Уншина гэдэг дэлхийг танин мэдэх том хаалга юм. Ном унших дуртай хүүхэд ихэвчлэн сургуульд ороод амжилттай сурдаг. Ингэж гараагаа эхэлсэн хүүхдийн хувьд суралцана гэдэг маш хялбар сайхан зүйл болон хувирдаг ба энэ байдал амьдралынх нь туршид үргэлжилдэг сайн талтай.
Эцэг эхчүүд хүүхдээ номонд хэрхэн дуртай болохыг зааж, чиглүүлж өгч болдог. Дараах аргыг хэрэглэхэд таны хүүхэд номонд хайртай нэгэн болж өсөх болно. Эрт эхлэх тусам хүүхэд илүү номонд шунан дурладаг юм билээ.
Өдөр бүр хэдхэн минутыг ч хамаагүй хүүхэддээ ном уншиж өгөхөд зориулан занших хэрэгтэй. Нялх, бага насны хүүхдэд зурагтай ном ярьж өгөх, тоо тоолох гэх мэт нь ном уншиж өгч буйтай адил гэдгийг санах чухал
Нялх, бага насны хүүхдэд даавуу болон зөөлөн материалаар хийсэн номноос эхлэх хэрэгтэй.
Хүүхдийнхээ өрөөнд номоор дүүрэн сагс эсвэл тавиур анхнаас нь гаргаж өгнө. Ингэснээр хүүхдэд би өөрийнхөө өрөөнд ном уншиж, номтой тоглож болох юм байна, ном миний амьдралын чухал хэсэг гэдэг мэдээллийг багаас нь хүргэдэг.
Ном уншиж өгөхдөө хөгжилтэй, инээдэмтэй дуу оруулж номыг амьдруулах хэрэгтэй. Уйдах шинж ороод ирэнгүүт нь түр зогсож өөрийнхөө гэр бүлийн тухай, эсвэл тэжээвэр амьтдынхаа тухай түүх, болсон явдлыг ярьж өг.
Дуртай номыг нь дахин дахин уншиж өгөх хэрэгтэй. Ялангуяа 8 сартайгаас 4 нас хүртэлх хүүхэд давтамжинд үнэхээр дуртай байдаг. Тиймээс уйдалгүй дахин уншиж өгөх нь маш чухал.
Үг, үсэг мэдэж байна уу гэдгийг хатуу чангаар шалгаж болохгүй. Харин тоглоом маягаар тандаж үг, үсэг тогтоосон эсэхийг шалгаж болно.
Боломж олдвол номын сангаар хүүхэдтэйгээ зочилдог байх хэрэгтэй. Хүүхдийн номын тасгаас өөрөөр нь ном сонгуульж заншаарай.
Номонд дуртай хүүхэд бүр эрт уншиж сурах албагүй. Гэхдээ сургуульд орохын цагт маш хурдан уншиж сурдаг.