Залуу наснаасаа сурч мэдэхийн хүсэлд хөтлөгдөн цаг ямагт суралцаж, эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа эмч мэргэжилтэнүүд, үйлчлүүлэгчдийнхээ хайр талархлыг хүлээж яваа “Тод цагаан” эмнэлгийн шүдний эмч Т.Туултай шүд, амны хөндийн өвчлөлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Тэрбээр эмч хүнийхээ ёс зүйг өндөрт өргөн хүн ардаа эмчлэхийн зэрэгцээ Цэргийн төв эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын эмч, тасгийн эрхлэгч, одоогийнхоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхдийн эрүү нүүрний мэс засалч зэрэг албуудыг амжилттай залгуулж ирсэн билээ.
-Таныг эмчийн мэргэжлээ гүнзгий эзэмшсэнд талархдаг олон хүн бий. Нээрээ л сайн эмч хаа ч хүртээлтэй, хүртээмжтэй байдаг шүү дээ?
– Баярлалаа. Миний бие 1998 онд АУИС-ийг төгсөөд үргэлжлүүлээд 2000 онд Эрүү нүүрний мэс заслын резидентийг төгссөн. Энэ үеэс тасралтгүй мэргэжлээрээ ажиллаж байна. Гэвч эмч хүн мөнхийн сурч хөгжих ёстой байсан ч амьдралын шаардлагаар Чех улсад хоёр жил ажилласан. Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төвд хүүхдийн эрүү нүүрний мэс засалч эмчээр, Цэргийн төв эмнэлэгт эрүү нүүрний мэс заслын эмч,тасгийн эрхлэгчээр тус тус ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд “Тод цагаан” эмнэлгээ үүсгэн байгуулаад ажиллаж байна.
-Өнөөдөр шүдийг өвчлүүлэх хүнсний бүтээгдэхүүн олширсон. Үүнд ямар ч хяналт байдаггүй. Мэргэжлийн эмчийн хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
– Шүдний өвчлөл тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Эмч мэргэжилтэнүүд өөр өөрсдийн чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа боловч үйлчлүүлэгчдийн тоо олширсоор байна. Энэ нь тухайн хүний хэрэглэж байгаа хоол хүнс, эрдэс бодис, эсвэл амьдралын түвшин дундаж болон бага орлоготой хүмүүс хүнс тэжээлээрээ нөхөх нь дутмаг болов уу гэж боддог.
Иймд эмч надад ард иргэдийнхээ амьдралын нөхцөлд тохируулаад боломжийн үнээр эмчлээд өгөх юмсан гэдэг бодол үргэлж сэтгэлд минь байдаг. Хүмүүсийн хэлдгээр сувгийн үрэвсэл, эмнэлгийн нэршлээр шүдний мэдрэлийн үрэвсэл хүндэрсэн тохиолдолд ясны холбоосын үрэвсэл, ясны хальс болон хоншоор эрүү рүүгээ дамжих нь элбэг. Тийм учраас үйлчлүүлэгчдэдээ энэ бүгдийг бүрэн дүүрэн ойлгуулж,эдгэрэхийн тулд өөрийнхөө төлөө уйгагүй явах ёстой, өвчин үрэвсэл намдахаар ломбодоно гэж хэлдэг. Эс тэгвээс эмчилгээний явцад хүндрэл гарч болно. Энэ үед үл ойлголцол үүсэхийг үгүйсгэхгүй. Гэсэн ч бид уурлахаас илүү учирлаж ойлголцохыг хичээдэг. Гэвч сүүлийн үед иргэдийн зүгээс эмчдээ итгэдэг, эмчилгээнийхээ эцсийн үр дүнг үзье гэсэн зорилготой хүмүүс ч цөөнгүй байдагт баяртай байдаг. Заримдаа өвчин нь хүндэрсэн нөхцөлд хичнээн мэдээ алдуулах тариа хийсэн ч үйлчилгээ нь бага байдаг учраас өвдөлтөөс айгаад эмчилгээгээ орхих нь ч бий. Дээр үед сүү цагаан идээгээр их хооллодог байсан. Гэтэл өнөөдөр эдгээр дэглэм багассан учраас кальци, шүдний эрдэсээ мах хүнс, ногооноос авч байна. Эрдсийн агууламжтай хүнсийг хэрэглэх нь ховор юмуу гэж ажиглагддаг. Энэ мэтээр яриад байвал их зүйл байна даа.
-Урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарвал зохилтой вэ. Мэргэжлийн эмчийн хувьд энэ тал дээр зөвлөхгүй юү?
– Энэ тухайд ялангуяа чихэрлэг зүйл идсэний дараа шүдээ заавал угааж занших хэрэгтэй. Мөн сүүлийн үед 30-аас дээш насныхан кальцийн алдагдал, ясны сийрэгжилттэй болсон. Тийм учраас жилдээ хоёр удаа 1 сар нэмэлтээр кальциа уух нь зүйтэй. Ингэснээр хатуу эд нь харьцангүй бөх бат чанараа хадгалах учраас өвдөлт бага гэсэн үг. Цаашилбал, шүд сийгэх юм уу, эвгүй мэдрэмж төрөх үед эмч дээрээ ирж шалгуулаад засуулж солиулах гэх мэтээр насан туршдаа шүдээ хайрлан хамгаалах ёстой. Гэтэл өвдөлтөө өвчин намдаахаар дараад, ломбо нь унаад халуун хүйтэн зүйл мэдрээд байхад тоомжиргүй явсаар улам хүндрүүлдэг тал бий.
-Тухайлбал, эмч болгон эмчилгээний арга барил онцлогтой, иймд та ямар төрлүүдээр үзлэг үйлчилгээгээ явуулдаг вэ?
– Шүд олон төрлөөр эмчлэгддэг эрхтэн. Жишээ нь, шүдний анхдагч үрэвсэл буюу цооролтын үед өнгөц, дунд, гүн гэсэн шатууд бий. Энэ үедээ эмчдээ хандах юм бол ломбо тогтоцтой харин дээр хэлсэнчлэн кальцийн дутагдал,ясны сийрэгжилтэй болсон тохиолдолд ломбо маань тухайн хүнийхээ ястай барьцалдаж нийлж өгөхгүй гадны биет хүлээж авахгүй, ломбо унах тохиолдол бий. Энэ үед эмчээ л буруутгадаг болохоос, өөрийн зүгээс яагаад вэ гэдгээ төдийлөн ойлгодоггүй. Иймд мэдрэлийн үрэвсэл болсон л бол заавал сувгийн эмчилгээнд явах шаардлагатай. Багадаа 4-5 удаа түүнээс цааш ч явах тохиолдол бий. Нөгөө талаас манайхан эмчээрээ өвчин намдаах эм хийлгээд л эдгэрсэн гэж ойлгодог. Энэ буруу. Тийм учраас эмчтэйгээ анхнаас нь тулж харьцах хэрэгтэй. Яснаас шүд гэдэг шиг ялангуяа маш их мэдрэлийн судсыг дайрч, ялангуяа тархины эд эсүүдтэй холбогддог учраас маш хүчтэй өвдөлт өгдөг. Үүнээсээ болоод нэг ирээд халшрах нь бий. Гэтэл бид айдасгүй эмчлэхийн тулд өвчтөндөө ойлгуулна. Хэдийгээр өвчин намдаах тариа хийж байгаа ч гэсэн ясны өвдөлт мэдрэг байна, бүр ихэсч мэдрээд ирвэл эм хийнэ, гайгүй шиг байвал аль болох эмчилгээгээ үргэлжлүүлэн хийхийг бидний зүгээс ч хичээдэг, өвчтөндөө сайн ойлгуулахыг ч хүсдэг. Тийм учраас эмч ширүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, сэтгэхгүйтэй нь тулж харьцах нь чухал. Хүндэрсэн шүдийг дотор талаас нь зүслэг хийж онгойлгон нээлт хийж идээг нь гадагшлууах учраас процедурын хувьд сайн тайлбарлавал ойлгодог.
-Юуг нь нуух билээ, хүмүүс бага залуу насандаа шүд өвдлөө л бол тэр дор нь авахуулдаг. Үүнээс болж олон хиймэл шүдтэй болж байгаа. Магадгүй энэ нь хоол боловсруулалтанд ч нөлөөлдөг байж болох. Тиймээс унаган шүд, хиймэл шүд хоёрт бат бөх, эсвэл хэврэг гээд ялгаа их байгаа даа?
– Унаган шүд маш бат бөх чанартай, хатуулаг даац сайтай байдаг. Гэтэл өвчлүүлээд ломбо тавиуллаа, гадны биет хийлгэлээ, энэ тохиолдолд ломбо шүд хоёрын хооронд хага хазаад ломбоо унагаах тохиолдол байна. Янз бүрийн хатуу хөтүү зүйл идэж байгааг тэр болгон эмч хянахгүй шүү дээ. Бараг шүдээ бахь шиг ойлгодог хүмүүс ч байдаг. Тийм учраас шүдээ ломбодуулан хайрлах хэрэгтэй. Жишээ нь хатуу зүйл хазахгүй, шүдээрээ зулгаахгүй гэх мэт. Нэгэнт тухайн шүдэндээ ломбо гадны биет орж ирээд өөрийн шүд мэт хэлбэржээд ирсэн тохиолдолд хоол ундаа хэвийн идээд л явна. Харин түүнийгээ урт удаан хугацаанд байлгахын тулд кальцийн бэлдмэлээ жилдээ 2 сар уухыг зөвлөе. Дээр нь сүү цагаан идээ, кальци, магни, фосфорт, цинк, хүний ямар л эрдэс шүдэнд байх ёстой юм, түүнийгээ нөхдөг хоол хүнсээ хэрэглээд явбал гадны биет ч гэлээ тогтоод байх магадлал өндөр. Хэрэв шүдээ эмчлүүлэхгүйн улмаас хүндрүүлээд, авах хэмжээнд хүрсэн тохиолдолд түүнийг хиймэл шүдээрээ л нөхнө. Сүүлийн үед авагддаг буюу авагддаггүй хувилбар гээд хэд хэдэн шүд олон төрөлтэй болсон. Харин авагддаг шүдийг угааж цэвэрлэдэг учраас тодорхой хэмжээний даац дийлэхгүй буйлан дээр дарагдах нь ч бий. Гэвч сүүлийн үед авагддаггүй, шүдэлбэр хажуугийнх нь шүдтэй бэхлэх буюу эсвэл ясанд нь суулгасан үед мөн л хайрлаж хамгаалж байхгүй бол гадны биет бол биет шүү дээ. Тиймээс унаган сайхан шүдийг гадны биет яаж гүйцэх билээ. Ялгаа нь ердөө л энэ.
-Өвчлөл хүндэрвэл юунд хүрэх вэ?
-Үхэлд ч хүрэх аюултай. Яагаад гэвэл, би эрүү нүүрний мэс заслын эмч. Нарийн сувгаараа дамжаад ясны эд эс рүү орлоо гэхэд шүдийг бүрхэж байгаа гадна холбоос цаашлаад ясны хальс эд рүүгээ дамжаад орсон тэрхүү судас мэдрэлийн багцаараа идээт нян тархаад тархинд очиж янз бүрийн сепсис буглаа нэвчээс үүсгэнэ. Энэ нь булчин болгоны завсраар идээт нянгууд тархаж хүндрэхийг хэлэх бөгөөд ердөө л цусаараа дамжаад яваад байна гэсэн үг. Дээд хэсэг рүүгээ орвол гайморит хавсарсан үрэвсэл үүсгэх, эсвэл тархи толгой руугаа дамжвал менингит, цаболит үүсгэх аюултай. Доод шүдний эрүүний булчин хальсны заагуудаар яваад амьсгал, залгиурын зам руу очоод хүндэрвэл голтын үрэвсэл рүү тархахыг хэлж байгаа юм. Энэ үед амьсгал зүрх судасны дутагдалд орох бөгөөд үхлээр л төгсдөг шүү дээ. Тийм учраас шүдээ өвчлөл бага дээр нь эмчлүүлэхгүй дур мэдэн эм ууж аргацаах нь маш буруу. Манайхан хэнэггүй талдаа, бүтэн сар шахам өвчин намдаах эм уугаад ирэх тохиолдол бий. Магадгүй залуу бие организмаасаа шалтгаалаад түүнийгээ тэсвэрлээд хүндэрчихгүй тохиолдол байж болно. Харин биеийн дархлаа нь суларсан,ерөнхий биеийн байдал муудаад эсэргүүцэх чадваргүй болсон бол дээр хэлсэн хүндрэлүүд гарна гэсэн үг.
-Таны хувьд амьдралын үнэ цэнийг хэр хэмжээнд мэдэрсэн гэж боддог вэ?
-Би тангараг өргөсөн эмч хүн. Тиймээс аль болох өвчтөнтэй эелдэг зөөлөн харьцаж, өвчлөлийн явцыг ойлгуулахыг чухалчилж байснаас бухимдаж маргалдаж явсангүй. Хэрэв ганц нэг удаа тайлбар хэлэхэд зөрүүдлээд ойлгохгүй байвал бууж өгөхөөс аргагүй. Өвчтөндөө хүндэтгэлтэй хандаж өвчтөнөө хохироохгүйг хичээдэг, эдийн засгийн боломжгүй байгаа үед төлбөрийг нь буцаах ч үе бий. Өвчтөнөө өвчинөө хүндрүүллээ гэж буруутгахаасаа илүү эмч хүний үүрэг хариуцлагаа ухамсарлаад явбал үүнд өргөсөн тангаргын маань үнэ цэнэ оршино шүү дээ.
Д.Нэргүй