Монголчууд бидний үндэсний бахархал, ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн монгол гэрийг хүүхэд залууст болон манай орныг зорин ирсэн жуулчдад таниулах зорилготой “Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Монгол орны бүс нутгуудаас угсаатан ястны онцлогийг харуулсан, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн баяжуулж хөгжүүлсэн гэрүүдийг дэлгэн тавьсан. Эдгээр гэрүүдийн дотоод тавилга, эд хогшил нь харилцан адилгүй хэв шинж, түүх, хэрэглээтэй бөгөөд монголын уламжлалт соёл, өвийг сурталчлан таниулах өндөр ач холбогдолтой юм.
Үзэсгэлэн энэ сарын 12 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Монгол гэрийн уламжлал, шинэчлэл” эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол гэрийн мод урлаачдын өвлөн уламжлалын асуудал” зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд зохион байгуулагдана. Та бүхнийг “Монгол гэр” үзэсгэлэнгээр морилон саатаж, монголын үнэт өв, уламжлалт ахуй соёлтой танилцахыг урьж байна.