Монгол Улсын Засгийн Газраас хүн амын хөгжлийн асуудлыг чухлаар үзэж, УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолоор Хүүхдийн төлөө үндэсний газрын чиг үүргийг өргөжүүлэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болгон өөрчилсөн бөгөөд аймаг, нийслэлд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, дүүргүүдэд хэлтэс болгон зохион байгуулсан билээ.
Энэхүү бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан үндэсний хэмжээнд салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Тодруулбал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран энэ сарын 04-06-ны өдрүүдэд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулахаар болжээ.
Гурван өдөр үргэлжлэх уг зөвлөгөөнд ХНХЯ, ГБХЗХГ, 21 аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГ-ын удирдах ажилтан, хүүхэд, залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд болох 150 гаруй төлөөлөгч оролцох аж. Зөвлөгөөнөөр хүүхэд хамгааллын тогтолцооны асуудлаарх зөвлөмж, танилцуулга, залуучуудын талаарх төрөөс баримтлах бодлого, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын хөгжил, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоо, гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих аргазүй, гэр бүлтэй харилцах нийгмийн ажлын хэрэгцээ, шаардлага, гэр бүлийг эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, гэр бүл, хүүхдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх аргазүй зэрэг олон чухал асуудлуудыг хэлэлцэх нь.
“Хүн амын бүлгүүдийн хөгжлийн асуудлаар үүрэг хүлээгчдийн нэгдсэн улсын зөвлөгөөн”-ий нээлтэнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н. Номтойбаяр, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Хитахара, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О. Алтансүх нар оролцох аж.