Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд улсын комисс ажиллаж эхэллээ

2017 оны 01-р сарын 03 өдөр, 14 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулагдсан “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах улсын комисс” шинэ оны ажлын анхны өдрөөс эхлэн Хөшигийн хөндийд ажиллаж эхэллээ.

ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан 104 хүний бүрэлдэхүүнтэй Техникийн комисс өнгөрсөн оны 12 дугаар сарын 21-28-ны өдрүүдэд тус нисэх буудалд ажиллаж, хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Японы талаас хийж гүйцэтгэсэн ажлуудыг хүлээж авсан юм. Японы талаас Зорчигч үйлчилгээний барилга, Нислэгийн хөдөлгөөний удирдлагын байр, Цэвэр усны байгууламж, шугам сүлжээ, Дулааны зуухны барилга зэрэг 23 обьектийг Техникийн комисст хүлээлгэж өгсөн байна.

ИНЕГ-аас ажилласан Техникийн комиссын ажил дууссантай холбогдуулан ЗТХ-ийн Дэд сайд Б.Цогтгэрэлээр ахлуулсан 57 хүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс өнөөдрөөс Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх  буудалд ажиллаж эхэлж байгаа юм. Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, техникийн комиссийн дүгнэлтийг танилцуулж, төслийн явц, үйл ажиллагаа, тулгамдаад байгаа асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ийнхүү зөвлөлдлөө.

Улсын комисс ажиллахаас өмнө 8 ажлын хэсгээс бүрдсэн техникийн комисс чиглэл бүрээр ажиллаж, нийт 1164 зөрчил дутагдал илрүүлсэн байна. Энэ хүрээнд гүйцэтгэгч компаниас 240 зөрчил дутагдлыг арилгасан бөгөөд одоогоор 920 орчим зөрчил үлдээд байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ. Тэрээр “Зам, барилгын асуудлууд эдгээр зөрчил дутагдлын томоохонд тооцогдож байгаа бөгөөд мэргэжлийнхэн зурвасын цементийн найрлага зэрэг асуудалд удахгүй дүгнэлт хийнэ. Япон болон Солонгосын тал ч төслийн ажлыг 100 хувь гэж хэлэхэд учир дутагдалтай тул цаашид үүнийг нэг жилийн дотор засаж, сайжруулах шаардлага бий гэдгийг хэлж байна” гэсэн юм.

Ажлын хэсгийнхэн энэ үеэр Шинэ нисэх онгоцны буудлын Зорчигч үйлчилгээний байгууламжтай танилцсан юм. Зорчигч хэрхэн бүртгүүлэх, шалган нэвтрэхээр хэрхэн нэвтрэх, ачаа тээшээ хэрхэн өгөхөөс эхлээд онгоцонд суух хүртэлх үйл ажиллагааг танилцууллаа. Ингэхдээ энэхүү үйлчлэх хүрээнд ямар дэвшилтэт ололттой талууд болон алдаа дутагдал байгаа талаар улсын комиссын гишүүд биечлэн танилцав. Мэргэжлийн 57 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү комисс энэ сарын 11-ны өдөр хүртэл ажиллаж, санал, дүгнэлтээ боловсруулснаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

Улсын комиссын дүгнэлт гарсны дараагаар холбогдох газрууд шийдвэр гаргаж, Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн зээлийн хөрөнгөөр баригдсан байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах хугацаа тодорхой болно.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх