Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ

2024 оны 10-р сарын 14 өдөр, 18 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ayalal

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус мэдээллийн төвийн байгууламж гаднаа бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, 4 улирлын турш ашиглаж болох дулааны алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй зөөврийн байгууламж бөгөөд үндэсний онцлогийг тусгасан байхаар төлөвлөж “Орд гэр” ХХК-тай хамтран угсармал модон араг бүтэцтэйгээр байгуулсан.

Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв нь анх 2013 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхний салбарынхаа үйл ажиллагааг эхлүүлж байсан бол өнөөдөр байнгын үйл ажиллагаатай 3, улирлын чанартай 3, ХБНГУ-д нэг нийт 7 салбартай ажиллаж байна. Жил ирэх тусам жуулчдын тоо ихсэж байгаатай холбоотойгоор чанартай үйлчилгээг түргэн шуурхай хүргэхээр зорьжээ.

Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд 6 байршилд “Жуулчны мэдээллийн төв” ажиллуулж 15 мянган хүнд, 2023 онд 7 байршилд 16,950 хүнд , 2024 онд 7 байршилд ажиллуулж 3 дугаар улирлын байдлаар 16,180 хүнд үйлчилжээ. Нийт 48,130 гадаад, дотоодын иргэд, жуулчдад мэдээлэл, зөвлөгөө өгч, үйлчилгээ үзүүллээ.

Дээрх мэдээллийн төвүүдээр дамжуулан гадаадын жуулчид дараах үйлчилгээг авах боломжтой

  • Хот орчимд аялах маршрут
  • Хотод үзэж сонирхох газрын мэдээлэл
  • Нэг өдрийн хотын аялал
  • Нийтийн тээврийн маршрут /Нисэх онгоцны буудлаас хот руу орох/
  • Орон нутгийн нийтийн тээврийн маршрут, ажиллах цагийн хуваарь, байршил
  • Валют арилжааны газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
  • Улаанбаатар хотын үзвэр, үйлчилгээний газруудын мэдээлэл, байршил, ажиллах цагийн хуваарь
  • Улаанбаатар хотын томоохон худалдааны төвүүдийн байршил, ажиллах цагийн хуваарь
  • Нисэх буудал, гадаад дотоодын нислэгтэй холбоотой мэдээлэл
  • Татваргүй бараа худалдан авсны дараах буцаан олголтыг хэрхэн авах зааварчилгаа, барааны жагсаалт
  • Зочид буудал, дэн буудал, guest house-уудын байршил, үнийн мэдээлэл, утасны дугаар
  • Жуулчны бааз, амралтын газруудын байршил, ажиллах цагийн хуваарь, үнийн мэдээлэл
  • Эвент арга хэмжээний мэдээлэл
  • Аялал жуулчлалын газруудын мэдээлэл, ажиллах цагийн хуваарь, утасны дугаар
  • Орон нутгийн аялал жуулчлалын байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
  • Үүрэн телефоны газруудын байршил, дата сим авах боломжтой газруудын байршил, ажиллах цагийн хуваарь
  • Такси үйлчилгээний байгууллагуудын мэдээлэл, лавлах утасны дугаар
  • Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлэл, утасны дугаар
  • Яаралтай үед холбогдох газруудын мэдээлэл, утасны дугаар
  • Жуулчдын ашиглаж болох аппликейшнууд зэрэг мэдээллийг өгөх юм.

Дотоодын иргэдэд үзүүлэх нэмэлт мэдээлэл:

  • Төрийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн мэдээлэл байршил
  • Е-mongolia ашиглах зааварчилгаа
  • Мэдээллийн лавлах утасны жагсаалт,
  • Үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах талаар мэдээлэл өгөх юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх