Засгийн газраас 2024 онд Нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Go Mongolia” нэгдсэн брэндинг дор эх орноо олон улсад сурталчилж байна.
Энэ хүрээнд 2024 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан “World Travel Market- 2024” 44 дэх удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 9 байгууллага, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо “GoMongolia” брэндийг сурталчлан, нэгдсэн өнгө төрхийг бүрдүүлэн оролцлоо.
Энэхүү олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр компаниуд Монгол Улс руу жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, түнш байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх боломжийг эрэлхийлэх зорилгоор хоёр талт уулзалтуудыг хийж, Монгол үндэсний хувцас загварын үзүүлбэр болон язгуур урлагийн “Nomadic tunes” хамтлаг урлагийн тоглолт толилуулан, соёл урлаг, уламжлалыг сурталчиллаа. Мөн үзэсгэлэнгийн удирдлага, ерөнхий зохион байгуулагчидтай уулзаж тус үзэсгэлэн дэх Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, “Go Mongolia” брэндийг сурталчлах асуудлаар санал солилцлоо.
“World Travel Market- 2024” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нь тогтвортой хөгжил, технологи, инновац сэдвийг онцолсон бөгөөд дэлхийн 182 орны тээвэр, технологи, зочид буудал, тур оператор зэрэг 4,000 гаруй байгууллага оролцож, 50,000 гаруй төлөөлөгч, бизнес эрхлэгчид үзэж сонирхсон байна.