“Өмгөөлөгчийн нэг өдөр”сурвалжлага: Шүүх хурлаас, хурлын хооронд ихэнх цаг маань зарцуулагддаг

2024 оны 04-р сарын 12 өдөр, 09 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
umguulugchid

Өнөөдөр Монгол Улсад буюу Монголын Өмгөөлөгчдийн холбооны  харьяанд олон зуун өмгөөлөгчид өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж буй. Тэд  мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд арга барил, ур чадвар, харилцаа, хандлага, хариуцлага  жигдхэн бас чимээгүйхэн суусан нь талархмаар. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг хамгаалахад чиглэсэн  шударга ёсны эрэлчид  гэж ойлгож болно.

Ийм л ухаан бодлоор өмгөөлөгч нарын маань ажил хүн, хуулийн этгээдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, тулгараад байгаа асуудлынх нь гарц гаргалгааг олоход  туслах, боломжийг эрэлхийлэхэд өгч байгаа зөвлөгөө, үйл явдал, хэргийн нотлох баримт зэргээс ихээхэн хамаардаг аж. Зарим үед  өглөөнөөс үдэш хүртэл огтхон ч завгүй   байхад  заримдаа ачаалал багатай байх нь ч  бий. Гэвч энэ хугацаанд зүгээр суудаггүй, дараа, дараагийн ажлаа төлөвлөөд, холбогдох шүүх хуралдаа бэлтгэх, тухайн  хэргийг хэрхэн үйлчлүүлэгчдийнхээ талд шийдвэрлүүлж, ялалт байгуулах вэ гэдгээс эхлээд ухаанаа уралдуулах ажил  мунддаггүй билээ.

Энэ оффист залуу, дунд, ахмад үеийн ажил мэргэжилдээ эзэн болсон  төлөөллүүд ажиллаж бие биесээсээ суралцаж, харилцан зөвлөлдөж, эрхэлж буй ажилдаа нэгэн үзүүрт сэтгэлээр ханддаг гээд давуу тал ихтэй. Тиймээс бид өмгөөлөгчдийн нэг өдрийн ажил хэрхэн өрнөдөг талаархи энэ удаагийнхаа “Өмгөөлөгчийн нэг өдөр” сурвалжлагаа ид ажиллаж, олон хүнд тус хүргэхээр түүчээлэн яваа  БГД-ийн өмгөөлөгчдөөс  бэлтгэлээ.  Амьдрал хүчит салхиараа олон юмыг элээн уусгадаг атал өмгөөлөгчдөд  нэг эхэлснийхээ ард тууштай гарч чаддаг, юунд хүрэх вэ гэдгээ мэддэг, мэдэрдэг тэмцэгч бадрангүй чанар олон бий.

0e7b6b76-5676-4b79-a966-b1607ef9d178Н.Нарангуа:Холбооныхоо ирээдүйг харсан үйл ажиллагаанд оролцохыг хичээдэг

Үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалаад нүднээс нь итгэлийн оч гэрэлтэхийг харах өмгөөллийн ажилдаа ээнэгшсэн Н.Нарангуа өмгөөлөгч 2008 оноос эхлэн өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байна. Түүнийг эхний үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байхтай зэрэгцэн ийн яриа өрнүүллээ. Тэрбээр иргэний эрх зүйн чиглэлээр /гэрээний болон гэрээний бус маргаан, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргаан, өвлөх эрхийн маргаан, хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан, гэр бүлийн холбогдолтой хэрэг маргаан, компаний эрх зүйн маргаан, гэм хор учруулсанаас үүссэн хохирол барагдуулах зэрэг/, эрүүгийн эрх зүйн чиглэлээр /насанд хүрээгүй хохирогчийн, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс үүссэн эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр/, захиргааны эрх зүйн чиглэлээр /газрын маргаан, татварын маргаан/ өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа аж. “Бид тус тусын хуулийн этгээдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг ч гэлээ мэргэжлийнхээ шугамаар  өдөр бүхэн бие биесээсээ суралцаж байдаг.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөл, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлтэй хамтарч ажилладаг. 2023 онд болсон Монголын Өмгөөлөгчдийн холбооны  95 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалт Төрийн ордонд зохион байгуулагдахад ажлын хэсэгт  орсон. Мөн Өмгөөлөгчийн шалгалт 2023″-н салбар хорооны гишүүнээр ажилласан. Илүү ихийг сонсч мэдэхийн тулд холбооноос зохион байгуулж байгаа сургалт хэлэлцүүлэгт оролцож, бусдын туршлагаас хуваалцах, миний өмнө ямар асуудал тулгамдаж байна вэ гэдэг талаар санаа бодлоо солилцох дуртай. Холбооныхоо ирээдүйг харсан үйл ажиллагаанд ямар байдлаар оролцвол бид бүхэн эрх ашгаа хамгаалахын хэрээр бусдын эрх ашгийг  хамгаалж чадах вэ гэдэг дээр туршлага судалсаар ирсэн. Бахархууштай нь Монголын Өмгөөлөгчдийн  холбооноос  жил бүр хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулдаг юм. Энэ арга хэмжээнд идэвхтэй оролцож кредит цагийн алдагдалгүй явж байгаа. Урьдчилсан сургалтууд маш үр дүнтэй, оновчтой, өгөөжтэй байгаасай гэж маш их  хүсдэг. Өнөөдрийн хувьд эхний үйлчлүүлэгч маань олон жилийн өмнө хамт амьдарч  байсан эмэгтэйгээсээ ажлын хөлс болгож авч байсан мөнгийг өнөөдөр зээл гээд шаардлага гаргаад  байна гэдэг асуудлаар зөвлөгөө авлаа.

Нэг үйлчлүүлэгч маань тухайн үед хувь тэнцүүлсэн байдлаар тэтгэвэр тогтоолгосон юм. Гэтэл  өнөөдөр энэ мөнгө ахуй амьдралд маань хүрэлцэхгүй байна, малчин байсан он цаг маань тэтгэвэрт гарахад тооцогдоогүй юм гээд нэхэмжлэл бичүүлсэн. Мөн Япон улсаас тээврийн хэрэгсэл худалдаж авахаар захиалгын гэрээ хийсэн. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн хэдий ч уг тээврийн хэрэгсэл өнөөдөр Монгол Улсад орж ирээгүй байна, урьдчилгаа мөнгөө яаж авах вэ, мөн компанийн эд хөрөнгийн асуудлаар хандлаа” хэмээсэн юм.

afaa3bef-1f3a-4919-bcbd-b90f2b969e55Н.Энхтуяа: Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзаж болдог

Миний хувьд өнгөрсөн 3 дугаар 25-наас эхлээд Шүүх хуралтай байсан. Үүнд: Баянгол дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхэд Хариуцагчийг төлөөлж  зээлийн гэрээний маргаанд оролцож 60 сая төгрөг нэхэмжилсэн байсныг хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож 30 сая төгрөгийг нь хэрэгсэхгүй болголоо. Гэхдээ Давж заалдах шатны шүүхэд хандая гэсэн хүсэлтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд хариуцагч үүргээ биелүүлэхээс татгалзаж болдог. Энэ хуулийн зохицуулалтаар тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа. 3 сарын 26-ны өдөр  иргэний хэргийн шүүх хуралд оролцогчоор гэрч асуусан. 3 сарын 27-ны  өдөр гэм хорын нэхэмжлэлийн шаардлагатай  хуралд оролцёон ба манай зүгээс гэрч асуух хүсэлт тавьж уг гэрч хөдөө орон нутагт амьдардаг учраас шүүхийн асуухаар болж хэрэг түдгэлзэх шийдвэр гарсан. Үдээс хойш дараа дараагийн хуралдаа бэлтгэхийн хажуугаар  үйлчлүүлэгчдэд хууль эрх зүйн зөвлөгөө өгсөн. 3 сарын 28-ны өдөр  хоёр хуралтай байсан. Энэ хуралд хамтарч ажилладаг компанийнхаа эрх ашгийг 100 хувь хамгаалаад, нэхэмжлэлийн шаардлагаа хангуулж шийдвэрлүүлсэн. Мөн энэ өдрүүдэд дараа   7 хоногт зарласан таван шүүх хуралд бэлтгэхийн хажуугаар үйлчлүүлэгчдээс  шалтгаалах бичиг баримтыг шаардаж тэдэнд мөн зөвлөгөө өглөө. Яг өнөөдрийн байдлаар хамтарч ажилладаг компанийнхаа хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэх хуралд бэлтгэж байна.

c4b21996-55d6-4f14-b476-f9ad8401366bХ.Ундрах- Оргил: Үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёрын итгэлцлийн асуудал хамгийн чухал

Миний бие Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульчаар найм дахь  жилдээ ажиллаж байна. Ихэвчлэн эрүүгийн эрх зүй, эрүүгийн шинжтэй, хэрэг маргаан, хааяа захиргааны хэрэг маргаанд оролцдог. Өмгөөлөгчдийн өмнө тулгамдаж байгаа зүйл гэвэл үйлчлүүлэгч, өмгөөлөгч хоёрын итгэлцлийн асуудал юм. Итгэлцлийг өмгөөлөгч хүн яаж олж авах вэ, бидэнд итгэлээ өгөөд ирж байгаа үйлчлүүлэгчдийнхээ нүдэнд хэрхэн гал асаах вэ, зовж шаналсан асуудалд нь хэрхэн их бага хэмжээгээр тус нэмэр болох вэ гэдэг үүднээс өмгөөлөгч хүн чин  сэтгэлээсээ  ажиллах үүрэгтэй. Үүнд: ажлын арга барил, туршлага, мэдлэг боловсрол, харилцаа хандлагаасаа хамааран харилцан адилгүй байдаг.

Uuganbayar      С.Ууганбаяр: Татвар, компанийн эрх зүй, гэрээний эрх зүйгээр ихэнхдээ ажилласан

 ОУИЗИС-ийн Хууль зүйн ухааны магистр, өмгөөлөгч тэрбээр ШУТИС КТМС-ийн Санхүүгийн менежмент,Отгон тэнгэр их сургуулийн Япон хэлний ангийг дүүргэж мэдпэг мэргэжлээ зузаатгасан өсч яваа залуу өмгөөлөгч билээ. Улмаар  Баянгол дүүргийн татварын хэлтэст Татварын улсын байцаагчаар ажиллаж, татвар санхүүгийн чиглэлээр багагүй туршлагажсан байна. Эдүгээ иргэн, эрүү, захиргааны хэрэг маргааны чиглэлээр өмгөөлөл хийж байна. Нөгөө талаар Татвар, компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, эрүүгийн эрх зүйгээр мэргэшсэн нь түүний ажил мэргэжлийн  онцлог давуу тал аж. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа гэв.

9274f3a5-7e29-4a92-8394-a44787448d57 (1)Эдгээр  өмгөөлөгчдийн дунд  Хууль зүйн албаны тэргүүний ажилтан, МӨХ-ны тэргүүний өмгөөлөгч, Хөдөлмөрийн хүндэт медальт Б.Оюунбилэг, МӨХ-ны тэргүүний өмгөөлөгч, Хууль зүйн албаны тэргүүний ажилтан,“Хөдөлмөрийн хүндэт медальт, мэргэжлээрээ 18 жил ажиллаж байгаа  өмгөөлөгч Жаргал нарын хийж бүтээх зорилго тэмүүлэл дүүрэн  өмгөөлөгчид ажилладаг. Д.Жаргал өмгөөлөгчийн хувьд эрүү иргэн, захиргааны чиглэлээр 17 жил өмгөөлөл хийж буй. Ийнхүү ажлынхаа үнэ цэнэ, үр шимийг өдрөөс өдөрт хүртэж яваа эрхэм өмгөөлөгч та бүхэндээ хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх үйлсэд нь  өндөр амжилт хүсье.

Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх