Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх өвөл нэлээд хүйтэн байна хэмээн анхааруулжээ. Манай улсын хувьд зуд болж болзошгүй гэсэн болгоомжлол бий тул Цаг уур шинжилгээний хүрээлэнгээс Монголд ч мөн адил их хүйтэн өвөл болно гэдгийг анхааруулж байгаа аж. Бөмбөрцгийн хойд бүсэд “Ла нинья”-гийн нөлөөллөөр хүйтний эрч тархаж, Монголд Сибирээр дамжин ирнэ гэж цаг уурчид онцолж байна.
Сибирийн хүйтэн агаар энэ сарын 18-наас манай нутгийн хойд хэсгээр түрж, нэгдүгээр сарын 19-нөөс бүх нутгаар эрс хүйтэрч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хан-Хөхий, Хархираа, Түргэний уулс хоорондын хөндий, Дархадын хотгороор -42-47 градус хүрэх бол Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35-40 градус хүрч хүйтний эрч эрс чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна.
Энэ сарын 17-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 18-19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, халтиргаа гулгаа нэмэгдэх төлөвтэй байна.
С.Атарцэцэг