“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь-2” Монгол-Солонгосын хамтарсан хурал эхэллээ

2024 оны 11-р сарын 19 өдөр, 20 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
4aaabcbf0982737fe871206124989b9e

“Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол-Солонгосын хамтарсан хурлыг Гүүд Нейборс ОУ-ын байгууллагатай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Монгол болон Солонгос Улс харилцан туршлага судлах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү хурал хоёр өдөр үргэлжилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, туршлагыг бодлогын хүрээнд болон хэрэгжүүлэх түвшинд хэлэлцэх юм.

Монгол Улс хүүхдийн эрхийг хангах, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хууль тогтоомжийн хүрээнд Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэн болон шинээр баталж, энэхүү шинэчлэлийн үр дүнд салбаруудын хамтын ажиллагаа, оролцоо нэмэгдэж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, салбарын хүний нөөцийг чадваржуулах, хамтын ажиллагаа болон салбар дундын зохицуулалтыг сайжруулах, хүүхдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байсаар байна.

Манай улс гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгох, хөгжүүлэхэд анхааран ажиллаж, 2017 оноос өнөөг хүртэл бодитой үр дүн гарсан.

Хүчирхийллийн хохирогчийг хамгаалах түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийг аймаг, дүүрэг бүрд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөр байгуулж, 20 түр хамгаалах байр, 19 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж, жилд дунджаар 3300 гаруй хүүхдийн аюулгүй байдлын хамгаалан ажиллаж байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчлэлээр сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах  бүтэц, тогтолцоог шийдвэрлэсэн.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн хамт Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг сайжруулж,  Засгийн газрын 2024 оны 143 дугаар тогтоолоор “16,000 хүүхэд тутамд 1 улсын байцаагч” ажиллах орон тоог тогтоогоод байна.

Мөн сум, хороонд “Олон нийтийн байцаагч” ажиллаж, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, холбон зуучлах, сум хорооны хүүхэд, гэр  бүлийн нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн улсын байцаагчтай хамтран ажиллах чиг үүрэгтэй ажиллана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх