Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр болон цэргийн алба хаагчийн тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг өмнөх оны инфляцын жилийн дундаж түвшинтэй уялдуулж жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ” гэж заасан.
Хуулийн дагуу 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс 505 орчим мянган тэтгэвэр авагчийн тэтгэвэр 6 хувиар нэмэгдэнэ.
Засгийн газраас 2025 оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд 297 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ирэх онд Нийгмийн даатгалын тэтгэврийн сангаас 5.3 их наяд төгрөгийг тэтгэвэрт олгохоор тусгажээ.