Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Мөнгөтийн Ар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км/, иргэн Б, автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч, суусан тухай дуудлагыг 2016.12.31-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б-г аварч, мөн 5 тонны даацтай, 1тн өвс ачсан ”Рино” загварын автомашиныг Сэлэнгэ мөрнөөс татан гаргажээ. Аврах ажиллагаа 16:14 цагт дууссан байна.
Түүнчлэн нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарч байгаа хэдий ч нуурын толио болон томоохон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.