Хуульч, өмгөөлөгч Мөнхзолбоо хэмээх гялалзсан бүсгүй ажил мэргэжилдээ тун шуурхай, хичээнгүй, үнэнч нэгэн. Энэхүү өндөр мэдрэмжээрээ ямар л байж болох хуулийн гарц гаргалгаа байна, тэр бүгдийг ашиглаж үйлчлүүлэгчдийнхээ хамт ялалтын ард зогсч байсан мөчүүд олон. Өмгөөлөгч бүсгүйг ийн аливаад шантардаггүй, зорилго тэмүүлэл дүүрэн болж хөгжихөд энхрийлж өсгөсөн ээж нь, эрдмийн их сургуульд сургаж, богино хугацаанд сайн хуульч болгож бэлтгэсэн эрдэмтэн багш нарынх нь ач буян хэмжээлшгүй их. Нэг зүйлд зорьсон бол түүндээ хүрэх гэсэн тууштай байдал, хором цаг мөчид сурсаар, суралцсаар, хөгжсөөр ирсэн түүнээс хувь хүний хөгжил гэгч ямар агуу байдгийг төвөггүйхэн олж харсан билээ. Тодруулбал, хуульч болох ээжийнх нь хүсэл мөрөөдөл ч байсан гэдгийг онцолъё.
-Хоёулаа яриагаа өмгөөллийн замналыг ямар хувь тохиолоор сонгох болсон бэ гэдгээс эхэлье?
-Юуны өмнө танай хамт олонд баярлалаа. Миний бие МУИС-ийн Монгол хэл соёлын сургууль дүүргэсэн, анхны мэргэжил маань эх бичиг судлаач. Гэвч мэргэжлээрээ ажиллаагүй ч тухайн ажилдаа нямбай, хариуцлагатай хэмээн захирлууддаа үнэлэгдсэн сайн ажилтан байлаа. Тодотгож хэлбэл, захирал маань чи ямар ч үед өөрийгөө илэрхийлэх чадвартай, зөв гэж бодсон зүйлдээ зоригтой дуугардаг, буруу зөвийг дэнсэлж ялгаж чаддаг, чам шиг шударга хүнд хуульч, эрх зүйч мэргэжил тохирно гэж зөвлөсөн. Цаашилбал, ирээдүйдээ итгэлтэй, өөрчлөлт шинэчлэлтийг авчрах залуусын дуу хоолой нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байна гэсэн юм. Ингэж итгэл хүлээлгэж удалгүй намайг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн шалгалтанд бүртгүүлсэн ирээд одоо чи энэ компанид ажиллах шаардлагагүй, хуульч болоход өөрийгөө бэлтгэ, МУИС-д сур, сургалт сайтай энэ сургуулиас чи сайн хуульч болж чадна гэж өмгөөллийн зам руу эргэлт буцалтгүйгээр хөтлөсөн түүхтэй. Ээж маань ч мөн охиноо хуульч болбол их дэмжинэ гэж ярьдаг байсан. Би төрөлхийн хэнтэй ч адил тэгш харьцдаг, хэний ч өмнө адилхан хариуцлага хүлээх чадвартай байх ёстой гэдэг чиг шугам, байр суурьтай хүн. Ялангуяа өмгөөлөгч хүний хувьд хэн нэгэнтэй гэрээ байгуулаад ажилласан бол түүндээ үнэнч байх ёстой гэдэг зарчим баримталж ирсэн. Ес дэх жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Энэ хугацаанд эрүү, иргэний 400 орчим шийдвэрийг цэгцэлсэн гээд ер нь гүйцэтгэл сайтай ажиллахыг хичээдэг дээ.
-Эрх нь зөрчигдсөн иргэд л та бүхэнд хандаж байгаа. Тиймээс эрх ашгийг хамгаалах нь өмгөөлөгч хүний ажлын онцлог байдаг гэх утгаар ялах, ялагдах үед үйлчлүүлэгчдийн хандлагаас ямар мэдрэмж төрдөг вэ?
– Өмгөөлөгч хүний ур чадварыг сорьсон зүйл хамгийн түрүүнд ирээдүйд гарч болзошгүй эрсдэлийг тооцох, тэр бүгдийгээ урьдчилан сайн ойлгуулж, хэлж өгөх ёстой. Ялж ч болно, ялагдаж ч болно, гэвч шүүхийн шийдвэрт амлалт өгч болохгүй. Ялагдсан нөхцөлд юунаас болж ялагдав гэсэн хууль зүйн үндэслэл,сэтгэл зүйн зөвлөгөөг үйлчлүүлэгчдээ маш сайн тайлбарлаж, цаашдаа сайн анхаараарай гэдгийг ягштал хэлж ойлгуулдаг учраас тэд маань сайн хүлээж авдаг.
-Аливаа амжилтанд хичээнгүй зүтгэлээс гадна, эрдэмд сургасан багш нар ч их нөлөөлдөг шүү дээ?
-Маш гоё асуулт байна. МУИС-ийн хууль зүйн сургуульд сурч байхдаа багш нараасаа онолын талын мэдлэгийг маш сайн олж авсан гэж боддог. Гурван жилийг бүхэлд нь сурах үйлсэд зориулсан. Хичээлээ тараад шөнийн 02.03 цагт өдрийнхөө хичээлийг гараараа бичиж давтдаг байсан минь Дугармаа, Тэмүүлэн, Ж.Эрдэнэбулган, Бадам, Сарантуяа, Болормаа зэрэг багш нарын минь ач буян гэж үргэлж талархаж явдаг даа. Энэ үеэс цаг үргэлж өөрийгөө хөгжүүлж, ирлэж хурцалсаар ирсэн. Нөгөө талаар өмгөөлөгч гэдэг мэргэжил хэзээ ч гандаж зэвэрдэггүй, байнгын чадваржиж, чадавхжиж байдаг. Нэг кэйс дээр ажиллахад л хуулийн мэдлэг маань улам тэлж баяжаад кэйс болгон дээр хууль хэрэглээ гарч ирдэг. Тийм учраас өмгөөлөгчийн ажил байнга ур чадвараа нэмэгдүүлж байдгаараа онцлог, давуу талтай. Өөрөө л амилуулж чадвал хамгийн амьтай гоё ажил.
-Та өмгөөллийн ажил эрхлэхдээ ямар чиглэлээр мэргэшин ажиллаж байна вэ?
-Иргэн болон эрүүгийн чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа. Иргэний салбарын тухайд гэр бүл, хүүхэд, эд хөрөнгө, өвийн маргаан, өр зээл, гэрээний маргаан дээр нэлээд төвлөрч ажиллаж байгаа. Эрүүгийн тал дээр хүний амь хохирсон, бага насны хохирогчтой хэрэг, хар тамхи, хүний наймаа, бэлгийн мөлжлөг зэргээр бүх салбарт орж ажиллаж байна.
-Хамгийн сэтгэл хангалуун мөч тань хэдийд байв?
-Маш олон кэйс байдаг. Түүнээс онцолбол, миний үйлчлүүлэгч биеэ үнэлэлтийг зохион байгуулах, хүний наймаа, хүчин гэх мэт маш хүнд гурван зүйл анги дээр хоригдсон байсан. Ингээд ар гэрийнх нь хүсэлтээр өмгөөлөгчөөр ажиллахад мөрдөн шалгах ажиллагааны явцад нэг зүйл анги нь, анхан шатны шүүхээр хоёр дахь зүйл анги нь, давж заалдах шүүхээр гурав дахь зүйл ангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож цагаадаад гарч байлаа. Үйлчлүүлэгчдийн маань зүгээс та мэргэжлийнхээ ур чадвараар гурван жилийн турш тууштай ажилласны хүчинд гэр бүлтэйгээ элэг бүтэн амьдрах итгэл бэлэглэсэн тандаа маш их баярлаж байна гээд сэтгэлийн үгээ хэлж байсан нь санаанаас гардаггүй. Одоо ч баярлаж талархсанаа илэрхийлсээр байдаг. Тийм учраас энэ хэргийг огт мартдаггүй. Тухайн хэргийг нэг ч хоног орхиогүй шүүхээр гүйсний маань үр дүн юм. Хүн заавал хурдтай байх албагүй, зогсолтгүй л байх ёстой. Энэхүү тууштай ажилласан зан чанарынхаа үр дүнд тасралтгүй үйлчлүүлэгчидтэй, цуцашгүй ажил хөдөлмөрт умбаж сайн сайхан амьдарч явна.
-Таны ярианаас үргэлжийн оргилж буцалсан чин хүсэл эрмэлзэл амтагдаж байна л даа. Иймд таныг хамгийн ихээр ирлэж хурцалж байдаг зүйл юу вэ?
– Хуульчид, шүүгч,прокурор, ердийн хуульч, компанийн зөвлөх гээд маш олон салбар байгаа. Иймд хэзээ ч цуцдаггүй, үргэлж хүнд тус хүртээж явдаг буянтай ажлыг өмгөөлөл гэж боддог. Тийм учраас энэ ажлаасаа хэзээ ч ухрах ёсгүй. Насаараа бусдад буян хийх, бусдын амьдралд гэгээ татуулж, нүдэнд нь оч бадраах ийм сайхан мэргэжлийг хувь заяагаараа эзэмшсэн минь миний амьдралын утга учир. Цаашдаа нэр төртэй авч явахын төлөө өмгөөлөгч гэдэг ямар гоё мэргэжил юм бэ гэж бахдал төрөх өндөр түвшинд ажиллана гэсэн туйлын зорилготой явдаг.
-Сүүлчийн асуултыг танд нээлттэйгээр үлдээе?
-Нэгдүгээрт хуульч мэргэжил ээжийн минь хүсч байсан гурван мэргэжлийн нэг. Багаасаа ном унших дуртай, хүнд их сэтгэл гаргадаг, суурь хүмүүжлийг ээж маань маш сайн тавьж өгсөн хатан ухаантай эмэгтэй. Охиноо номын эмэгтэй болгох туйлын зорилго тээж явсан байх аа. Тийм учраас энэ дашрамд эрдэмд шамдах эх суурийг тавьж өгсөн ээждээ хязгааргүй их баярлалаа гэж хэлмээр байна. Өмгөөлөгч гэдэг алдар хүндийнхээ хэрээр маш хүнд ажил. Тиймээс энэхүү нэр хүндтэй ажлыг өндөр хариуцлагатай, ёс зүйтэй авч явахыг зорьж явна даа.
Д.Нэргүй