17 аймгийн 127 суманд зуд нүүрлэжээ

2017 оны 01-р сарын 05 өдөр, 12 цаг 17 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsas

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрчээ.

Ялангуяа баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 40-90 см-ийн зузаан нягтарч хатуурсан цастайгаас бод, бог малын хошуу, туруу, шилбэ халцарсан, аргал, янгир зэрэг ховор ан амьтад идэш хоолгүйн улмаас уулнаас буух, цасанд дарагдах явдал зэрэг хүндрэл гарсан байна.

Улсын хэмжээнд 61.5 сая мал /2016 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн/ өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16148 малчин өрхөд 6.6 сая толгой мал өвөлжинө.

Их цас, цасан шуурганы үед Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Хөвсгөл зэрэг 14 аймгийн 88 суманд 142 даваа, 30 тал хөндий газарт хүндрэл бэрхшээл үүсдэг тул гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангасан.

Цаашид Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нэмж цас орвол цагийн байдал улам хүндрэх төлөвтэй. Мөн Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж  байгаа тул мал сүргээ тарга тэвээрэг алдаагүй байгаа дээрээ говийн бүс рүү отор нүүдэл хийх ажлыг аймаг, орон нутгийн удирдлагуудтай хамтран зохион байгуулж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан орон нутгийн удирдлагууд, малчдын зүгээс бага насны хүүхэд, малчдад дархлаа сайжруулах, биеийн эсэргүүцэл дэмжих амин дэм, илчлэг, тэжээллэг хоол хүнс олгох, улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг хямдруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашин шинээр олгох, цасанд суусан, боогдсон, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага нэмэгдэж байгаа тул шатахууны асуудлыг шийдвэрлэх, цасанд хаагдсан зам, давааг нээх зориулалтаар ачигч, түрэгч ковш, туулц сайтай автомашин олгож өгөх хүсэлтүүдийг ирүүлсээр байна.

Өвөлжилтийн хүндрэлийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 163 дугаар тогтоолоор 1.1 тэрбум төгрөгийг 12 аймагт (Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий), мөн оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаар тогтоолоор 21 аймагт нийт 630.0 сая төгрөгийн үнэ бүхий хүн эмнэлгийн автомашиныг тус тус олгож, урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс зохион байгуулах, өвөлжилтийг хохирол багатай даван туулах зорилгоор олон улсын байгууллагаас дэмжлэг, туслалцаа хүссэн.

Цаг уур, орчны шинжилгээний газрын ирүүлсэн мэдээгээр 2017 оны 1, 2 дугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж, хүйтэн байх төлөвтэй байна.

Өвөлжилт хүндэрсэн үед Улсын нөөцөөс татан байршуулах өвс тэжээлийн аюулгүйн нөөцийн бэлэн байдлыг бүрэн хангасан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх