаанбаатарт иргэд орж ирэхдээ амьдрал хөөж, аятайхан амьдрах гэж ирсэн шүү дээ. Түүнээс биш эрүүл мэндээрээ хохирох гэж, үр хойчийнхоо эрүүл мэнд, генд уламжлагдаж үлдэх эрүүл мэндийн үр дагавартай болох гэж орж ирээгүй. Шууд нэвтрүүлэг үзээд хүмүүс сэтгэгдэл бичээд эхэлж байгаа байх.

“Ерөнхийлөгч үүнийг долоон жилийн өмнө ярихгүй яасан юм бэ. Одоо л сэрч байгаа юм уу. Үүнийгээ тэр үед хэлж байхгүй яав аа” гээд бичиж байгаа байх. Зарим нь энд толгой дохиж байна. Ийм амархан мартамхай байхгүй юү, та бүхэн.

Би 2009 онд Ерөнхийлөгчөөр сонгогдоод “Улаанбаатар бол хүн амьдрахад аюултай хот боллоо” гээд Ерөнхийлөгчийн хувьд анх удаа хэлж байсан. Энэ асуудлыг хүмүүсийн анхааралд оруулна, анхаарлын төвд оруулна гэдэг ийм урт удаан хугацаатай байсан. Манай хүмүүс агаар нь жаахан сийрэгжээд, салхи гарахаар утаагаа мартдаг. Салхитай өвлийн өглөө утаагаа мартдаг. Цагаан сараа тэмдэглээд, 4,5 дугаар сар болоод, дулаараад ирэхээр утаагаа мартдаг.

УИХ-ыг шахаж байж Агаарын бохирдлын төлбөрийн хуулийг 2010 онд гаргасан. Агаарын бохирдлоос төлбөр авна гэдгийг чинь одоо ярьж байгаа юм биш. 2010 онд энэ хуулийг гаргасан. Бүр Засгийн газрыг шахаж байж, “Яндангаас төлбөр авдаг болооч. Агаар бохирдуулж байгаа объект, субъектуудтай хариуцлага тооцдог болооч” гэж байж гаргасан.

Зөвхөн Улаанбаатарт биш, НҮБ-ын Байгаль орчны асуудлаар болсон зөвлөгөөн дээр очиж Монгол Улс энэ асуудлыг тавьж байсан. Давосын жил бүхний чуулган дээр би энэ асуудлыг ярьдаг байсан. 2011 онд намайг НҮБ-ын Байгаль орчны шагналаар шагнаж байсан шүү дээ. Дэлхийн агаарын бохирдлын асуудлаар хамгийн их санаачилга гаргаж байгаа Ерөнхийлөгч гэж шагнасан. Та нар сонсоогүй байж магадгүй. Үгүйсгэдэг. Тэгэхээр ингэж эхэлж явсан юм.

Ингэж явж байж бүс нутгийн хэмжээнд, үндэсний хэмжээнд энэ асуудлыг хүмүүсийн анхааралд оруулах гэж бид нар зүтгэсэн. Үүн дээр аль аль үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүд, сэтгэл зүтгэлтэй хүн бүхэн хамтарч ажилласан.

Бүр болохоо байгаад 2011 оны 1 дүгээр сарын 14-нд ҮАБЗ-ийг анх удаа зөвхөн нийслэлийн агаарын бохирдлын асуудлаар хуралдуулсан. Тэр үед хурал хийх гэхээр “Агаарын бохирдол гээд сүржигнээд байхаар юм байгаа юм уу. Хойгуур Дэнжийн 1000, Зурагт, Баянхошуу гээд хэсэг газар л их утаа бий боллоо. Бусад газар гайгүй л байна” гэсэн л хандлагатай байсан шүү дээ.

Хэвлэл, мэдээлэл хүртэл үүнийг тоож бичдэггүй байсан юм. Тоож гаргадаг хэвлэл, сэтгүүлч, түүний хойноос явдаг хүмүүс их цөөхөн байсан. Өөр юмны хойноос л явдаг байсан шүү дээ. Юун тэр үед твиттер, фейсбүүкээр энэ тухай бичих. Тийм тухай асуудал байгаагүй.

Засгийн газар хууль санаачилъя, УИХ хууль санаачилъя гэхээр санаачлах хүн олдохгүй. Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг би Ерөнхийлөгчийн хувьд санаачилъя. Энэ санаачлах эрхийг ҮАБЗ-ийн зөвлөмжид оруулаад өгөөч гэж гуйж байж тэр эрхийг би авч байсан. Тэгээд Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг 2010 онд УИХ-ын даргаар Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд Сү.Батболд байхад оруулж хэлэлцүүлж байсан. Тэр дотор Үндэсний хороо байгуулъя гэхэд тэр хороог хариуцах хүн олдохгүй байсан. Бүр болохгүй бол Тамгын газрын даргаараа хариуцуулъя гээд П.Цагаан дарга 3 жил Үндэсний хорооны даргаар ажилласныг санаж байна уу?

Ерөнхийлөгчийн Тамгын газарт юм уу, Ерөнхийлөгчид ямар ч ийм үүрэг байхгүй. Ийм төсөв ч байхгүй. Ерөөсөө ийм санаачилга гаргах шаардлага ч тэнд байгаагүй. Гэхдээ ард иргэдийн амьдрал, байж байгаа нөхцөл байдал дээр үнэхээр ингэж манлайлал үзүүлэхээс өөр аргагүй байсан шүү дээ.

Тэгээд жил бүхэн “Энэ Үндэсний хороог Ерөнхий сайд ахладаг болооч. Засаг энэ рүүгээ анхаараач” гэсэн шаардлага тавьдаг байсан. Тэгээд 2013 оны 12 дугаар сард дахиж хуульд өөрчлөлт оруулж байж гүйцэтгэх засаглалын хэлбэр рүү шилжсэн юм. Мартсан байх даа.

“Та нар дороос нь утаагаа харахгүй бол дээрээс нь хар даа” гээд би 2010,2011 онд нисдэг тэргээр ҮАБЗ-ийн Ажлын алба, хэвлэл, мэдээллийнхнийг суулгаад Улаанбаатарыг харуулж байсан. Ямар юман дотор амьдарч байгаагаа харчих даа гэж тэгсэн. Хүн алсаас харахаар юм харагддаг юм.  Тагтан дээр гараад харахад, Зайсан дээр гараад харахад харагддаг гэдэг шиг. Тэгээд “Цэвэр агаар” сан байгуулъя гээд ажилласан.

Дутагдал бол гардаг. Ядуу иргэдийн нүүрсний асуудал, утаа гээд нөгөө талд нь ашгийн муухай үйлдлүүд явдаг. Гэхдээ л энэ чиглэлд ажил хийгдсэн. Хэчнээн олон арван мянган айл олон улсын байгууллага, төсвийн мөнгөөр дамжуулж гэрээ дулаалсан бэ. Би гэрээ дулаалж байгаа тэр олон айлаар орж байсан. Баярлаж байсан шүү. Дан бүрээстэй Улаанбаатарт өвөлжинө гэдэг хэцүү. Дал, наян мянгаараа хүмүүс авсан. Бид “Хас” банкнаас авахуулаад банкны үйлчилгээ, зээлд хүртэл оруулж өгсөн. Одоо та бүхэн 100 хэдэн мянга ч билээ, зуухны тоо сонсож байгаа. Зуух байтугай утаа саагсан юманд гал түлдэг байсан шүү дээ. Нэг хэсэг 2014,2015 оны үед арга хэмжээ аваад ирсэн. Олон улсын байгууллага, хөндлөнгийн хэмжилтүүдээр энэ энэ хэсэгт утаа буурч байна гэж гарч байсан шүү дээ. Энэ үйл ажиллагаа тогтвортой, тууштай яваагүй л болохоос биш.

Одоо бид сэрч байгаа юм биш. Утааны асуудал үргэлж миний сэтгэл зүрхэнд байсан. Өчигдөр би дарга нарт хэлж байсан. Өрөөндөө орж ирээд өрөөнийхөө ширээг та нар эмнэлгийн ширээ, эмнэлгийн ор гэж хараач. Тэр утаанаас болоод өвдсөн хүүхэд тэр ширээн дээр чинь байна гэж хар. Өрөөгөө онгойлгохдоо би эмнэлгийн өрөө рүү орж байна. Шалан дээр хүүхэд хэвтэж байна гэж хар даа та нар.

Би 6 жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар л даа” гэж хэлж байсан. Та нар мартсан байх аа. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд хийх, хэлэх ёстой үг л гэж бодож байгаа. Ингэж хэлнэ гэдэг бол хийхийн тал. Хэлнэ гэдэг бол хийхийн эхлэл. Ийм хууль гаргуулах руу шахаад, ийм зөвлөмж гаргуулах руу шахаад явна гэдэг бол үйлдлийн эхлэл. Шийдвэр чинь үйлдлийн эхлэл шүү дээ. Энэ шийдвэрийг гаргахад улстөрчид дуртай байдаггүй юм. Та нар ч энэ хурлын дараа, хоёр, гурван сарын дараа утаанаас өөр юм руу анхаарлаа хандуулж эхэлнэ. Тэгэх л юм бол энэ унана шүү.

Би энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд үг хэлж байсан. Та нар санаж байна уу? Утаатай холбоотой, “Бат-Үүл ээ, буруу рультэй машин гэж юу яриад байна” гээд. НИТХ-ыг тусад нь хуралдуулаад би орж ярьж байсан шүү дээ.

Хэдүүлээ үүн дээр аль нэгийгээ доош хийж, өмнөх ажлаа үгүйсгэж, одоо сэрлээ, бослоо гэдгээ больё. Яг утааны гамшиг бол монголчуудын өөрсдийн тарьсан гамшиг. Үүнийг ойлгооч. Тэр утаа гаргаж байгаа зуухны ард тоо суугаагүй. Хүн сууж байгаа юм. Нэг аав сууж байгаа. Нэг ээж сууж байгаа. Нэг эмээ сууж байгаа. Галаа түлж байгаа эмэгтэй сууж байгаа. Нэртэй, устай, зүстэй хүн сууж байгаа. Зуун хорин хэдэн мянган өрх, тэдэн мянган хүн л гээд байгаа. Тоо яриад байна. Түүний чинь цаана хүн сууж байгаа. Одоо бүгдээрээ хариуцлагатай болъё. Ерөнхийлөгчөөсөө эхлээд хариуцлагатай болъё л доо. Хаймар, хог хаягдал оруулж ирээд түлж байгаа иргэний сэтгэл нь өвддөг баймаар. Би нэг юм хэлэх гээд байгаа юм. Хүн ер нь юунаас болж муу үйлдлээ өөрчилдөг юм бэ? Бусад нь түүнийг мэдвэл өөрчилдөг.

Манай гудамжинд 20 айл байхад 7 нь ерөөсөө утаа гаргахгүй цахилгаанаар бүх халаалтаа шийдээд, дулаалгаа авсан гээд. Хэвлэл мэдээллийнхэн харж байгаа, очиж сурвалжилж байгаа. Тийм айл олдож байгаа шүү дээ. Хажууд нь түүхий нүүрс түлээд сууж байгаа бас арваад айл байгаа. Гэтэл 3 айл хог хаягдал, хаймар түлээд сууж байгаа.

Телевиз бүхэн Улаанбаатарын хороотой, хэсэгтэй, хашаатай, тэнд байгаа хорооны дарга нартай гэрээ байгуул л даа. Бүгдээрээ үүний төлөө ажиллая л даа. Телевиз бүхэн шөнийн дуудлагатай байя. Утсаар өгдөг дуудлагатай болчихооч дээ. Манай нутаг дээр хэн өвдөв гэдэгтэй адил та нар оч л доо. Энэ хэдэн эмчийг муулаад суугаад байхаар. Манай хэвлэлийнхэн өөрсдөө дуудлагын түргэний эмч шиг ажилла л даа. Тийм сурвалжлагчтай болчих л доо. Хэцүү байгаа юм уу, тийм ээ?

Хороо бүхэн рүү, хэсгээр нь фейсбүүкийн группээр орчихооч дээ. Хоол хийдэг, хоол сонирхдог ээжүүдийн групп байж байна. Болж байна. Гоо сайханы бүтээгдэхүүн худалдаж авдаг ээжүүдийн групп байж байна. Болж байгаа биз дээ. Та нар өөрсдөө үүсгээд хамрагддаг шүү дээ. Хороодыг бүгдийг бүртгээд оруулчих. Хүн бүртгэлд ороод мэдэгдээд ирэхээрээ үйл ажиллагаагаа зогсоодог.

Энэ худлаа болно гэж та нар бодоод байна уу. Энэ үйлдлийг хийхгүй л байгаа юм. Иргэний журамт үүрэг гэж байна. Хүн буруу, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдвэл их ичдэг. Ичсэн хүн үйлдлээ өөрчилдөг. Дээр нь иргэдэд боломж олгоё.

Иргэдийн хямд гэж үздэг Багануур, Налайхын  нүүрс бол түүхий, маш их хар утаа гаргадаг нүүрс байгаа юм. Одоо аяндаа Засгийн газар УИХ руу асуудлаа оруулна. Засгийн газар мөнгөө тавиад шийдэх хэрэгтэй. Монголд сайн чанартай нүүрснээс илүү юм байхгүй. Урагшаа угаагаад гаргана, гаргахгүй гээд хэрэлдээд байх юм. Зарим тэр угааж байгаа сайн чанартай нүүрсээ Улаанбаатартаа түлье л дээ. Манай иргэдийн гэр хороололд хэрэглэж байгаа нүүрснээс хэд дахин хямд, илчлэг нь хэд дахин илүү, хатуулагтай, утаанаас ялгардаг бодис нь хэд дахин бага байгаа шүү дээ.

Ерөөсөө 600 мянган тонн нүүрс л Улаанбаатарынхан түлж байгаа. Зургаан сая, 12 саяар нь зөөдөг биз дээ. Төвлөрсөн цахилгаан станцууд саяар яригдах тонн нүүрс түлдэг. Гэр хорооллын хэрэгцээ тийм их биш. Шийдэхийн аргаүй асуудал энэ бол биш. Тавантолгойн нүүрсийг Даланжаргалан, Хар-Айраг, Чойр руу машинаар зөөж ирээд наашаа төмөр замаар зөөхөд хөнгөлөлт үзүүлээд, тийм аж ахуйн нэгжүүдтэй ажиллая. Тавантолгойн тэр яриад байгаа тендэрийн нөхцөлд оруул л даа. Өмнө нь үүнийг оруулаад, шийдээд бүх зүйлийг хийгээд явж байсан шүү дээ. Нүүрснээс их юм байхгүй. Монгол газгүй орон гэдэг. Нүүрс байгаа газар метаны хий байдаг. Тэр метаны хийг нааш нь тат л даа. Түүнийг савлаад оруулаад ир. Түүнийг хоолойгоор татахад асуудал байхгүй.

Хүн үүнийг сэтгэл зүрхэндээ аваад юм хийе, үйлдэл хийе, үр дүн гаргая гэвэл шийдэхэд хүнд асуудал биш. Ийм зүйлийг та нар шаардахгүй байна шүү дээ. Ийм юмны талаар манай олон нийтийн оюун санааны манлайлагч нар олж харахгүй байна шүү дээ.

Хүний билгийн нүд яагаад нээгддэггүй вэ гэхээр сэтгэлийн нүд чинь нээгдэхгүй байна. Сэтгэлийн нүд яагаад нээгдэхгүй байна гэхээр сэтгэл, зүрхээрээ зовохгүй байна. Зовж байж магадгүй. Гэхдээ шийдэл хаана байна?

Бүгд л зовж байгаа. Ийм хэмжээнд бид энэ асуудлыг оруулж ирж байж өнөөдөр ярьж байгаа юм. Би Ерөнхийлөгчийн хувьд үнэхээр ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаж, үүний газрын зургийг тодорхойлж явах хэрэгтэй болж байгаа.

Зөвлөмж, гарах арга хэмжээнүүдийн талаар би та бүхэнд тодорхой танилцуулна.

Эхний ээлжинд бүгдээрээ нэг нэр томъёо тогтож авмаар байгаа юм. Өчигдөр ҮАБЗ-ийн хурлаар гурван асуудлаар Монгол Улсын шийдвэр гаргадаг дээд түвшний бүх байгууллага, албан тушаалтнууд маш тодорхой ойлголттой, нэг байр суурьтай боллоо. Энэ бол их зөв.

Нэгдүгээрт, Улаанбаатарын агаар, орчны бохирдлыг гамшгийн түвшинд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх. Нэгэнт гамшиг гэж үзэж байгаа бол гамшгийн бүс дээр тодорхой үйл ажиллагаа явуулна. Газар хөдлөөд, өөр юу байдаг юм, гамшигтай үйл ажиллагаа болоход  хязгаарлалтын бүс тогтоодог шүү дээ. Энэ бүсээ тодорхойл. Энэ ажил руу Улаанбаатар хот, Засгийн газар, яамд хамтраад орох хэрэгтэй. Нэгэнт гамшгийн бүсээ тодорхойлсон бол тэнд хориглох, хийх үйлдлээ тодорхойлно. Энэ нь өөрөө эрх зүйн үр дагавартай.

Тэгвэл шилжин ирэлтийг хориглох юм байна. Одоо хориглох үндэслэлтэй болчихож байгаа юм. Үүнийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр тодорхойлоод өгчихлөө. Эрхзүйн үндэс нь тавигдлаа. Бий боллоо. Дараа нь энэ чиглэлээр хуульд өөрчлөлт орно. Шилжин ирэхгүй, яндан нэмэхгүй, хог хаягдал шатаахгүй. Одоо эндээс үр дагавар гарч ирнэ. Тэр гамшгийн бүсэд гамшиг нэмэх үйл ажиллагаа явуулж байгаа бол хариуцлага тооцох үр дагавар гарна. Манай олон нийт бүгд шаардаж байгаа. Энэ үндсийг бий болгож өгч байгаа.

Хоёр дахь, хамгийн сайн шийдсэн зүйл бол нэгэнт гамшгийн бүс гээд зарлачихсан юм бол Засгийн газраасаа авахуулаад хот, ажил хариуцаж байгаа хүмүүс онцгой горимоор ажиллая. Гамшгийн бүс онцгой горимоор ажилладаг шүү дээ. Түүнээс биш өглөө 8 цагт ирээд, орой 8 цагт буцаад юм уу, зүгээр нэг шийдвэр гаргаад, төсвийн хэдэн төгрөгөө тараагаад, өрөөндөө орж ирж хар цай ууж компьютер дээрээ сошиал медиа руу ороод л, утсаа маажиж сууж байгаад явдаг биш. Албан тушаалтнууд наад зах нь бүгдээрээ  онцгой горимоор ажилладаг болъё гэж байгаа.

Нэгэнт  онцгой горимоор ажиллая гээд гамшгийн бүсэд бид бүгдээрээ орж байгаа учраас аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллага, хот, иргэд бүгд ийм болъё. Одоо онцгой байдлаар ажилладаг бүтцээ бий болгоё. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж байдаг. Үүний нэрийг өөрчилье. Нэрнээс үйл ажиллагаа нь явдаг. Яаж өөрчлөх нь ҮАБЗ-ийн зөвлөмжид тусчихсан. Орчны бохирдлын асуудлаарх онцгой байдлын Үндэсний хороо гэж нэрлэнэ. Үүнийг Ерөнхий сайд ахалж байгаа. Нэгэнт онцгой байдлын Үндэсний хороог ахалж байгаа бол Засгийн газраас гарах бүх үйл ажиллагааны тэргүүн эгнээнд орчны бохирдлын асуудал босч ирэх ёстой. Төр ингэж ажиллах ёстой. Энэ ойлгомжтой байхгүй бол бидний ажил цаашаа явахгүй. Нэгэнт онцгой байдлын горимоор ажиллах болсон учраас иргэд хариуцлагатай болно.

“Би эрхтэй” гэж энд ардчилал ярихаа больё. Гамшгийн бүсэд ардчилал яриад байх юм байхгүй шүү дээ. Мэдэгдэл хийгээд “Би ингэж бодож байна. Чи ингэж бодож байна” гээд улс төр хийгээд байх юм байхгүй. Тодорхой эрхүүд хязгаарлагдана. Төрийн зүгээс шийтгэл хүлээлгэнэ. Үндэсний хорооны шийдвэр биелүүлэхгүй бол шийтгэл хүлээлгэх эрхтэй болчихож байгаа юм. Түүний дагуу хууль, шүүхийн байгууллагууд тэгж ажиллах эрхтэй болно.

Эндээс ашиг хийх гэсэн, үүний цаана нураах гэсэн хандлага гарч болно. Манайд юмыг нураахаас биш, юм бүтээнэ, асуудлыг шийднэ гэж явдаг сэтгэхүй их дордсон шүү дээ. Энэ бол нэлээд удаан хугацааны ажил. Нэлээд хэцүү, байнга хийх ажил. Эрхзүйн орчин бүрдүүл гэдэг нь хуулиа, бүх орчноо энэ рүү оруул гэж байгаа юм.

Гамшгийн түвшнээ тодорхойлно. Гамшгийн түвшин гэхээр ийм үр дагавар гарна гэх мэт болгоомжлолууд бий. Үүнийг нураах арга бол мөнгө төгрөг нэхдэг, ямар нэг байдлаар үүнийг ашиглах гэсэн хандлага гарвал энэ нурна шүү. Үүнийг битгий хийж үзээрэй. Эхлээд утаанаасаа салъя.

Өчигдрийн хурлын мэдээг сонсоод хүмүүс ингэж ярьсан. Утаанаас л салгаж өгч байвал ямар ч ажлыг дэмжсэн яах вэ гэж байгаа. Тийм биз дээ?

Миний хүүхэд утаагүй орчинд амьдрах боломж бүрдэж байвал юун тэр мөнгө цаас, юун тэр нөхөн олговор. Хүүхдийн мөнгө төгрөг, эхчүүдийг тэгье, ингэе гэх зэрэг. Тийм биз дээ, ер нь?

Зарим нэг арга хэмжээ авч болно. Гэхдээ энэ рүүгээ хазайдаг шүү, манайхан. Ингээд энэ чинь юу ч биш болно.

Гурав дахь гол ярьсан зүйл бол нэгэнт гамшгийн бүс зарлалаа. Онцгой горимоор ажиллана. Гамшгийн бүсээс яадаг вэ? Нүүдэг. Нүүлгэн шилжүүлэлт хийдэг. Тэр бүсээс хүмүүсээ гаргадаг. Аюултай орчноос аюулгүй орчин руу нүүнэ. Энэ дээр дөрвөн уулын дундаасаа гарч сэтгэмээр байгаа юм. Монголын хэмжээнд сэтгэ л дээ.

Би хэзээ ч Ерөнхийлөгчийн хувьд, Ерөнхийлөгч болоод хэлж байгаагүй. “Улаанбаатар амьдрахад сайхан байна. Хүрч ирээч” гэж би хэзээ ч хэлээгүй. “Улаанбаатар амьдрахад аюултай хот боллоо шүү. Улаанбаатар руу битгий зүглээрэй” гэж би хэлж байсан. Би энэ үгийг 6 жилийн өмнө, 7 жилийн өмнө хэлж байсан. Аюултай орчноос нүүж гардаг юм. Хүмүүс аятайхан газар амьдарна. Хүүхэд сургуультай болно. Боловсролтой болно. Эрүүл мэндийн байгууллагад дөхөж байна. Хэдэн хүүхдээ бараадаж байна гээд ирсэн чинь хүүхэдтэйгээ хамт гамшиг руу, тахлын голомт руу ороод ирж. Утааны тахлын голомт руу ороод ирсэн байна.

Та нар утаа гэж бодоод байх юм. Улаанбаатар 100 гаруй жил энд байрлаад, гэр хороолол үүсээд, задгай жорлонгоор хөрс бохирдсон. Хөрс бохирдохоор ус бохирдож байгаа юм. Цаашаа дахиад 30-60 жил нөхөн сэргээлт хийхгүйгээр дахин бүтээн байгуулалт хийх тухай асуудал байхгүй. Яг энэ орчинд бол. Үүнийгээ одоо ойлгомоор байна. Улаанбаатарыг тойрч байгаа аймаг, сумд нүүлгэн шилжүүлэлтэд бүгд оролцмоор байгаа юм.

Би хэлээд байгаа юм. Улаанбаатарын газрын цэсийг Төв аймгийн газрын цэсээр тогтоомоор байна. Одоо манайд сумд хилийн цэс гэж аваад, аймаг хилийн цэс гэж аваад гаднаас орох гэхээр бөөн мөнгө нэхсэн, тийм л байгаа.

Монгол юугаар баялаг орон бэ? Нэг хүнд ногдох газар, нутгаараа шүү дээ. Үүнийгээ л ашиглая л даа. Төв аймгийн сумд шийдвэр гаргаад, газраа зааж өгөөд, энд ирээд эмнэлэг барь. Энд ирээд аж ахуйн нэгжээ байгуул. Энд ирээд үйлдвэрээ байгуул. Энд ирээд үйлчилгээгээ байгуул. Энд ирээд худалдаагаа хий. Манай газар 15 жил, 20 жилээр үнэгүй гээд аймгууд уралдаж байх хэрэгтэй. УИХ-ын ордныг энд ирээд барь.

Энэ миний санал байсан. ҮАБЗ-ийн шийдвэр дээр жаахан хойшлуулъя гэсэн. Санал яг тохирч гарын үсэг зурдаг учраас тэгсэн. Энэ асуудлыг 2005 онд би Ерөнхий сайд байхдаа гаргаж, Хархорум хотыг жишиг хот болгон хөгжүүлэх тухай Үндэсний хөтөлбөр гэж санаачилж оруулж байсан.

Тэр үеийн УИХ-ын дарга Н.Энхбаяр захирамж гаргаж, бид хоёр хамтарч ажиллаж, Хархорум хотод жишиг хот байгуулах суурь тавьж, Соёмбын хөшөө барьсан. Та нар мэдэх байх. Газрыг нь гаргаад, цэсийг нь тогтоогоод, бүх юмыг нь хийсэн шүү дээ.

Нүүх цаг болсон. Улаанбаатар руу чихэж болохгүй гэдгийг аль 12-13 жилийн өмнө төрийн дээд түвшинд, Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа ажлын хэсэгт ороод, манлайлаад хуулийг нь аваад явдаг байсан.

УИХ дээр орж ирээд, улстөржиж ярьж байгаад шийдэж чадалгүй нээлттэй орхисон асуудал. Та нар бод доо. Одоо хийх цаг болсон.

Үнэхээр л улстөрчид эр зоригтой юм бол УИХ хуралддаг ордон Улаанбаатарын төвөөс гарахад маш олон зүйл гарна. Маш олон зүйл эрүүлжинэ.

Ер нь хамгийн том төвдөө биш, засаг захиргааны төв нэгжүүд байдаг хотууд цомхон байдаг ийм чиглэл рүү хүн төрөлхтөн явж байгаа. Аливаа үндэстэн нүүлгэн шилжүүлт, шилжилтийг боломж гэж хардаг. Яагаад боломж гэж хардаг гэхээр ийм том төсөл гаргаж ирэхээр бизнес бүхэн, хүн бүхэн оролцдог, улсын эдийн засаг тэлдэг.

1990 оны хувьсгалаар зах зээлийн эдийн засагт орсон болохоор Монголын эдийн засаг тэлсэн. Кеннеди Ерөнхийлөгч сар руу манайх ниснэ гэж хэлсэн. Түүнээс хойш АНУ-д гарсан шинэ нээлтийн 70 хувь нь сар руу ниснэ гэсэн тэр мөрөөдлөөс шалтгаалж, шинжлэх ухаан, улс орны эдийн засаг нь тэгж сэргэж байсан байдаг юм.

Нийслэлээс төрийн захиргааны төв байгууллага нүүнэ. Шаваа тавьж эхлэлээ гэдэг чинь л тэр рүү явах зам баригдаад эхэлнэ, төмөр зам баригдана, дэд бүтэц баригдаад эхэлнэ. Түүний цаадах нь бүгдээрээ бизнес юм. Бүгдээрээ боломж , ажлын байр юм.

Яг үнэндээ Улаанбаатарт хүмүүс цуглаад байгаа нь ажлын байрны төлөө юм. Гараад тамхи ширхэглэсэн ч гэсэн хүн  нь олон юм даа гэж ирж байгаа. Сумын төв дээр тамхи ширхэглэх юм бол авах хүн цөөхөн. Тэгэхээр тэр хүмүүс ажлын төлөө, мөнгөний төлөө ирж байгаа юм. Орлогын төлөө, амьдрахын төлөө шүү дээ.

Одоо Улаанбаатарт хөрөнгө оруулалт хийх биш, Улаанбаатараас уралдаж гарахад хөрөнгө оруулалт хийх энэ уралдааныг л бий  болгох хэрэгтэй. Тэр урамшууллыг бий болгох хэрэгтэй. Дотоодын хөрөнгө оруулалт явж байгаа. Та бүхэн мэднэ, Улаанбаатарын эргэн тойронд амралт сувиллын газар хэчнээн олон болж байна. Жирэмсэн эхчүүд, хүүхэдтэй хүмүүс тэр рүү очиж байгаа. Булган аймгийн нутаг, Хэнтий аймгийн нутагт, олон газар иймэрхүү зүйлүүд байгуулагдсан.

Тэртэй тэргүй тэлээд явж байгаа ухаантай шиг, ухамсартай, билгийн нүдтэй Засаг дарга, аймгийн, сумын Иргэдийн Хурал аль дээр үед үүнийг олоод харчихсан байгаа. Түүнийг л ярь л даа. Монголын хэмжээнд харъя. Ийм уудам нутагтай байж гурван хүний нэг нь хордоод сууж болохгүй.

Би бас нэг юм хэлье. Авлига Монголыг муухай харагдуулж байна гэж би хэлдэг байсан. Утаа бол Монголыг муухай харагдуулдаг яг адилхан хүчин зүйл.

Улаанбаатарын хөрөнгө оруулалт гээд засаг ярьж байгаа биз дээ.Энд ирээд ямар гадаадын хөрөнгө оруулагч амьдах юм бэ? Хүүхдийн эмнэлэг, бүх дэд бүтцээ хардаг шүү дээ. Эрүүл амьдрах аргагүй газар шүү дээ. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар үр ашигггүй хот болчихсон. Үр ашиггүй гэхээр хөрөнгө оруулалт хийгээд хийгээд нэмэргүй. Улаанбаатар ирээдүйгүй хот болж байгаа юм. Эндээс  үр дүн гарахгүй, ирээд амьдарч байгаа хүмүүс нь хордоод байгаа.

Та бүхэн бодож магадгүй, гэр хороололд хордлого яваад байна гэж. Энэ агаарын олон жилийн исэл чинь Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн ам, бүх газар очиж байгаа. Бүгд энэ хордлогыг авч байгаа. Утаанаас гадна нарийн харагдахгүй байгаа агаарын исэл чинь зун хадгалагдаад байгаа юм.

Бас нэг гай нь Улаанбаатарын эргэн тойрны ногоон байгууламж агаарын бохирдлыг шүүж чадахаа байсан. Одоо энэ моднууд өнгө нь ногоон боловч үхсэн мод болсон. Шүүх чадваргүй болсон. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатарын уушги, байгаль өөрөө хүчрэхээ больсон. Хүн нь биш, байгаль өөрөө хүчрэхээ больсон.

Ийм юмыг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд бодож байж ийм үг таны толгойд ордог. Тийм биз дээ. Бодохгүй бол саяын яриад байгаа зүйл орохгүй. Үүгээр дамжуулж бид төрийн байгууллагуудыг цочроох хэрэгтэй.

Улаанбаатараас хамгийн түрүүнд гарч болох Засгийн газрыг үргэлж шахаж байгаа. Өчигдөр би Зам, тээврийн сайдтай уулзаж хэлсэн. Улаанбаатарын өмнүүр явж байгаа төмөр замаа маш хурдан тавих хэрэгтэй. Улаанбаатарт төмөр замын бөглөө алга болох ёстой. Төмөр замын дагуух маш олон агуулах, тэрийг дагасан худалдаа үйлчилгээ бүгд гарах гээд байгаа юм. Түүнийг Чойр, Богд уулын урд руу төвлөрүүлэх ёстой. Тийм төвлөвлөгөө бэлэн байгаа юм. Энэ ажлаа маш хурдан хий. Маш их юм гарна.

Төрийн захиргааны төв байгууллагууд, төмөр зам дагасан дэд бүтцүүд, мөн их дээд сургууль гэж байнга ярьдаг. Хөөрхий, хэдэн оюутнаа хөөгөөд байдаг. Гэхдээ орчин бий болгоод наад зах нь газрыг нь тэр аймгууд гаргаад өгчих л дөө. Улаанбаатарын тэлэлтийн бүсүүд дээр гаргаад ир л дээ. Их дээд сургуулиудын түвшинд ямар нэг хөрөнгө оруулалт хийхийг бүрэн зогсоох хэрэгтэй. Би нэг юм хэлээд байна. Ойлгож байна уу? Энэ Улаанбаатарт байгаагаа л додомдъё. Барьснаа л додомдъё.

Нэмж энэ рүү хөрөнгө оруулалт хийхээ боль. Хийвэл Улаанбаатараас гадна хийе гэж хэлээд байна. Түүнийг Засаг төр нь урамшуулах хэрэгтэй. Энэ чиглэлд хууль дүрмээ гаргая, бодлогоо явуулья, та бүхэн шаардлагаа тавь гэж хэлье.

-Асуулт байна уу?

Gogo.mn сайт сэтгүүлч Ариунбилэг: -Таны ярьсныг ерөнхийдөө сонсоод дүгнээд үзэхэд та өнөөдрийг хүртэл их мундаг ажлууд хийж иржээ. Гэхдээ өнөөдрийн энэ үүсээд байгаа нөхцөл байдал бол үеийн үед АН, МАН энэ хоёр намын улс төрийн  эрх баригчид юу ч хийгээгүй. Монгол Улсын хэмжээний бодлого стратегийн бодлого байгаагүй. Яагаад 21 аймагт бүсчилсэн хөгжил бий болгоогүй юм. Яагаад хөдөөнөөс хот руу шилжих тэр нөхцөлийг улс төрчид бий болгочихсон юм. Яагаад өнөөдөр 1,3 сая хүмүүсийн амьдрал энэ гамшгийн хэмжээнд оччихсон юм бэ? Ултөрчдийн шийдвэр л миний бодлоор ийм байдалд хүргэчихлээ гэж харж байна л даа. Таны яриад байгаа зүйлс өнөөдрийг хүртэл биелээгүй шалтгаан юу байсан гэж та үзэж байгаа вэ?

Ерөнхийлөгч: -За баярлалаа. Шүүмжлэлийг хүлээж авалгүй яах вэ. Монгол өөрөө нээлттэй нийгэм. Энэ бол Ерөнхийлөгч юм уу, нэг хүн, нэг гэр бүл удирддаг нийгэм биш. Монгол өөрсдийнхөө сонгож авсан замыг ойлгох хэрэгтэй. Монгол Улсын иргэн санаачилгатай, иргэд нь оролцоотой байж явдаг улс.

Тэгэхээр би түрүүн нэг юм хэлсэн. Бие биенийхээ ажлыг үгүйсгэх хэрэггүй. Энэ чиглэлд гарч байгаа санаачилга бүхнийг дэмжиж, тойрч ажиллая. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэдгийг 2015 онд оруулаад, Монгол Улсыг дөрвөн бүс болгоно гээд УИХ дээр тэр үзэл баримтлал шийдэгдээгүй юм. Гэхдээ дандаа ийм ажлууд хийгдэж, явагдаж байсан.

Энэ тухай ярихаа больё. Зөвхөн утаа. Энэ дээр шүүмжлэх зүйл байвал надад сонсоход асуудал байхгүй. Энэ бүхнийг хүмүүсийн анхааралд оруулна, улс төрийн шийдэл гаргана гэдэг бол ард түмнээс л шалтгаалах зүйл. Иргэд үүнийг шаардахгүй бол ганцхан төр, засгийн юм уу, албан тушаалтны санаачилгаар явдаг зүйл биш болсон. Тэгэхээр энэ дээр хамтарч ажиллах хэрэгтэй.

Манай хэвлэл мэдээллийнхэн, зүгээр л захын уулзсан хүмүүс маш зөв саналууд хэлсэн. Манай телевиз дуудлын үйлчилгээг бий болгоно. ҮАБЗ-ийн зөвлөмж гээд ийм газрын зураг гарч байгаа юм байна. Үүн дээр нэг сая лайк цуглуулъя. Нэг сая иргэдээр дэмжүүлье. Энэ бол иргэдийн хамгийн их дэмжиж байгаа үйлдэл, шийдэх ажил гэж үзэж байгаа юм. Ийм хүмүүс зөндөө гарна. Сайн санаатай, энэ үйл ажлыг дэмжиж оролцох хүмүүс маш их байгаа. Сайн үйлст нэгдээд цаашаа явах байх.

Юманд заавал нэг өргөлт хэрэгтэй байдаг. Магадгүй, бидний ярьж байгаа нь тэр өргөлт рүү аваачиж байгаа юм. Ахиад нэг нөхцөл байдлыг үнэлж үзээд цаашаа явна.

Өнөөдрийн энэ хуралд УИХ-ын Байгаль орчин, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ц.Гарамжав сууж байгаа юм. Утааны асуудлаар дэд хороо гэж байгуулагдсан. Батсуурь дарга байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол сууж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газар дээр О.Чулуунбилэг зөвлөх байгаа. Бүх санаа оноон дээр бид суугаад ажиллана. Ерөнхийлөгчийн Тамгын газар ч гэсэн хийж байгаа ажлууд дээрээ нэмж ажиллана.

ҮАБЗ-ийн ажлын алба нэмээд энэ судалгаануудыг дэмжье. Бүх газар, айл бүхэн, хүн бүхэн, би хувь нэмэр оруулж чадах юм байна. Зарим нэг бохирдол үүсгэж байгаа хүмүүс би үүнээс татгалзаж болох юм байна гэж тэр хүмүүст сонголт гаргаж өгье. Би бол хатуу үг сонсож сурсан хүн. Хатуу үг, гомдол, доромжлол, тэр бүхний өмнөөс ерөөсөө гомдоллодоггүй. Тиймээс үүнийг сонсоод, зөв юмаа хийх алхам руу явна. Дараа дараачийн удаа хэн, юу хийх болсноо та бүхэнд танилцуулахад бэлэн байх болно.

HD Монгол ТВ сэтгүүлч Э.Лхагва: -Өнөөдөр мэдээлэл хийж байгаад баярлалаа. Олон хэлэлцүүлгүүдээр Агаарын  бохирдлын Үндэсний хорооны нарийн бичгийн дарга нар хот болон Засгийн газрын хүрээнд энэ жилээс төсөв танагдана гэсэн. Дөнгөж саяхан 12 дугаар сарын 13- нд Азийн хөгжлийн банкнаас Бээжин, Тяньжин, Хэбей мужийн агаарын бохирдлыг  бууруулах байдлаар 458 сая еврогийн хөнгөлттэй зээл аваад, доноруудын мөнгөөр өөрсдийнхөө агаарын бохирдлын асуудлыг шийдэж байна. ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийг илүү урт хугацааны төлөвлөгөө болгоод, бид олон улсын дэмжлэг авах боломжийг та юу гэж харж  байна вэ?

Ерөнхийлөгч: -За баярлалаа. Өчигдөр бид хэвлэл мэдээллээр мэдээлэл гаргаагүй шүү дээ. Гэтэл хамгийн анх Синьхуа агентлаг мэдээлж байгаа юм. Улаанбаатар хотод гаднаас ирэх шилжилтийг агаарын бохирдлоос болоод зогсоосон байна гэж мэдээлсэн. Лондон хотод байдаг цэвэр агаар гээд олон улсын төв байдаг юм. Тэндээс шууд наашаа утасдаж байгаа юм. “Танайд ийм санаачилга гарлаа гэж байна, хаанаас гарав” гээд. Энэ санаачилгатай хамтарч ажиллая. Яг саяын хэлж байгаа шиг ийм боломжууд байдаг.

Хамгийн гол нь монголчууд өөрсдөө манлайлаад, төр засаг нь үйл ажиллагааныхаа хамгийн тэргүүн чиглэл ач холбогдол өгч байж бид бондоо төлөх гэж байгаатай адилхан, эдийн засгийн хүндрэлээс гарах гэж байгаатай адилхан, утааг эн зэрэгцээ тавьж байна. Магадгүй энэ асуудлыг бүр өмнө нь тавьж байна гэвэл энэ үйл ажиллагаан дээр санаачилгууд ороод ирнэ. Тэгэхээр бас нэг юмыг битгий мартаарай. Нөгөө иргэдийн нэг нэгнээ шүүмжилж, хурцалж, урагш түлхдэг ажлаа мартаж ерөөсөө болохгүй. Гаднаас ийм мөнгө орох гэж байна. Тэндээс ийм зээл бүтэх гэж байна. Тэр рүү яаж орж ажиллах вэ гэсэн сэтгэхүй рүү орвол энэ ажил унана. Хамгийн хэцүү ажил бол үүнийг ярьж, хэлж, хүмүүсийн анхаарал руу оруулж барьж өгөх л хэцүү ажил.

Олон улсын мэдээллийн хэрэгсэл хүчтэй болсон шүү дээ. Телевизүүд, мэдээллийн агентлагууд англиар орчуулаад гаргаж байгаа. Ингэхэд ҮАБЗ-ийн зөвлөмж ил байгаа. Та бүхэн бүгдээрээ хуулбарлаад, аваад, тараагаад, мэдээндээ ашиглаад явж болно. Ерөөсөө асуудал байхгүй. Энэ бүхнийг гаргаж дэлхий нийтээрээ анхааръя. Илүү ч анхаарч байгаа.

Утаатай холбоотой энэ асуудал НҮБ дээр гарсан, Парист гарсан том шийдвэрүүдтэй бас холбоотой. Одоо энд сан байгуулагдаад  мөнгө нь гараад явна. Утааны оронд би нэг юмыг дэмжих хэрэгтэй гээд байгаа юм. Зарим аж ахуйн нэгжүүд хажуудаа байгаа цэцэрлэгээ газрын гүний дулаанаар халаадаг болчихсон шүү дээ. Энэ бол асар том шийдэл. Уурын зуухаа хасаад, газрын гүний дулаанаар халаах юм бол түүний зөрүү мөнгийг шийдэх олон улсын санхүүгийн байгууллага, Д.Оюунхорол сайд, байгаль орчны байгууллагууд гээд шийдлүүд байгаа. Эндээс гаргаад, банкаар дамжуулаад санхүүжүүлж болно. Би жишээлбэл, гэрийнхээ цахилгааныг шийдэхийн тулд жижигхэн цахилгаан үүсгүүр тавиад, эсвэл нарны цахилгаан үүсгүүр тавиад, манай гэрээс илүү гарсан цахилгааныг нийтийн цахилгаан руу холбочихдог эрх зүйн үндэс бүрдмээр байгаа юм. Цахилгааны асуудлаа ингэж шийдсэн маш олон айл байдаг. Гэрийн дулаан хангалттай байгаа зарим айл “Гэр халуудаад би хаачихсан” гээд сууж байдаг.

Гэрийн дулаан нь илүү гарвал дулааны шугам руу холбочихдог, түүнийхээ төлөө тодорхой хэмжээний мөнгө авдаг байвал, айлууд цахилгаан дулаанаа ингэж шийддэг бол, дэлхий нийтийн хандлага ийм болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ суурь руу оруулж өгье. Үүн дээр монголчууд хоцроод, нэг нь үлдээд байгаадаа биш юм. Нийтдээ ийм хандлагаар явж шийднэ. Энэ маш чухал санал хэрэгжүүлэхийн төлөө явна.

NTV телевиз. Сэтгүүлч Ууганбаяр: -Нэгд, Ардчилсан Ерөнхийлөгч утаатай тэмцэхийн тулд Улаанбаатарт ардчилал ярихгүй байх боломжтой гэсэн өнцөг сая гарлаа л даа. Үндсэн хуулийн заалт талаасаа ямар байдаг юм бол. Нөгөө талаас, өчигдөр ҮАБЗ-ийн санал гарсны дараа иргэд хотын татварыг өндрөөр тогтооё бусад орны жишгийг дагая гэсэн санал гаргаж байна лээ. Үүнийг хэрэгжүүлэх боломж байгаа болов уу?

Хоёрдугаарт, агаарын бохирдлыг бууруулахад утаагүй түлш, утаагүй зуух гэх мэтэд 130 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэсэн яриа байна. Үүнийг эхлүүлсэн ажил бол мэдээж ЕТГ-ын даргаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо зургаан жилийн өмнөөс эхлэн явсан. Энэ хорооны ажил хэр үр дүнтэй байсан гэдэг дээр өнөөдөр Ерөнхийлөгч ямар дүгнэлт хийж байгаа бол?

Ялангуяа сайжруулсан зуух гэхэд 90 мянган айл өрх байна гэж ярьж байна.  Иймэрхүү алдаатай бодлогыг цаашид үргэлжлүүлэх шаардлага байна уу? Үүнийг яагаад асууж байна гэхээр алдаатай бодлогын үргэлжлэл цахилгаан халаагуур болж хувирах гээд байна. Одоо хүн бүр цахилгаан халаагуурыг гаднаас оруулж ирж байна. Найдвартай найдваргүй нь мэдэгдэхгүй баахан халаагуурын сурталчилгаа эхэлчихлээ.

Өчигдөр Ерөнхий сайд гэр хорооллоор орж цахилгаан халаагууртай айлд очсон, 50 мкв-ийг 70-80 мянган төгрөгөөр халааж чадаж байна гэсэн. Бодит байдал дээр 200-350 мянган төгрөгөөр халааж дийлэхгүй байна. Үүнийг өөрийн бодит жишээн дээр асууж байгаа юм.

Ерөнхийлөгч: -Алдаатай ажил байсан гэж байна. Тэгэхээр нэг юм байгаа юм. Нээлттэй нийгмийн ач энэ байдаг. Алдаатай бодлого гэж үзсэн бол тэнд алдаа гарсан байж болно. Оноотой юм юу байсан юм, түүнийгээ л цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэр бүх ажлыг үгүйсгэж, зогсоож бас болохгүй. Миний нэг хэлэх гээд байгаа юм бол энэ хэдийд амжилтад хүрэх вэ гэхээр хамгийн гол нь төр зөвлөмж гаргаад, Засгийн газар Үндэсний хороо байгууллаа. Одоо бүгдээрээ системтэй ажилладаг болмоор байна. Манай албан тушаалтнууд боломжтой гэдэг юм уу, хүмүүс дэмжиж байгаа хандлагатай ганц нэг асуудлыг барьж аваад, үүнийг хийнэ гээд ерөөсөө системгүй яваад байдаг. Системтэй, төлөвлөгөөтэй, дэс дараатай, удаан хугацаанд энэ ажил явж байж зөв үр дүнд хүрнэ.

Үүнийг тээгчид нь хийх хэрэгтэй. Төр хамгийн гол нь хийх хэрэгтэй. Төрийг та бүхэн шүүмжлэх бүрэн эрхтэй. Бүх шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Үндэсний хороо өмнө хийж байсан ажлынхаа алдаатай гэж үзсэн зүйлээ орхиод, сайжруулаад, дахиад нэмээд олон зүйл хийгээд явна. Болох байх.

Хотын татвар гэлээ. ҮАБЗ-ийн зөвлөмж гараад, энэ зөвлөмжийн дагуу хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал орж ирэх байх. Гэхдээ энд дандаа сонголтууд байх хэрэгтэй. Иргэдийн амьдрах, нүүх, орон байранд орох гээд сонголтууд. 30 000 байр эзэнгүй байж байгаа шүү дээ.

Дээр үед улсын орон сууц гэж байдаг байсан. Векселээр солиод, тэр байрныхаа бага кв.м-т шилжиж орох гэх мэт Барилга хот байгуулалтын яам, хот энэ чиглэлээр ажлаа хийгээд явж болох байх. Бизнесийг дэмжсэн маш олон боломжууд байгаа. Улаанбаатарыг тойруулаад зам тавьдаг, нийлдэг гэх мэт ажлууд дээрээ судалгаагаа хийгээд, өөрөөр хэлбэл, бүх ажил, бүх байгууллагууд дээр, бүх сайдуудын анхааралд зэрэг орох хэрэгтэй. Ганцхан Д.Оюунхорол сайд анхаардаг биш, ганцхан хариуцсан байнгын болон дэд хороодын хариуцсан ажил биш. Энэ хүмүүс чиглүүлж өгөхөд тусалдаг, тэр бодлогыг системтэй барьж явахад тусалдаг хүмүүс шүү дээ. Тэгэхээр хотын татвар, бүх зүйлээ Үндсэн хуулиар баталгаажуулаад гаргачихсан байгаа.

Одоо бид өөртөө наасан дүрэм дээрээ итгэж явдгаа больчих хэрэгтэй. Тийм Ерөнхийлөгч, ийм Ерөнхийлөгч гээд. Ц.Элбэгдоржоос шал өөр дүр гаргачихаад,  түүн рүү нөгөө зүйлүүдээ аваачиж чихээд байдаг шүү дээ. Сайн дүр ч бай, муу дүр ч бай татгалзах хэрэгтэй.

Би үүн дээр хүний амьд явах эрх яригдаж байгаа учраас тэр амьд явах эрх чинь нэгдүгээрт тавигдана. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх тавигдана. Улаанбаатарт ирээд амьдраад өг гэж байгаа юм биш. Эрүүл, аюулгүй орчинд, өөр газар амьдрах эрх чинь нээлттэй, миний ард түмэн гэж хэлнэ.

Та бүхэн ч гэсэн тэгж ойлгож байгаа байх. Өөр хотод, өөр суманд, өөр газар амьдрах эрх нээлттэй шүү. Энэ дээр хязгаарлалт байхгүй. Гамшгийн бүс гэдгийг би сая тайлбарлачихлаа.

МҮОНТВ. Сэтгүүлч Хулан: –Дөнгөж нэг сарын өмнө би Хэнтий аймагт яваад ирсэн. Таны 2013 оноос хойш хэрэгжүүлсэн орон нутгийн хөгжлийн сангийн  асуудлаар сурвалжлага бэлтгэсэн. Тэнд юу ажиглагдсан бэ гэхээр таны сая ярьсан Улаанбаатар хотод ингэж олуулаа амьдрахгүй байх  гарц юу байна. Орон нутагт яаж амьдрах вэ гэхээр орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө байдаг. Эдийн засагт нь нэмэртэй байсан учраас 2011 онд 13 сумын хэмжээтэй хүмүүс нийслэлд нүүж ирж байсан бол одоо тэгж нүүх нь харьцангуй гайгүй болсон байна. Гэтэл өнгөрсөн онд 7 тэрбум төгрөг энэ сангаас шийдэгдэж байсан бол энэ жил 2 тэрбум гэх мэтээр цааш цаашдаа энэ мөнгө буурах юм шиг байна.

Хөдөөд амьдар гээд байгаа мөртлөө тэнд хуваарилагддаг мөнгө ингээд бага болоод байхад яаж тэнд амьдрах вэ? Тэгээд Улаанбаатар хот руу битгий нүү, утаатай байна, хэцүү байна гэхээр хөдөөгийнхөн хэцүү байдалд ороод байна. Үүн дээр таны байр суурь ямар байна? Орон нутгийн хөгжлийн сангийн хууль шийдэгдэх үү? Энэ бол хамгийн ойр хийж болох гарц санагдаад байгаа юм.

Ерөнхийлөгч: -Ер нь бол захиргааны арга хэмжээ, үйл ажиллагаа, нөгөө талаасаа иргэдийн сонголтын үйл ажиллагаа давхар явж байж үр дүнд хүрч байгаа юм. Хүмүүс сонголтоо хийгээд, үүнийг хийж болохгүй бол өөр юуг хийж болох вэ гэдэг саналууд тавьж байгаа бол надад өөр гарцууд юу байна гэх мэтээр гэр хороолол, хотын дахин төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн сан бүгд л үйл ажиллагаа хийх хэрэгтэй. Та бүхэн мэдэж байгаа, орон нутгийн хөгжлийн сангаас аймгууд сүүлийн таван жилд нүүрээ угаасан юм шиг өөр боллоо. Тэнд ийм ийм бүтээн байгуулалт хийгдлээ гээд яригдаж байгаа. Ганцхан юман дээр би УИХ, Засгийн газраас хүсдэг, дандаа төсөв дээр санал оруулдаг  юм энэ шүү дээ. Орон нутгийн  хөгжлийн сангийн санхүүжилтийг өмнөх жилээс нь битгий бууруулаач. Сум нь аятайхан болоод ирэхээр Улаанбаатараас хүмүүс буцаж шилжиж байгаа. Тэнд ажлын байртай болоод ирэхээр тийшээ хүмүүс явж байгаа гэдэг.

Ерөнхий сайд ярьж байна лээ. Улаанбаатарын зарим иргэд орон нутаг руугаа очих юм бол малжуулах төслийг хүртэл хэрэгжүүлье гэдэг зөв. Яг иймэрхүү маягаар малжуулах бол нэг л хэсэг нь. Ажлын байр бий болгоё, үйлдвэр үйлчилгээ бий болгоё, тэндээ хүүхэд нь аятайхан сургуультай, очсон хүмүүс нь цалинтай мөнгөтэй байх юм бол тийшээ хүмүүс явна шүү дээ.

Тэгэхээр сая хэлсэн. Монголын хэмжээнд харж сэтгэе. Утааны асуудал бол жижигхэн ганцхан арга хэмжээ юм уу, аль эсвэл тоотой хэдхэн арга хэмжээгээр шийдэгдэх асуудал биш. Монголын хэмжээнд гэдгийн цаана энэ хийж болох бүх үйл ажиллагааг агуулга руугаа оруулаад харж шийдье. Тэгж байж нөгөө онцгой горимоор ажиллая гэдэг санаа энэ л байгаа юм. Үүнийг бүгд ойлгоод, та бүхэн бас тэгж ойлгоод дэмжээд явахад болно.

Дараагийн нэг зүйл бол гамшгийн бүс хэмээн нэрлэх юм байна. Онцгой  байдлын горимоор ажиллах юм байна. Нүүлгэн шилжүүлэлт хийх юм байна, дараа нь юу хийх гээд байгаа юм. Энэ шилжүүлж байгаа газраа юу барих гээд байгаа юм.

Миний санаа бол ерөөсөө энэ утааны бүсийг ногоон бүс болгох чиглэлд бодлого баримаар байгаа юм. Эхлээд бид хөрсөө эрүүлжүүлмээр  байна. Баянхошуунаас авахуулаад Сонгинохайрхан дүүрэг, наашаа яваад Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх гээд ногоон эко бүсийг бий болгох чиглэлээр ажлуудыг хиймээр байна. Урдаа бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд Туул голоо дагуулаад байгуулаад хашаад авсан шүү дээ. Энэ бол том амжилт.

Одоо хойд талаар нэг том бүстэй болно гэж бод доо. Тэнд суларч байгаа газрыг ерөөсөө ногоон байгууламж болгоё. Одоо аж ахуйн нэгжүүд, байгууллагууд үүрэг хүлээдэг байя. Танайх тэндээс нүүж байгаа бол манай байгууллага очоод мод тарья. Өнөөдөр файсбүүк рүү ороход тэгээд биччихсэн байна. Айл бүр арван мод тарь л даа. Үнэхээр бид энэ утаа агаарын ислээс зун ч салж чадахгүй байна. Миний харж байгаагаар хойшоо, уулын ам руу гарсан зуслан, янз бүрийн байшингийн наад талаар нэг ногоон бүстэй. Улаанбаатарын барилгажсан хэсгийг үлдээгээд урагшаа Туул голоо дагасан ногоон бүстэй байх юм бол Улаанбаатарт ирээдүйд амьдрах төлөв болно. Би ийм зураг харж байгаа.

Үүнийг дэмжиж эко бүс болгох чиглэлд, нөхөн сэргээлтийн чиглэлд ажилламаар байгаа юм. Дээр нь байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагууд их сайн манлайлал үзүүлж ажиллаж чадна гэдгийг хэлж  байна.

Хоёрдугаарт, миний түрүүний хэлсэн нүүлгэн шилжүүлэлт. Улаанбаатарын хилийн цэс, бусад бүх зүйлүүд. Улаанбаатарын тэлэлт гэдгийг харж байхад ямар түвшинд хармаар байна гэхээр Төв аймаг, Өвөрхангай, Булган, Хэнтий, Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл гээд ийм хэмжээнд бид тэлэлтийн асуудлыг шийдмээр байна.

Тэр аймгууд дээр байгаа барилга хот байгуулалтын яамны чиглэлийн хүмүүс ерөнхий захиалагчийн товчоо гэдэг шиг давхар үүрэг хүлээж ажиллах хэрэгтэй. Иргэдийн Хурал яриад, ямар үйлчилгээг тэндээ хүлээж авах боломжтой байгаагаа хэлэх хэрэгтэй. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг шүү дээ. Бизнесийн боломж ороод ирвэл, тэнд шилжилт хүрээд ирвэл энэ үйл ажиллагаанууд явна. Тэгэхээр энэ ажлуудыг давхар хийж байж энэ бүхэн явна. Дараагийн хэлэх гэсэн гол юм бол тэр тасралтгүй үйл ажиллагаа бүгдээрээ дэмжиж ажиллая.

Өчигдөр Худалдаа, аж үйлдвэрийн танхимынхан, их, дээд сургуулийн консерциумынхан, төрийн бүх байгуууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон нийтийн байгуулагууд энэ дээр төлөвлөгөө гаргая гэж байсан. Танай байгууллагууд дээр төлөвлөгөө гаргаагүй бол гаргая. Биднийг загналаа гэж зарим нь хэлж байна. Загнаж байгаа юм биш, санаа л өгөх гээд байгаа юм.

Хамтарч ажиллах чиглэлд өөрийн гэсэн санааг нэг цаасан дээр буулгаад, ажил хийхэд та бүхэн оролцооч гэж гуйж байгаа юм, уриалж байгаа юм. Тэгж хүлээж авч болно. Тэгэхээр бүгдээрээ ийм маягаар төлөвлөгөө гаргаж оролцох юм бол болж байгаа юм.

Нутгийн зөвлөл гээд байдаг. Улаанбаатарт нэг юм ажиглаж байхад аав ээж, өвөө эмээ, удам судар нь Монголын аль нэг аймаг, суманд харьяалагддаггүй хүн гэж байхгүй. Улаанбаатарынхыг яг авч үзвэл бараг бүгдээрээ хөдөөнөөс аль нэг үедээ нүүж орж ирсэн хүмүүс байдаг. Нутаггүй хүн гэж байдагггүй. Тэгэхээр тэр нутаг руугаа, нутагтайгаа хамтарч ажилладаг, нутгийн зөвлөлтэйгээ хамтарч ажилладаг, зөвхөн аймаг, сумын ой хийхэд мөнгөний төлөө явдаг биш, сумаа хөгжүүлэхэд нутгийн зөвлөлтэйгээ хамтарч ажилладаг байя. Аж ахуйн нэгжүүд нь тэр сумандаа хөрөнгө оруулалт хийгээд, сумандаа ажлын байр бий болгоод, энд өөрийнх нь аж ахуйн нэгжид ажиллаж байгаа хүмүүсийг сум руу шилжихэд нь дэмжлэг үзүүлээч. Тийм биз. Зардлыг нь төлдөг.

Манайх ингээд сумандаа очиж амьдрах гэсэн юм. Тэнд очоод түүхий эдийн нийлүүлэлтийг би хариуцья гэх мэтээр ингээд явахад зөндөө олон хүн гарна. Тэгэхээр энэ санааг л хэлэх гэсэн юм. Санаанаас санаа төрдөг. Хүмүүс нэг юм ярьдаг шүү дээ. Ажил хиймээр байна, мөнгө алга гэж. Бас нөгөө талд нь юу гэдэг гэхээр санаа байх юм бол мөнгө олддог юм. Тэгэхээр энэ санаан дээрээс л манай аж ахуйн нэгж, юм боддог хүмүүсийн сэтгэл сэрхийж байгаа байх. Ингэж чадвал бид энэ асуудлыг шийднэ. Энэ хамтын ажиллагааг л би хүсэж байгаа юм.

ТМ телевиз. Сэтгүүлч Шүрэнцэцэг: -Та бол бүх шатанд ажиллаж байсан хүн. 2009 оноос эхлээд би ярьж хэлсэн гэж байна. Тэгэхээр дөнгөж одоо яагаад гамшгийн хэмжээнд хүрсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм бэ? Одоо төлөвлөөд байгаа зүйлүүд чинь хуулийн орчныг сайжруулах гээд өнгөрсөн хугацаанд хийгээд бүрдүүлээд өгчих байсан ийм зүйлүүд харагдаж байна л даа?

Ерөнхийлөгч: -Нэг шийдвэр гараад шийддэг байсан бол энэ утааны асуудал аль хэдийн шийдэгдэх байсан шүү дээ. Хүндрэл гэдэг ийм байдаг. Хүндрэл байнга байна. Бид утааны асуудлаа шийдэхэд Монголд дахиад шийдэх шаардлагатай хэцүү асуудал гарч ирнэ. Эхлээд ийм зүйл хийсэн гээд өөрийгөө магтсан, ийм юм ярьсан гэж ойлгож байгаа бол уучлаарай, би уучлалт гуйя. Хэдүүлээ нэг юм ярья.

Утаан дээр улстөржихгүй, бүгдээрээ ойлголцоод үндэсний зориг бий болгоод ажиллая гэж ярьж байгаа юм. ҮАБЗ агаарын бохирдлоор таван удаа хуралдсан байгаа юм. 2010 оноос хойш шүү дээ. 13 удаа зөвлөмж тэмдэглэл гаргасан байгаа юм. Хэрэгжилт нь хаана байна болохгүй байна гэж ярих бол бэлэн л дээ. ҮАБЗ ингэж ажиллаж байгаа шиг бүх байгууллага бүгдээрээ тодорхой ажил хийгээд, шийдвэр гаргаад, энд санаа тавиад байх юм бол энэ үр дүн рүү бид явна гэж би хэлэх гээд байна. Бид зүгээр ингэж ажиллая, ингэж ажилласан нь зөв юм. Энэ асуудал өнөөдөр биднийг ярилцсаны дараа өргөс авах мэт шийдэгдэхгүй.

Өчигдөр бид гурван чухал шийдвэр гаргасан. Хэн хэн чухам ямар ажил хариуцаж шийдэх юм? Бид өөрсдөө энэ үүргийг хүлээх хэрэгтэй. Энд эмзэглэх зүйл байхгүй. ҮАБЗ энэ утааны асуудлыг гурван сар тутамд хэлэлцдэг болъё гэж байгаа. Энэ жишгийг бид тогтооё. Өмнө нь тогтоож чадаагүй бол уучлаарай. Тэгэхээр ҮАБЗ утааны асуудлыг ирэх гуравдугаар сард дахин ярилцана. Тэгээд энэ уламжлал цааш явах ёстой.

Нэгд, УИХ-ын хавар, намрын чуулганы хуралдаанаар утааны асуудлыг заавал оруулж байя гэж бид өчигдөр ярилцсан. Ерөнхий сайд, Үндэсний хороогоо сонсдог юм уу, энэ утааны асуудал дээр ер нь ямар санал байна гэдгийг сонсдог байя. Мөн шаардлагатай тохиолдолд УИХ утааны асуудлаар ээлжит бус чуулган хийдэг байя. Тэгээд УИХ хуулийн дагуу хоёрдугаар сарын 10-нд завсарласан ч утааны асуудлаар ээлжит бус чуулган болно гэж байгаа. Энэ бол бас нэг боломж юм. Зөвхөн энэ сэдвээр хурал хийгээч ээ гэж байгаа юм. Энэ асуудлыг улиралд нэг удаа авч хэлэлцээд байх нь зөв гэж үзэж байна.

Бид хугацаагаар ингэж өөрсдөө шахаж өгөхгүй бол тайвшраад алга болчихдог юм. Дулааны улирал эхэлж утааг мартдаг ч ирэх намар энэ асуудал дахин үүсэх учраас энэ асуудлыг Үндэсний хороо сар тутамд ярилцдаг байя. Манай УИХ-ын гишүүд энд сууж байна. УИХ-ын Байнгын хороо утааны асуудлыг улирал тутамд ярилцдаг байя. Манай УИХ-ын гишүүд шаардлага өндөртэй, асуудлын араас нь хөөж явдаг. Дэд хороо энэ асуудлыг болж өгвөл авч үзээд, үйл ажиллагаанд оруулаад ажилла.

Энэ удаагийн УИХ-д ард түмний төлөө их зүйлийг хийх гэсэн сэтгэл зүрхтэй хүмүүс олон бий гэж боддог. Хотын утааг гарахад хорвоод мэндэлсэн залуус ч УИХ-д орж ирсэн байгаа. Нийгмийн шилжилтийг мэддэг, юу шийдэх вэ гэдгийг мэддэг хүмүүс УИХ-д байгаа. Тиймээс би УИХ-ын энэ бүрэлдэхүүнд маш их итгэж байгаа. Олон жил сонгогдсон хүн ч бий. Дунд хугацаанд хэд хэдэн удаа сонгогдсон хүмүүс ч байгаа. Анх удаа сонгогдсон дөчин хэдэн гишүүн бий. Энэ хүмүүст сэтгэл бий. Иргэдийн төлөө энэ асуудлыг шийдье гэсэн зориг байгаа. “Шийдвэр гаргахгүй бол чамд эрх мэдэл хэрэггүй” гэж би хэлдэг. Шийдвэр гаргахгүй бол сонгуульд оролцоод яах юм? Шийдвэр гаргахгүй бол танд албан тушаал байгаад яах юм бэ? Энэ ард түмний өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэхгүй бол танд эрх мэдэл байгаад хэрэггүй шүү дээ. Яах гэж УИХ-ын гишүүн болох юм? Яах гэж Ерөнхийлөгч болж байгаа юм? Өөрийгөө ингэж бодох ёстой. Хүн болгон, өдөр бүр ингэж бодоод байдаггүй юм гэхэд хааяа ч гэсэн, та бүхний өмнө ч хэлэх ёстой.

Хэн нэгэн гадны хүний төлөө ажиллаж амьдарч байгаа монгол хүн гэж Монголын газар шороон дээр байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд томилогдсон, сонгогдсон албан тушаалтнууд, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нөхдүүд, хотын Иргэдийн Хурлынхан, тэр иргэдийг төлөөлж орж ирж байгаа хүмүүс бүгд үүрэг хүлээсэн. Би шийдвэр гаргана, оролцоно, асуудлыг шийднэ гэж орж ирсэн шүү. Тэрнээс биш сууна, цаг нөхцөөнө гэж орж ирээгүй. Энэ асуудлаар ээлжит бус чуулган хуралдахгүй, тодорхой ахиц гарахгүй бол би хувьдаа цаг нөхцөөсөн байна л гэж бодно. Ийм учраас бид хугацаагаар шахаж өгсөн юм.

Улаанбаатар хотын Иргэдийн Хурал энэ асуудлаар бүр тусдаа хурал хийж байгаа. Манай хотын Иргэдийн Хурал чинь телевизээр дамжуулаад УИХ шиг хуралддаг болсон шүү дээ. Зарим нэг зүйлээ хаалттай хуралдах хэрэгтэй. Зарим нь надаас эхлээд, олны өмнө улс төр хийж, өөрийгөө магтах гэдэг синдромтой болсон байж магадгүй юм. Уучлаарай. Нээлттэй нийгмийн нэг сайхан зүйл нь бүгд олны өмнө ил харагдаж байдаг.

Улаанбаатарын Засаг даргаас авч хэрэгжүүлж буй шийдвэр бүхний талд би байх болно. Энэ ажлыг эрх зүйн талаас нь нийгэмд зөв харагдуулахын төлөө би явах болно. Иргэд тэгж ярьж байна, ингэж яв гэж хэлж байна. Тийм учраас би үүний төлөө байх болно.

Хоёрт, хамгийн гол асуудал бол хариуцлагатай холбоотой. Агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн төсөл оруулахад хариуцлагатай холбоотой хэсгийг нь хасчихсан. Агаарын бохирдлыг бууруулах тал дээр ахиц дэвшил гаргаж чадаагүй бол Засгийн газар, хотын дарга огцордог, дүүргийн дарга нар хариуцлага хүлээдэг байсан бол том ахиц дэвшил гарах байсан гэж та нар ярьдаг. Энэ бол үнэн.

Манай хэвлэлийнхэн УИХ, орон нутгийн сонгуулийг зургадугаар сард биш арваннэгдүгээр сард хийдэг байсан бол нэр дэвшигчид их зүйл хийх байсан гэж ярьдаг. Үнэн шүү дээ. Тэгэхээр энэ хариуцлагын тогтолцоог одоо бид тусгаж өгөх хэрэгтэй. Энэ хуульд хариуцлагын заалт байхгүй л байвал ахиц биш, бууралт гэж үзнэ. Зарим намын мөрийн хөтөлбөрт авлигын гэмт хэрэгт орооцолдвол төрийн алба хаах эрхийг хасна гэж оруулна гэчихээд оруулаагүй тохиолдол байсан. Ийм маягаар хариуцлагаас зугтдаг юм.

Би улстөрч хүний хийх дургүй зүйлийг хийх гэж зүтгэдэг. Би хүнээс хариуцлага, ёсзүй, хууль шаардах гэж зүтгэдэг. Тэгэхээр одоо бид хийх дургүй зүйлээ энэ хуульд оруулж өгье. Энд орохгүй бол явахгүй. Ямар ч онцгой байдал тогтоогоод, ямар ч гамшгийн бүс заагаад нэмэргүй. Харин энэ утааны асуудлаас болоод хэдэн дүүргийн Засаг дарга огцорсон, Засгийн газрын гишүүдийн хариуцлагын асуудал яригдсаны дараа энэ талаар ахиц гарах юм байна гэж бид итгэнэ. Иргэддээ хариуцлага тооцох гэж давхилдахаас илүүтэй албан тушаалтнуудын хариуцлагын асуудлыг бид өмнөө тавих хэрэгтэй.

Иргэдээсээ юм асуух ёс зүйн эрхтэй байхын тулд албан тушаалтнууд өөрсдийн хариуцлагын тогтолцоогоо бий болгох ёстой. Нөгөө алдартай хариуцлагын тухай хуулиа би УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа. Одоо энэ хуулиа батлуулахаар шахна даа. Монголын гамшиг эндээс үүдэлтэй байна. Зөвхөн утааны гамшиг биш. Нийтлэг гамшиг бол хариуцлагын тогтолцоогоо бүрдүүлж чадаагүйгээс үүдэж байна. Тэгээд УИХ-д ярихаар “Хариуцлага алга байна. Хариуцлага алга гэвэл хариуцлагын хуулиар батла л даа” гэдэг. Юу гайхаад байгаа юм? Үүнийг оруулж өг.

Хариуцлагын асуудлыг Засгийн газрын хуулиудад маш тодорхой оруулж өгөх ёстой. Мөн дээрээс нь хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхийн тулд бүх зүйлээ бүртгэх хэрэгтэй гэж би хэлээд байгаа. Айл өрх, хороо, дүүрэгтээ бүртгэлээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгээд хоёр талд нь ажиллагаа явуулж байх хэрэгтэй. Нэг талд нь хариуцлага ярьж байхад нөгөө талд нь урамшуулал ярьж байх ёстой. Сайн үйлс хийж байгаа улс төрийн зүтгэлтэн, гишүүдээ урамшуулж хамтарч ажиллаж байя, дэмжиж байя. Дахин сонгогдох ёстой хүн байна гэдгийг нь хүргэж, сурталчилж бай. Тэр хорооны Засаг дарга сайн ажиллах юм бол цалинг нь нэмж өг гэж би хэлээд байгаа. Хороон дээрээ бүх бүртгэлээ гаргаад, манай хороо явж явж утаагүй хороо боллоо, утаатай яндан 107 байсан, харин одоо долоохон үлдлээ гэж байгаа хорооны Засаг даргыг шагнах хэрэгтэй. Би шагналд шууд тодорхойл гэж байгаа. Үүнийг бид хажуугаар нь хийх ёстой. Хэсгийн дарга нар мөн урамшуулал авах ёстой. Энэ урамшууллын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Дээрх хоёр арга хэмжээг хавсарч байж жаахан урагшлах болов уу.

Гуравт. Дараагийн миний хэлэх гэсэн санаа бол хамтын ажиллагаа. Бүгдээрээ хамтарч ажиллая. Монголд хамтарч ажиллаад шийдчих боломжтой гурван зүйл бий. Эдгээрийн нэг нь утааны асуудал юм. Дараагийнх нь улс төр, хариуцлагын түвшинд хийх өөрчлөлт, тэгээд дэд бүтцийн томоохон төслүүд болон бүтээн байгуулалтын асуудлууд юм. Бид хамтрахын оронд улстөржиж, бие биенээ шүүх гэдэг болж.

Утаанаас илүү Монголд хамгийн ихээр нүүрлээд байгаа гамшиг бол бидний сэтгэлгээний бохирдол болоод байна. Бүтээдэг хүнээ урамшуулахаа больчихсон, бүтээдэг хүнээ урамшуулах дархлааны эсээ бид өөрөө устгачихсан байна. Бид биенээ мохоодог биш, нийлж, нэгийгээ дэмжиж урагшилдаг үндэстэн болохын төлөө явах хэрэгтэй.

Асуулт байна уу?

gogo.mn сайтын ерөнхий редактор Ариунбилэг: -Санал байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын редакторууд уулзаад манай gogo.mn сайтаас уриалга гаргаад өнөө орой 19:50 цагаас бүх телевиз эфирийнхээ 30 хормыг агаарын бохирдлын эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардсан дүрс гаргахаар болсон. Мөн энэ цагт бүх сайтууд онцлох хэсэгтээ утааны зураг тавина гэж тохирсон. Мөн сонины нүүрэнд энэ асуудлаар нийтлэл, зураг гарна. Энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж чадсан юм чинь энэ суурин дээр тулгуурлаад бид юу хийж болох вэ гэж Монгол HD сувгийн Э.Лхагваа, ikon.mn сайтын Болортуяа, Өнөөдөр сонины Б.Номинтүшиг, “Монголиан Эконими” сэтгүүлийн И.Отгонжаргал, gogo.mn сайтын ерөнхий редактор Ариунбилэг буюу миний бие нарын хүмүүс уулзаад энэ чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллаж болох вэ гэж ярилцсан юм. Тэгээд бид ирэх мягмар гаригт бүр илүү өргөн бүрэлдэхүүнтэй уулзаад, Редакторуудын клубыг байгуулан хамтран ажиллая гэж тохирсон.

Ерөнхийлөгч: –Маш сайхан санал байна. Үнэхээр баярлалаа. Саяны хүмүүсийн нэрсийг дурдсанд баярлалаа. Найдлага байгаа учраас итгэл бидэнд байна.

gogo.mn сайтын ерөнхий редактор Ариунбилэг: -Уучлаарай, Ерөнхийлөгч өө, Үндэсний хороонд манай энэ клубээс оролцох боломж байх уу? Бид энэ ажилд ямар оролцоотой хамтран ажиллаж болох вэ?

Ерөнхийлөгч: – Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирвэл манай зөвлөх О.Чулуунбилэг байгаа. Энэ чиглэлээр явж байгаа ажлууд БОАЖ яаманд ч бас хэрэгжиж байгаа. Бид өчигдөр бас нэг зүйлийг ярилцаж тохирсон. Өнөөдөр Ерөнхийлөгч ярина, тэгээд дараа нь Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-ын хэвлэлийн алба, хотын Засаг дарга гээд бүгдээрээ ажиллая. Тэгээд хэвлэл мэдээлэл, олон нийт, аж ахуйн нэгжүүдийн зүгээс гарч байгаа саналуудыг авч үзье гэж байгаа. Бэлэн санал шийдэл гаргасан аж ахуйн нэгжүүд олон бий. Мөн хэрэгжүүлээд явж байгаа аж ахуйн нэгжүүд ч бий. Энэ бол нээлттэй, чөлөөтэй нийгмийн давуу тал. Тиймээс тэр бүхнийг дэмжиж ажиллая гэж байгаа. Тиймээс энд нэг анхааръя.

Бид бас унхиагүй байсан, цаг тухайд нь шийдвэр гаргаж чадаагүй байж болно. Удирдлага нь гайгүй байвал ард түмэн зөв явж байгаа хүнээ дэмждэг сэтгэхүй Монголд бий болчихсон шүү дээ. Түрүүн нэг сангийн тухай асууж байсан асуулт их зөв гэж бодож байна. Цэвэр агаар сан гэж байсан. Энэ цэвэр төсвийн хөрөнгөөр явахад хэцүү. Улаанбаатар хотод орж байгаа түүхий нүүрснээс татвар авдаг болъё гэж байгаа. Мөн утаа гаргадаг зүйлсээс татвар аваад энэ сангийн хөрөнгийг бүрдүүлдэг, дээр нь энэ чиглэлд аж ахуйн нэгж байгууллагууд бүгд тэр санд татвар төлдөг байя. Хэн нэгэнд эмчилгээний төлбөрийн асуудал үүсэхэд олон нийтийн сүлжээгээр хандив цуглуулдаг шүү дээ. Байшин, орон гэргүй хэн нэгэнд иргэд маань очоод байшин бариад өгчихдөг шүү дээ. Үүний адил олон сайн санаачлага байгаа.

Аливаа хүн өөрт байгаа жаахан илүү зүйлээ бусдад өгдөг сайн сэтгэлийн нийгэм Монголд бүрдэж байгаа. Сайхан сэтгэлийн үр бүрдэж байгаад би баяртай байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр хийж байгаа ажлууд, санаагаа тэр шинээр бий болгох сандаа оруулах хэрэгтэй. Бас ингэж орж байж хяналт бий болдог. Хамгийн муухай хэрүүл мөнгийг л тойрч явдаг шүү дээ. Хэчнээн төгрөг зарцуулсан, ингэж бизнес хийсэн гэх мэт. Харин энэ асуудал хяналттай, олон нийтэд ил тод байвал тийм яриа гарахгүй шүү дээ.

Тэгэхээр олон нийт, хэвлэл мэдээллийн хяналт чухал. Хэвлэл мэдээллийн хяналт, олон нийтийн шүүмжлэл хэцүү хатуу үгээс айж эмзэглэх хэрэггүй. Хамтарч ажиллах ёстой. Тэгэхээр хамгийн гол найдвар бол иргэд. АСЕМ-ын чуулган эхлэхэд л манай сэтгүүлчид хамтарч сууж байгаад хэвлэлийн хурал хийгээд л, үүнийг Монголын нэр төрийг дэлхийд гаргах ажил гээд явсан шүү дээ. Яг ингэж бид явах хэрэгтэй. Манай редакторууд нийлээд зөвлөл байгуулаад гол гол хэвлэлийнхэн ажиллаж байна.

Мөн би урлагийнхныг уриалж байгаа, зохиолчид, оюун санааны түүчээлэгчид, тэр чиглэлийн сэхээтнүүдийг би уриалж байгаа юм. Шинжлэх ухааны салбарынхныг уриалж байгаа юм, Тэр шинжлэх ухааны академи үүнийг барьж аваад ярих хэрэгтэй. Тэр олон нийтийнхэн, үйлдвэрчний байгууллагыг би уриалж байгаа юм. Тэр хүмүүс энэ утааг цааш нь ярих хэрэгтэй. Энэ асуудлаар Засгийн газар л хуралддаг биш, бүх газрын санаа зовж байдаг асуудал байх хэрэгтэй. Тэнд байгаа бүх хүмүүсийг энэ чиглэлээр ажиллаасай гэж хүсч байгаа юм.

Дээр нь гадаадад байгаа олон монголчууд фейсбүүкээр холбогдож байгаа. Тэд гадаадад ажиллаж байгаа ч гэсэн аав ээж, төрөл садан нь Улаанбаатар хотод маш олноороо амьдарч байгаа. Гадаадад байгаа иргэд, олон улс орнууд утаагаа шийдсэн шийдлийн талаар мэдээлэл ирүүлж байна. Сан үүсгэе, хамтарч ажиллая, хөдөлгөөн өрнүүлье гээд холбогдож байна.

Одоо нийгэм тэр чигээрээ өөрчлөгдсөн. Хорин жилийн өмнө 2 камер тавиад мэдээлэл олон нийтэд хүргэдэг байсан бол одоо иргэн бүхэн шинэ технологи ашиглаж мэдээлэл дамжуулах чадвартай боллоо шүү дээ. Ийм нийгэм бүрдэж, хүн төрөлхтөн өөрсдөө цуглаж ярилцаж нийгмээ авч явдаг ертөнц болсон байна. Ертөнцийн дэг журам үүгээр өөрчлөгдөж байна. Ийм хэмжээнд харж, ийм хүрээнд сэтгэх юм бол энэ асуудлыг шийдэж чадна.

ТВ-5 телевиз. Сэтгүүлч Болдсайхан: –Санаачилга бол сайхан байна. Энэ санаачилгууд хэзээ биеллээ олж тодорхой үр дүнд хүрэх вэ? Хугацаа хэлэх боломж байна уу? Саяхан нэг салбарын яамны хэлэлцүүлэг дээр сууж байхад гишүүд ярьж байсан. Оросууд “Танай утааг шийдэх их амархан юм байна. Та нар их мөнгө үрж байна. Түүнээсээ бидэнд өгчихвөл бид очоод шийдээд өгье” гэсэн гэнэ. Та үүнийг судалж үзсэн үү? Иргэд утааны асуудлаар маш хүчтэй ярьж байгаа, утаагүй орчинд хэзээ бид амьдрах бол?

Ерөнхийлөгч: –Нэг зүйлээс бид бүхэн хол байх хэрэгтэй. Би түрүүн нэг зүйлийг анхааруулсан. Олон улсын байгууллага, хойд хөрш, өмнөд хөрш том асуудал ярилаа гэхэд нөгөө өдөр тутам толгойн өвчин болж байсан зүйлийг хүмүүс мартчих гээд байдаг. Үүнийг хэн нэгний ажил шиг бодоод мартдаг. Бидний хоёр хөршдөө тавьдаг санал бол хойд хөрш асар их шатдаг хийн нөөцтэй, урд хөрш асар их хэрэглээтэй зах зээлтэй. Монголоор дамжуулаад хийн хоолой тавих гэдэг ч юм уу, энэ асуудлууд дээр байнга л ярьж явж байдаг. Тэгээд ийм зүйл хэлэнгүүт хийн хоолой орж ирэх гэж байгаа юм байна. Улаанбаатар утаагүй болох юм байна гээд, утаатай хот руугаа шавсан хэвээрээ. Нөгөө нэг цаг нөхцөөсөн хөрөнгө оруулалт гэх мэт аргаа хэрэглээд байвал бид утаанаас салж чадахгүй. Тэгэхлээр миний хэлэх гээд байгаа зүйл бол байгууллага бүхэн, хүн бүхэн өглөө босч ирээд сэтгэлдээ утааг хар. Өглөө бүр энэ асуудал дээр санаа зовж ажиллахгүй бол нэг том шийдэл гарах гэж байна гээд явахгүй байна.

Би дээр хэлсэн. Утааны асуудал шийдэгдсэн ч гэсэн хөрсний бохирдол, агаар, ус, гээд наад зах нь 30-60 жилийн нөхөн сэргээлт хийх зэрэг олон ажил байна. Ийм хэмжээнд харах хэрэгтэй. Манай сэтгүүлчид битгий тайвшраарай. Манай сэтгүүлчдийн нэг уриа байдаг шүү дээ, “Сэрцгээе” гэж. Битгий тайвшраарай, энэ асуудал дээр тайвшрах юм бол болохгүй. Засгийн газар, төрийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага хамтарч ажиллах хэрэгтэй байна. Би түрүүн хэлсэн, энэ улс оронд, улс төрчдийн дунд улс төрийн эр зоригтой хүн байна уу, үгүй юу? Хамгийн чухал асуудлыг нэгдүгээрт гэж тавьж байна уу, үгүй юу.

Зөвхөн Монголдоо биш, фейсбүүк, твиттерээр, гадаад дотоодод байгаа монголчууд, олон улсынхан намайг харж байгаа байх. Үндэсний аюулгүй байдлын түвшинд Монгол Улс шийдвэр гаргаж, хамгийн дээд түвшиндээ ийм шийдвэрүүдээ гаргаж байна. Энэ асуудлыг хэвлэлийн албаны дарга нь мэдэгдэх биш Ерөнхийлөгч нь өөрөө гаргаж хэлж байна. Ийм улс төрийн эрмэлзлэл, төлөвлөгөө энэ улсад байх юм байна. УИХ чинь анхаарах юм байна, Засгийн газар анхаарах юм байна. Иргэд нь анхаарах юм байна, Аж ахуй нэгжүүд анхаарах юм байна гэдэг энэ мессежийг өгөх гээд байгаа юм.

ЕТВ-Телевиз, сэтгүүлч Баярмаа: -Ард иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн байгууллагууд магадгүй нөлөөллийн ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн байж мэднэ Улс орны хөгжил бол төрийн бодлогоор хэрэгждэг, дээр нь  ард иргэдийн итгэлцэл дээр маш их байдаг. Итгэл байж ард иргэдээс дэмжлэг авна. Өнгөрсөн жил утааг яриагүй биш ярьсан, хамгийн гол алдаа юу байсан бэ гэхээр гаргасан бодлогоо хэрэгжилтийн явцад давхардуулсан, эргээд хяналт сул байсан, цаашид үргэлжлүүлээгүй, одоо бол ард иргэдийн дунд итгэл төрж байна. Гэхдээ энэ итгэлийг утаанд зарцуулж байгаа мөнгөн дүнгээ шилэн дансны хуулиар ч юм уу, нээлттэй ил тод тайлагнахгүй бол, хяналт нь сул байх юм бол дэмжлэг нь суларна. Миний хэлэх зүйл бол хариуцлага хяналтыг хуульчлаад оруулаад өгөх зүйл юу байгаа бэ? Ямар тодорхой арга хэмжээг авах вэ?

Ерөнхийлөгч: –Маш зөв асуулт байна. Ингэж асууж байгаа нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ чиглэлд анхаарлаа хандуулж байна гэсэн үг. Шилэн дансны хууль маш чухал. Албан тушаалд томилогдоод, дараа нь мөнгөтэй холбоотой бүх шийдвэр гарсан байх ёстой. Би энэ төрд шинээр ороод, зарцуулсан мөнгөө тайлагнахгүй байгаа ихэнх дарга нар Шилэн дансны хуулийн дагуу ажлаа өгөх шаардлага хангасан гэж харж байгаа.

Дахин сануулахад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга холбогдох албан тушаалтнуудыг дуудаж уулзсан, Засгийн газарт хэлсэн. Хариуцлага бэлэн байгаа. Олон нийтийн хяналт байхгүй болчих гээд байна. Олон нийтийн хяналт байхгүй болчихвол ямар ч сайн санаачилга элсэнд ус асгасантай адилхан алга болно.

Одоо ингээд итгэл төрж байна гэж ярьж байна. Итгэл төрж байгаад цагаан сар өнгөрөөд, жаахан дулаараад, утаагүй болоод ирхээр мартаад, хойтон жилийн 11 дүгэр сар болоод хүйтэн болоод ирэхээр бие биеэ хараагаад, түүнд зарцуулсан мөнгөний талаар ярилцаад зогсож л байх байх.

Ингэхгүйн тулд цаг хугацаатай нь бүх зүйлийг нь гаргаад, энэ ажлыг хийхийн тулд замын зургийг нь хамгийн дээд байгууллагаас нь гаргаад өгье. Одоо та нар Аюулгүй зөвлөлөөс нэхэх зүйл байхгүй. Болсон. Одоо барьж ажиллах л асуудал үлдсэн. Тэр хариуцлага нь орж ирэхгүй бол, тэр Шилэн дансны мэдээлэл нь орж ирэхгүй бол хэцүү.

Би түрүүн хэлсэн, хамгийн муу хэрүүл бол мөнгө тойрч гардаг юм. Тэр хэрүүлээс зугтах ганцхан арга бол шилэн данс. Үүн дээр нэмээд олон нийтийн хяналтыг мөнгөн дээр бий болгох хэрэгтэй. Өөр зүйл байхгүй. Одоо бол нэг сан байгуулсан юм гэнэ. Тэр Дэлхийн банк, олон улсын байгууллагаас тэдийг авсан юм гэнэ. Тэрний цаана тэдэн төгрөг хувааж идсэн гэнэ гэдэг. Үнэндээ төрийн бүх албан хаагчид ингээд байдаг биш. Ихэнх нь хуулиа биелүүлээд, шудрага ажиллахын төлөө явж байгаа. Муухай дүр эсгэчихээд, тэр рүүгээ бүгдийг аваачиж хийгээд байдаг. Би боддог юм. Хариуцлага шаардаж байгаа Хариуцлагын тухай хуулийг оруулах хэрэгтэй байна, УИХ-ын гишүүд ээ, Ц.Гарамжав дарга аа, утааны чиглэлийн энэ хэсэг дээр тэр хариуцлагын тогтолцоог оруулах хэрэгтэй. Үүнээс зугтах юм бол энэ ажлууд унах магадлал өндөртэй,  гэхдээ ингээд бууж өгч болохгүй. Ийм шаардлага, ийм хэрэгцээг манай иргэд олон  нийт ярьж байна гэдэг бол хамгийн их чухал.

Өдрийн сонин. Сэтгүүлч Э.Энхболд: –Төрийн байгууллагуудыг Улаанбаатар хотоос гаргая гэсэн санаа гарч байна. Хэрэв Улаанбаатараас төрийн байгууллагууд гарлаа гэхэд Улаанбаатараа утаатай чигт нь орхиод явах юм уу?

Ерөнхийлөгч: –Сая миний ярьсан зүйлүүдээс сэдэв болгоод сонин хэвлэлийнхэн маань мэдээлэх болж байна. Ийм хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Ийм хэлэлцүүлэг өрнөөгүй байсан юм. Зүгээр л хэлдэг санаачилга яваад байсан юм.

Өчигдөр бид нар ҮАБЗ-ийн хурал дээр хэлэлцэж байхад ийм санаачилга яригдаж, ийм асуулт тавигдаж байсан. Та УИХ-ын ордныг хамгийн түрүүнд нүүлгэ гэж хэллээ УИХ-ын гишүүд нь л Улаанбаатараасаа гараад, бусад нь утаандаа үлдэх юм байна л даа гэж байсан. Энэ төрийн захиргааны төв байгууллагыг дагаад ойролцоогоор бид нарын тооцоогоор 160 гаруй мянган хүн хотоос гарах боломжтой гэж үзэж байгаа. Тэднээс ирдэг дарамтууд эргээд алга болно.

Яг үнэндээ Улаанбаатар хот УИХ, Засгийн газрын оролцоогүйгээр эрх зүйн үндэсээ бүрдүүлчих юм бол улаанбатарчууд өөрсдийнхөө амьдралыг шийдээд явах бүрэн боломжтой. Дэлхийн том хотууд тийм байдаг.

Татвараа яаж бий болгох, буулгах, өсгөх вэ гээд парламентын гаргасан шийдвэрийн хүрээнд, хуулийн хүрээнд ажиллачих бүрэн боломжтой. Ер нь Улаанбаатар хотын амьдралын удирдлага бол хотын ИТХ, тэнд сонгогдсон албан тушаалтнууд дээр байж байдаг. Үүнийг өгч байгаа юм. Төрийн захиргааны байгууллагууд дарамт үүсгэдэг хэвээрээ байгаа. Тийм учраас би нүүх ёстой гэж боддог юм.

Үндэсний бүтээн байгуулалтыг бид эхлэл болгох хэрэгтэй. Үүнийг боломж гэж харах ёстой. Яагаад гэхээр Өвөрхангайн Хархорин сумыг хөгжүүлэх гэсэн тэр үйл ажиллагаа яваагүйн хамгийн гол шалтгаан нь дэд бүтэц байхгүй. Тэр газар руу хурдны төмөр зам тавих юм бол тэнд маш хурдтай бүтээн байгуулалтууд босно.

Манай дээдсүүд хүртэл газар сонгож байхдаа хэлэлцэж байсан байдаг. Ялаа батгана байхгүй юм байна, ус ундтай газар юм байна, холыг харах харууцтай газар юм байна, энд нийслэлээ төвлөё гэж.

Би түрүүн хэлсэн. Гавьяат хуульч Б.Чимид гуай амьд сэрүүн байхдаа ажлын хэсэгт ороод, 2005 онд Засгийн газар дээр шийдвэр гаргаад, УИХ-д ороод асуудал нь зогссон юм. Одоо манайхан энэ Богд уулын урд талд байгаа шинэ онгоцны буудлаа бараадаад нэг хэсэг нь нүүх байх.

Энэ рүү манай төрийн байгууллага тойроод оччихвол нэг их хөгжихгүй. Би энэ хэсэгт аялал жуулчлалын бизнес хөгжөөсэй, амралт зугаалгын бизнесүүд хөгжөөсэй, амралт зугаалгын паркууд хөгжөөсэй гэж бодож байгаа. Мөн шинэ онгоцны буудлыг дагаад эко хотууд хөгжөөсэй гэж бодож байна. Бий болж байгаа зүйл рүүгээ манай төрийн захиргааны байгууллага дайрмааргүй байгаа юм. Үүнийг улс төрийн эр зориг гэдэг юм.

Нийслэл хот болон төрийн захиргааны төв байгууллагаа нүүлгэнэ гэдэг бол аливаа улс үндэстэн хэдэн зуунд гаргадаг түүхэн том шийдвэр гэж үздэг. Энэ бол одоо гаргах ёстой шийдвэр гэж үзэж байгаа. Би ийм шийдвэр гаргахын төлөө байдаг юм. Ийм шийдвэр гаргаж чадахгүй бол  өөрийгөө шийдвэр гаргагч гэж суугаад яах юм бэ гэж үзнэ, ингэж өргөнөөр харах хэрэгтэй байна. Монгол Улсын хэмжээнд харах хэрэгтэй байна. Энэ бол арав гаруй жилийн өмнө Монгол даяар яригдаад хөдөлгөөн болж байсан асуудал юм.

Шинэ онгоцны буудал тойроод маш том чөлөөт худалдааны бүс, дэд бүтэц, HUB үүсэх ёстой гэж харж байна. Тэр үйлдвэрлэдэг улс орнуудын бараа бүтээгдэхүүн нь Монголд хүрээд ирдэг, төвлөрдөг, бусад улс орнууд нь ирж татаж авдаг байх, тийм болгох гэж төлөвлөсөн. Одоо тэгтэл хэдэн дарга нар газар аваад түүгээр бөөн юм болж байгаа сонсогдсон. Би тэднийг хол газар байрлах хэрэгтэй гэж үзэж байгаа. Дандаа биеийн амрыг хардаг, ойрхон байгаа дэд бүтэц рүүгээ дайрна даа. Миний энэ үг бараг биелэх болов уу. Нийслэлийн төр захиргааны төв байгууллага ингэх л болов уу гэж бодож байна. Тэд бараг ч нүүхгүй суух байх даа.

Энэ Төрийн ордон чинь мэргэжлийн хяналтын байгууллагын акт гарчихсан, хэзээ мөдгүй нурах болчихоод байгаа шүү дээ. Зарим улс орнууд Төрийн ордныг чинь шинэчлэн барихад мөнгө өгье, зураг хөрөг нь гарсан гээд яригдаад байдаг биз дээ. Гэтэл энэ дээрээ цемент овоолоод авбал олигтой шийдэл болж чадахгүй л дээ. Ийм хэмжээнд харж юмаа хий. Энэ бол санаа. Санаа өгч байгаа юм.  Санаа буруу байж магадгүй, санаан дотор алдаа байж магадгүй, гэхдээ үүнийг тойрч ярьцгаая. Ийм асуулт асууна гэдэг чинь энэ санаа цаашаа явахын эхлэл гэж харж байна.

Дүүрэг, хороо бүрт том том самбарууд байгаа. Наад зах нь телевизээр биш гэхэд тэр самбарууд дээрээ хороо, дүүргийнхэн айлуудынхаа зургийг гаргаж тавиад, хэдэн тоо биччих л дээ. Манай хороонд хаягдал түлж байгаа айл өрхийн тоо тэд, түүхий нүүрс түлж байгаа айл өрх тэд, ерөөсөө утаа гаргахгүй яндан тэд, нам даралтын зуух тэд байна. Манай хорооны зорилго тэд болгон бууруулах гээд түүнийгээ өглөө бүр харж байх. Болж байна уу? Зүгээр л энгийн шийдэл байхгүй юү. Хүн харж байж эндээс санаа авна. Ийм зүйл гаргахгүй бол энэ ажил зогсоно шүү.

Парламентын суваг, “Нүүдэлчин” телевиз. Сэтгүүлч Н.Дуламсүрэн: –Утааны асуудлаар улсын хэмжээнд энэ асуудлыг сөхөж, сэтгүүлчдийг байлцуулан дэлгэрэнгүй ярьсан энэ уулзалт цаг үеэ олсон зүйл гэж бодож байна. Хэлэх нь хийхийн тал гэж ярьдаг. Утааны уршиг ганцхан Улаанбаатарын асуудал биш, улсын хэмжээнд байна. Улсын хэмжээний асуудал болсон байна. Утааг их болгож байгаа хөдөөнийхөн хөдөөдөө асуудал үүсгэж байна.

Хөдөө хүнтэй гэрлэх, нөхөн үржихүйн насны бүсгүйчүүд байхгүй, бараг бүгд хотод ороод ирсэн байна. Тэнд ураг удам тасарч байна. Улаанбаатар хотод утаанд хордсон тулгар эхчүүд ургаа тээж төрүүлэхэд  ураг амьгүй болох магадлал нэмэгдэх хандлагатай байна. Иймээс Монголд удмын сангийн асуудал ноцтой байдалд байна. Үүнд сэтгүүлчид зовниж байна. Яг энэ уулзалтаас гараад хамгийн түрүүнд Ерөнхийлөгчийн хувьд та юу хийх вэ?

Нэгд, Ажилгүй байгаа, амиа аргацааж байгаа хөдөөнөөс ирсэн яндантай айлуудад утаанд зарцуулж  байгаа мөнгийг өгч нүүлгэж болохгүй юу? Тэгвэл тэд Улаанбаатараас нүүж одоход бэлэн байгаа. Тэдэнд ажлын байр алга, өдрийн хоолны мөнгө бараг алга. Эдийн засгийн аргаар ингэж шийдэх боломж байна уу?

Хоёрдугаарт, Улаанбаатар хотод олон мянган орон сууц баригдсан. Хоосон байруудад хүмүүсийг лизингээр, цалингинй зээлээр оруулах боломж байна уу? Нэг удаа манай тэрбумтнууд, барилгын салбарын үндэсний хөрөнгөтнүүд улсынхаа төлөө хөдөлж болохгүй юү? Орон сууцанд орох хүсэлтэй маш олон залуучууд байгаа. Ийм хүчтэй хэд хэдэн алхамыг Ерөнхийлөгчийн мэдлийн хүрээнд хүчтэй хэрэгжүүлэх боломжтой гэж бодож байна. Хамгийн эхлээд бид маргаашаас ямар ажлыг бид хүлээх вэ? Энэ уулзалтад амжилт хүсье.

Ерөнхийлөгч: Баярлалаа. Нэн тэргүүнд маргааш юу хийх вэ гэлээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан, түүнийг хэрэгжүүлэхийн төлөө л маргаашаас ажиллана шүү дээ. Өнөөдөр энэ мэдээлэл хийж, тайлбарлаж байна гэдэг бол ажлаа үргэлжлүүлж байна л гэсэн үг.

Мөнгө гэсэн. Манайхан мөнгөний тухай асуудал ярихаараа л үүнээс болж их ажил унадаг шүү. Явж байгаа энэ ажлаа ганцхан энэ зүйлээс болж, эсвэл зөрөлдөөнөөс болж битгий унагаасай гэж бодож байна. Мөнгө бол нэг л арга. Эдийн засгийн арга бол чухал. Гэхдээ нэг л арга юм.

Өчигдөр бид Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдолтой хот мөн үү, нийслэлээрээ хамгийн бохирдолтой юм биш үү гээд ярьсан. Улаанбаатар хот гээд ороход өөр зэрэглэл, байр гарч ирж байгаа. Дэлхийд агаар, орчин нь хамгийн бохирдолтой нийслэл хотын нэг бол яалт ч үгүй Улаанбаатар. Тэгэхээр ийм хэмжээнд хүрсэн байхад бид энэ дээр анхаарах хэрэгтэй. Энэ нь эргээд Монголын нэр төрийг доош нь татдаг, урагшаа явах замыг чөдөрлөдөг тийм зам болсон байна. Одоо үүнийг боломж болгож ашиглая, хамтарч ажиллая. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд онцгой их баярлалаа. Баяр хүргэе” гэлээ.


Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Cami
     (188.143.23.***)
    2017/01/20 10:13

    It is addicting, isn’t it? Though I sometimes feel like there is a 1 hour time limit and crazy factions rooting for the other guy and critical judges. But that must all be in my head. Thanks for visiting The Other Eye. Stdeegoydlss.com i a classic idea. Good luck with it!

    (0) (0)