Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” үндэсний II чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа.
Чуулганд төр, иргэний нийгэм, зарим аймаг, нийслэл, дүүргийн нийт 900 гаруй төлөөлөгч оролцож, 2022 онд зохион байгуулагдсан анхдугаар чуулганаас гарсан зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнг хэлэлцэж, цаашдын авч хэрэгжүүлэх чиглэл, зорилгын талаар хэлэлцэн шийдлийг ХАМТДАА эрэлхийлж, нэгдсэн ЗӨВШИЛЦӨЛД хүрлээ.
Чуулганы төлөөлөгчид БИД,
- Нийгмийн хөгжлийн үндэс болсон гэр бүлийн үнэт зүйл, нандин чанарыг уламжлан хадгалахад эрэгтэйчүүдийн үүрэг оролцоог онцлон тэмдэглэж,
- Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжийг бүрдүүлэх зарчимд үндэслэн,
- Эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжихэд салбаруудын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх ач холбогдлыг анхааран,
- Эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго, нийгмийн хөгжлийг хангах нэг арга зам болохыг хүлээн зөвшөөрч дараах ЗӨВЛӨМЖИЙГ хэрэгжүүлж ажиллахыг талуудад уриалж байна.
Нэг. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГУУДАД:
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд:
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих;
– Эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг эрчимжүүлж, зохистой ажлын байр бий болгох;
– Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн чиг хандлагын дагуу мэргэжлийн ажилтан бэлтгэх ажлыг зохион байгуулах;
– Гадаад улсад хөдөлмөр эрхлээд эх орондоо буцаж ирсэн иргэдэд ажлын байр бий болгох, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх;
– Эдийн засгийн үйл ажиллагааны зарим салбарт эрэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоог жигд хүртээмжтэй нэмэгдүүлэх;
– Хорих ангид хоригдож байгаа иргэдийг хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулж, ур чадвар эзэмшүүлэн хорих ангиас гараад нийгэмших, хөдөлмөр эрхэлж ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх;
– “Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв”-ийн үйлчилгээг улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх;
– Эрэгтэйчүүдэд чиглэсэн нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх арга зүйн дагуу сургалт зохион байгуулж, сургагч багш бэлтгэх;
– Хүүхэд хүмүүжлийн эерэг арга зүйг түгээн дэлгэрүүлж, гэр бүлд чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах;
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх эрэгтэйчүүдийн ойлголт, хандлагыг өөрчлөх, эрэгтэйчүүдийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийг бууруулах, Мэргэжлийн өвчин судлалын эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг сайжруулах;
Эрүүл мэндийн яаманд:
– Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх;
– Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, өвчнийг эрт шатанд нь илрүүлж, эмчлэх;
– Өсвөр насныханд тусгайлан эрүүл мэндийн талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах;
– Аймаг, дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн өрөө, кабинет байгуулах, улсын болон хувийн эмнэлгүүдээр үзүүлж буй эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрөлжсөн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх;
– Эрэгтэйчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, сэтгэл зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
– Хорт буруу зуршилд автах, донтохоос урьдчилан сэргийлэх болон нөлөөллийн арга хэмжээ тогтмол зохион байгуулах.
Соёлын яаманд:
– Зан үйлийн хэвшмэл ойлголтыг залруулах, хорт буруу зуршлаас сэргийлэх соён гэгээрлийн арга хэмжээг эрчимжүүлэх;
– Амьдралын зөв дадлыг олгох, соёлжуулах зорилгоор хорт зуршлын эсрэг тайз, дэлгэцийн бүтээлийг дэмжих;
– Гэр бүлийн гишүүдийн харилцан хүндлэл, хамтын хариуцлагын талаар гэр бүл, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх;
– Үлгэр жишээ аавууд, эрэгтэйчүүдийн сайн жишээг сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээнд татан оролцуулах;
Хууль зүй, дотоод хэргийн яаманд:
– Гэмт хэрэг, зөрчил, архидан согтуурах, донтолтоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;
– Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа, тамхи худалдаалахгүй байх, согтуугаар жолоо барих үед нөлөөлөх цусан дахь спиртийн агууламжийн хувийг бууруулах хуулийг хэрэгжүүлэх;
– Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас жил бүр тогтмол хугацаанд зам тээврийн хөдөлгөөнд аюулгүй оролцох талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, дадал хэвшил болгох чиглэлээр үндэсний хэмжээний аян, нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж, хэрэгжилт, үр дүнг олон нийтэд танилцуулж, тайлагнаж хэвших.
Боловсрол, шинжлэх ухааны яаманд:
– Сургалтын байгууллагуудын нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн чадавхи, хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр насны эрэгтэй хүүхдийг сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэхэд сургах, тэдэнд үлгэр дуурайлал болохуйц зөв хандлагатай эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэх;
– Эрэгтэйчүүдийн боловсрол эзэмшилтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа хийж, судалгаанд суурилсан үйл ажиллагааг зохион байгуулах.
Батлан хамгаалах яаманд:
– Гэрээт болон цэргийн хугацаат албанд буй, “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж буй залуучуудыг гэр бүлийн болон амьдрах ухаан, хувь хүний ур чадвар олгох сургалтад хамруулах.
Зам, тээврийн хөгжлийн яаманд:
– Авто замын камерын хяналтыг сайжруулах, тээврийн хэрэгслийн хурдыг хэмжих, бага насны хөвгүүдээр мотоцикл жолоодуулахгүй байх, “суррон” дугуйн жолоочид зориулсан зохицуулалт хийхэд анхаарах;
– Зам тээврийн осолтой холбоотой эрэгтэйчүүдийн гэмтэл, нас баралтыг бууруулахад анхаарах;
– Зам тээврийн болон үйлдвэрлэлийн ослын талаар олон нийтэд зарлаж, түүний хор хөнөөлийг бууруулах сургалт болон бусад олон талт нөлөөлийн ажлыг зохион байгуулах.
Жендэрийн Үндэсний Хороонд:
– Дундаж наслалтын зөрүүг багасгах арга хэмжээний төлөвлөгөөг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, талуудын хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах;
– Эрэгтэйчүүдийн амиа хорлолтын шалтгаан нөхцөлийг илрүүлэх судалгааг хийж, дүн шинжилгээ хийж, тухайн судалгааны үр дүнд суурилсан зөвлөмж боловсруулж, эрэгтэйчүүдэд мэдлэг ойлголт өгөх ажлыг зохион байгуулах;
– Номын сан, спорт заал, фитнесс, мөсөн гулгуурын талбай, иог, усан бассейн, хөгжлийн төвүүдийг олшруулах замаар гэр бүлийн чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, улмаар эрэгтэйчүүдийн эрүүл амьдралын дадал хэвшүүлэх, хорт буруу зуршил, донтолтыг бууруулах;
– Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход эрэгтэйчүүд, хөвгүүдийн оролцоог чухалчлах, бүх нийтийн жендэрийн боловсролыг дээшлүүлэх;
– Гэр бүл салалтын шалтгаан нөхцөл, жендэрийн хэвшмэл хортой ойлголтын талаарх судалгааг хийж, дүн шинжилгээнд суурилсан ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;
– Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудыг илрүүлэх судалгаа хийж, сэтгэл зүйн асуудлуудыг гэр бүл болон өөрт нь хор хөнөөл багатай эерэг байдлаар шийдвэрлэх арга зүйг боловсруулж, эрэгтэйчүүдэд эзэмшүүлэх, сургалт, соён гэгээрлийн ажлыг өрнүүлэх;
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРООНД:
– Эрүүл, илүүдэл жингүй байх уриалга, нөлөөллийн аян, арга хэмжээг эрчимжүүлэх;
Хоёр. ОРОН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДАД:
– Аймаг, нийслэл, дүүрэг бүр эрэгтэйчүүдийн, хөвгүүдийн хөгжлийн тусгай хөтөлбөрийг Орон нутгийн хөгжлийн сангаас дэмжих, эрэгтэйчүүдийн хөгжил, оролцоог дэмжих арга хэмжээг төсөвлөх, хэрэгжүүлэх, холбогдох талуудтай хамтран ажиллах;