Б.Оюунтунгалаг: Өмгөөлөгч хүн бусдын итгэлийг дааж чадахуйц, хариуцлагатай, үнэн мөртэй, ёс зүйтэй байх ёстой

2024 оны 12-р сарын 26 өдөр, 21 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
oyun2

Ажлаа амжилттай, аз жаргалтайгаар хийж, хүсэл зорилгодоо хүрэхийн тулд сэтгэлийн гүн рүүгээ шагайж, өөрийгөө болон өрөөл бусдыг хөглөж явна гэдэг амьдралын нэгэн утга учир билээ. Тэдгээр хүмүүсийн төлөөлөл Өмнөговь аймгийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлийн дарга, өмгөөлөгч Б.Оюунтунгалагтай ярилцлаа.

Тэрбээр 2010 оноос өмгөөлөгчөөр ажиллах хугацаандаа олон хүний өмнө тулгарсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлүүлж, ажил мэргэжлийнхээ ёс зүйг өндөрт өргөж яваа чадварлаг өмгөөлөгч юм. Улмаар салбар зөвлөлөө удирдан манлайлж  2023 онд “Шилдэг салбар зөвлөл”-өөр шалгарсан билээ. Мөн өмгөөлөгч бүсгүй маань Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Өмгөөлөгчийн алдар медаль, тэргүүний өмгөөлөгч, Хуульчдын холбооны Хүндэт тэмдэгээр энгэрээ мялаасан юм.

-Одонтунгалаг өмгөөлөгчийгөө их чамбай өмгөөлөгч гэж хараад байгаа юм. Иймд та  хуулийн байгууллагууд дундаас өмгөөллийн салбарыг хэрхэн сонгох болов?

-Миний хувьд анхнаасаа өмгөөлөгч болохыг хүсээгүй ч өмгөөллийн салбарыг сонгосондоо үргэлж өөртөө талархаж явдаг. Тийм учраас  ажилдаа үнэхээр хайртай, дуртай. 2008 онд их сургуулиа төгсөөд аймгийнхаа Прокурорын газар туслахаар ажилд орохоор хэдэн хүмүүсийн хамт шалгалт өгсөн юм.    Энэ дундаас манай найз бид 2 тэнцэж үлдээд сүүлийн шалгаруулалт буюу ярилцлаганд орох болов. Гэтэл шалгалтын комиссын шийдвэрээр найзыг маань тэнцүүлээд намайг хасчихсан юм. Энэ тухайгаа тайлбарлахдаа “манай прокурорын туслах ажилтан няравын ажлаа давхар хийдэг учраас аж ахуйн ажилд эрэгтэй хүн хэрэгтэй гээд сонголоо” гэж билээ. Энэ үед  хүнийг хүйсээр нь ялгаварлаж  байгаа хуулийн байгууллагад гомдож байснаа нуугаад яахав. Гэвч өөрийгөө хэн бэ гэдгээ  харуулна даа гэсэн шарандаа  өмгөөлөгч болох шийдвэрийг гаргаж байлаа. Ингээд 2 жил Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга байсан И.Олонмөнх өмгөөлөгчийнхөө туслахаар ажиллаж байгаад 2010 онд хуульчийн болон өмгөөлөгчийн шалгалтаа өгч “өмгөөлөгч” хэмээх халуун ам бүлд багтсан даа.

-Мэргэжлийнхээ  онцлог болоод давуу тал юунд оршдог гэж та боддог вэ?

-Биднээс үйлчилгээ авахаар ирсэн тухайн хүн сайн хүн үү, муу хүн үү гэдгээс үл хамааран өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн ч бай, хохирсон ч бай тэр бүгдэд өмгөөлөгч хүн ялгаваргүй хандаж, хуулийн бүхий л боломжийг эрэлхийлж хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг нь бидний  мэргэжлийн онцлог. Заримдаа найз нөхдийн зүгээс “чи ийм муухай хэрэг хийсэн хүн өмгөөлж байгаа юмуу, тийм хүнийг юуг нь өмгөөлдөг юм” гэж гайхах, хохирогч тал нь зэвүүцэх, харааж загнах хандлагуудыг гаргадаг ч  миний л ажлын чиг үүрэг учраас  энэ бүгдэд   ач холбогдол өгөлгүй ажлаа хийдэг дээ. Бас нэгэн онцлог нь удирдах албан тушаалтны дарамт шахалт гэж байдаггүй, хуулийн хүрээнд хэнээс ч хараат бусаар ажилладаг нь сайхан. Гоёор хэлбэл өөрөө өөртөө  дарга. /инээв/

-Ажил мэргэжлээсээ авдаг хамгийн том мэдрэмж?

-Тухайн хүнтэй гэрээ байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн үеэс л тэр хүний асуудал биднийх болдог. Тиймээс хэрэг маргаанаа  үйлчлүүлэгчдээ ашигтайгаар шийдвэрлүүлэх нь үнэхээр гоё бахдам мэдрэмжийг төрүүлдэг. Мөн амжилттай шийдвэрлэгдэх боломжтой доо гэж  таамаглаж байсан хэрэг дээрээ ялагдах мэдрэмж. Яагаад ч юм, хэсэгтээ  гутраад, утгагүй ч юм шиг санагдаад явчихдаг юм. Тиймээс энэ мэдрэмжийг олон авахгүйн тулд өөрөөс шалтгаалах, чадах  бүхнээрээ  хичээж ажиллахыг зорьдог доо.

-Таны хамгийн сэтгэл хангалуун өмгөөлөл?

Үйлчлүүлэгчээ цагаатгуулсан, хэргийг нь хэрэгсэхгүй болгуулсан, нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хангуулсан гээд л өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлт, дүгнэлтийг шүүх, прокурор хүлээн авч шийдвэрлэсэн бүх хэрэг буюу өмгөөлөлдөө өмгөөлөгч хүн хамгийн сэтгэл хангалуун байдаг. Дээр нь үйлчлүүлэгчид  өмгөөлөгчдөө бүрэн итгэж байгаа байдал. Ийм хоёр талын итгэлцлэл,  өмгөөлөл, процесс ажиллагаа цаанаасаа л нэг сэтгэл дүүргээд,  эцсийн үр дүн нь үнэхээр “cool” байдаг нь сайхан.

-Танд иргэд ихэвчлэн ямар асуудлаар ханддаг вэ. Улмаар шүүх хурал болгон ялалт байгуулна гэж үгүй. Үүний дараа үйлчлүүлэгчдийн хандлага харилцаа ямар байдаг вэ?

-Хууль зүйн зөвлөгөө авч буй иргэдийн ихэнхи нь “манай эхнэр, нөхөр гэр бүлээс гадуурхи харилцаа үүсгээд байна, гуравдагч этгээд нь утсаар болон чатаар намайг доромжлоод сал гээд байна, эхнэр, нөхөр маань байнга архи ууж, агсам тавьж зодоод, хардаад байна, цаад хүнд нь хуулийн хариуцлага тооцуулмаар байна” гэсэн гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлаар ханддаг. Эдгээр гэр бүлийн асуудлуудыг өөрийн өнцгөөс харахад “анхнаасаа төлөвлөлтгүйгээр гэр бүл болсон, эцэг, эх, эхнэр, нөхрийн үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, зөвхөн өөрийнхөө тухайн агшины аз жаргалыг илүүд үзэх, нэгнийгээ үл хүндэтгэх, үл сонсох” зэргээс улбаалан хоорондын харилцаа нь хөндийрч, бие биенээ хуурах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг нөхцөл байдалд хүрсэн байдаг. Зөвлөгөө авахаар ирсэн тэд хэцүү байна гэдгээ олонтаа илэрхийлдэг ч аль  алиных нь үйлдэл давхар хүүхдийн эрх ашиг, сонирхлыг маш ихээр хохироож, зөрчиж байгаа гэдгийг төдийлөн мэддэггүй, тоодоггүй нь харамсалтай.

Иймд хүмүүсийн хоорондын нарийн нандин харилцааг тэр бүр хуулиар зохицуулах боломжгүй учир хүн бүр гэр бүл болж, эцэг эх болно гэдэг бол багадаа айл гэр болж  тоглодог байснаас өөр зүйл гэдгийг хатуу ухамсарлаж, гэр бүлийн тогтвортой харилцааг эрхэмлэн, хайр дүүрэн зөв орчинд хүүхдээ өсгөж хүмүүжүүлбэл ирээдүйн гэр бүл, эхнэр, нөхрийн төлөвшил, хүмүүжил, хоорондын харилцааны суурь нь бат бөх тавигдана гэдэг утгаар гэр бүлийн асуудалд ухаалаг, хариуцлагатай ханддаг баймаар байна.   Таны асуусанчлан  шүүх хурал болгонд  ялалт байгуулна гэж байхгүй, үнэхээр хичээснийг минь мэдэж байгаа, эрсдэл, нөхцөл байдлыг ойлгож байсан үйлчлүүлэгч нарын маань зүгээс харилцаа хандлага харьцангүй гайгүй байдаг. Маш ховор тохиолдолд бодит нөхцөл байдлыг тайлбарлаад ч ойлгохыг хүсдэггүй, бурууг бусдаас хайж, шийдвэр гаргасан субьектыг буруутган гомдоллох, эсрэг талаа хардах, хэрэг дууссаны дараа тааралдахаараа дуугарахгүй байх, өмгөөллийн үйлчилгээний  хөлсөө дутуу өгөх зэрэг хандлага гаргаж байсан.

-Таны өмгөөлж байсан хэргүүдээс сэтгэлд үлдсэн санасандаа хүртэл хамгаалж шийдвэрлүүлсэн ямар хэрэг маргаан байдаг вэ?

-Эргээд бодоход олон л хэрэг сэтгэлд үлдэж дээ. Эдгээрээс 2012 онд онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээд айлаас хулгай хийгээд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдсэн, 10-15 жил хорих ял оногдуулах санкцтай хэрэгт /шүүхийн шатанд нь/ өмгөөлөгчөөр орж байсан юм. Тэр үед миний бие төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээтэй ажилладаг, одоогийнхоор улсын өмгөөлөгчийн ажлыг давхар хийдэг байсан юм. Тус хэргийн яллагдагчийн дүү гэх залуу надтай холбогдоод ах маань шоронгоос суллагдаад удаагүй дахиад хэрэг хийчихжээ, тэр нь хүнд хэрэг гэнэ, өмгөөлөгч авах мөнгөгүй болохоор та өмгөөлөөд өгөөч гэсэн хүсэлтийн дагуу  ахад нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээр болсон. Хэргийн материалтай танилцахад тухайн хүний хулгайлсан эд зүйлийнх нь үнэлгээ хэдийгээр 200 мянга орчим төгрөг байсан ч онц аюултай гэмт хэрэгтэнд тооцогдсон этгээд байсан тул зүйлчлэл нь хүндэрсэн байсан. Эхлээд тус хулгайлсан зүйлийнх нь үнэ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /140400 төгрөг/ хүрэх эсэхийг нь шалгая гэж бодоод барилгын материалын дэлгүүр орж судлахад 100 мянгаас дээш янз бүрийн үнэтэй байсан. Иймд Улаанбаатар хот уруу үнэлгээний компанид хүсэлт гаргаж үнэлгээ хийлгүүлээд, барилгын материалын дэлгүүрээдээс баримт авч шүүхэд нотлох баримтаар гарган өгч, тэр үед голдуу үнэлгээ хийдэг байсан орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гэж нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж холбогдох хууль зүйн үндэслэлийг нь тайлбарлан мэтгэлцээд дахин үнэлгээ хийлгүүлэн үйлчлүүлэгчдээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулж байсан. Намайг тус хэрэгт өмгөөлөгчөөр ороход хүмүүс наадах чинь тодорхой хэрэг дээ гэж байсан ч хэрэгсэхгүй болгуулж шийдвэрлүүлсэн болохоор сэтгэлд үлдсэн байдаг.

Oyun1

-Ажил амьдралдаа баримталдаг зарчим буюу бодол ухаарал бэлэглэсэн ямар торгон агшин байдаг вэ?

-“Өөрийнхөө хайртай хүнд хэлэхгүй үг, хийхгүй үйлдлээ бусдад битгий хэлж, хийж байгаарай” гэсэн үг надад их таалагддаг юм. Давхар энэ үгээр амьдралдаа баримталдаг зарчмаа ч илэрхийлж болох байх. Та тухайн хүнийг таних эсэх, хайрлах эсэхээс үл хамааран бүх хүн хэн нэгний хувьд хамгийн чухал нэгэн байдаг учраас өөрийнхөө бусдаас хүсдэг хүндлэл, хайр гээд энэ  бүхнийгээ бусдад хүсч, тойрон хүрээлэгсдэдээ хэрэгтэй, чухал нэгэн байхын тулд өөрийн тусалж чадах хэмжээгээрээ гэр бүл, найз нөхөд, хүмүүст тустай амьдрах юмсан  гэж боддог.

-Хобби сонирхол?

-10-н жилийн сурагч байхаасаа их сургуулиа төгсөх хүртлээ сонингийн өгүүллэг, зөвлөгөө, гэмт хэргүүдийн сонирхолтой хэсгүүдээс нь хайчилбар хийж, цуглуулдаг байсан. Одоо надад хэдэн хавтас дүүрэн сонингийн хайчилбар байгаа,гэвч сүүлийн жилүүдэд цуглуулгаа нэмж баяжуулсангүй ээ. Бас түлхүүрийн оосор, бал, явсан газруудынхаа  мөнгөн дэвсгэрт гээд цуглуулга байна аа, байна. Эндээс хүн хоббигоосоо эрч хүч аваад, тайвшраад сэтгэл цэлмээд орчин солигдох мэт  гоё  болдог шүү.  Тиймээс байнгын асуудал үүссэн хүмүүстэй харьцдаг өмгөөлөгч нарын хобби сонирхол нь өөрсдийнхөө сэтгэл зүйг эмчлэх нэг хэрэгсэл нь болдог байхыг ч үгүйсгэхгүй.

-Ер нь өмгөөлөгч хүн хувь хүн, гаднах байдлаасаа ямар хүн байх ёстой гэж боддог вэ?

-Нэг цаанаасаа л ухаалаг, ёс суртахуунтай, хүндэлмээр эерэг хүмүүс байдаг даа. Миний хувьд өмгөөлөгч хүн тийм л байх ёстой гэж боддог. Жишээ нь “З.Сүхбаатар өмгөөлөгчийг  хувь хүн талаас нь сайн танихгүй ч тухайн өмгөөлөгчийн гадаад байдал оюунлаг, асуудалд ул суурьтай ханддаг, шударга, өмгөөлөгч хүнд байвал зохих зан чанаруудыг агуулсан хүн  харагддаг. Тэгэхээр өмгөөлөгч хүн хувь хүн болоод гадна талаасаа бусдын итгэлийг дааж чадахуйц, хариуцлагатай, үнэн мөртэй, ёс зүйтэй, тууштай байх нь чухал гэж бодож байна.

-“Би өмгөөлөгч хүн шүү” гэх мэдрэмж ямар үед төрдөг вэ?

-Өмгөөллийн үйл ажиллагаатай холбоогүй ажлаас гадуур нийгмийн харилцаанд оролцож байх үед хэн нэг хүн зөв биш үйлдэл хийхэд буюу үйлдлийнх нь үр дагавар муу байхаар бол “Би өмгөөлөгч хүн шүү” гэсэн мэдрэмж төрж, тус хүний зохисгүй үйлдлийг нь ярилцаж ойлгуулах, дахин тийм үйлдэл гаргахгүй байх талаас нь хэлж анхааруулах зэрэг зөв нөлөөлөл үзүүлэхийг хичээдэг.

-Аав ээж, гэр бүл, нутаг ус, найз нөхдийнхөө тухайд?

-Би монгол орныхоо өмнөд хил хязгаарт орших хамгийн том газар нутагтай, байгалийн асар их баялагтай, стратегийн ач холбогдол бүхий том том ордуудтай, олон зуун км үргэлжлэх өргөн их говиудтай, эртний түүх соёлыг багтаасан байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газруудтай, хамгийн дулаан бүсүүдийн нэг Өмнөговь аймагт төрж өссөн хүн. Гэр бүлийн тухайд аав, ээж 2 маань хоёулаа найман хүүхэдтэй айлын дундах  нь бөгөөд би ч бас эцэг эхээс 8-уулаа байсан бол гоё байхгүй юу. /инээв/. Гэхдээ л  намайг ямар ч нөхцөлд байгаагаар минь хайрладаг, хамгийн цайлган, хөөрхөн дүүтэй. Харин миний бүтээсэн амьдрал гэвэл оюутан ахуй цагаасаа үерхсэн залуутайгаа гэр бүл болж унаган нутагтаа сайхан хүүгийнхээ хамт гурвуулаа аз жаргалтай л ажиллаж, амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Э.Дөлгөөн гэдэг бөгөөд мөн эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч хүн. “Хаа ч явсан цуг” гэдэг шиг гэртээ ч тэр, ажил дээрээ ч ханьтайгаа дандаа хамт байдаг. Нэг салбарын хүмүүс болохоор бие биесийхээ дутууг нөхөх, ойлгох  дэмжих хөглөх гээд   амьдралын бүхий л сайн сайхныг  хуваалцсаар  явна даа.

-Өмгөөллийн замналд тань хамгийн тус дэм  болж яваа хүмүүсийн тухайд?

-Дөнгөж өмгөөлөгч болоод 2, 3-хан шүүх хуралд ороод байсан үед нэг шүүгч маань өөрийнхөө туслахад “Оюунтунгалаг өмгөөлөгч шүүх хурал дээр өмгөөллийн байр сууриа нэг л сайн илэрхийлж, хэлэх гээд буй санаагаа бидэнд ойлгуулж чадахгүй байх шиг байна” хэрэв үйлчлүүлэгчийнхээ хэргийг хэрхэн шийдвэрлүүлэх гээд байгаа хуулийн заалтыг нотлох баримтуудтайгаа холбож тайлбарлавал илүү  ойлгомжтой санагдаад байх юм” гэж хэлснийг туслах нь найзад маань хэлсэн нь өмгөөлөгч болоод удаагүй надад үнэхээр чухал зөвлөгөө байсан.  Маш их  ч  баярласан. Эндээс  дутуу дулимаг зүйлүүдээ ойлгож, олж харсан. “ТАЛАРХМААР БАЙГАА БИЗ”. Тийм учраас  бусдын шүүмжлэлийг сонсохоос хэзээ ч татгалздаггүй, харин ч тус болдог доо.

Д.Гэгээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх