Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцахыг МУИС-ийн Монгол хэлний тэнхимийн багш, хэл шинжлэлийн ухааны доктор Г.Баттогтох уриаллаа. Тэрээр Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, 113 дугаар ангийн алба хаагчдад “Орчин цагийн монгол хэлний хэрэглээ” сэдвээр сургалт хийлээ. Монгол хэлний зарим үгийг хэрхэн бичих нь маргаан дагуулах болсон. Гэвч зөв бичгийн дүрэм сүүлийн жилүүдэд огт өөрчлөгдөөгүй. Тиймээс эргэлзээтэй үг бичихдээ хэн нэгнээс асуух бус толь ашиглаж сурахыг энэ үеэр зөвлөлөө. Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-ийг хоёр ч удаа шинэчлэн хэвлэсэн бөгөөд Mongoltoli.mn холбоосоор ашиглах боломжтой.
Түүнчлэн “Монгол хэл гэдэг зөвхөн зөв бичих дүрэм биш. Монголчуудыг хооронд нь ижилсүүлж харин дэлхийгээс ондоошуулах хүчирхэг хэрэгсэл. Тиймээс эх хэлээ нандигнан хайрлаж, үр хүүхдэдээ зөвөөр үлгэрлэн заах нь бидний үүрэг” хэмээв. Мөн байгууллагын албан бичгийг хэрхэн зөв, цэгцтэй хөтлөх, харь үгийг монгол ахуйдаа тохируулахгүй шууд утгаар орчуулан хэрэглэж буйн уршиг хэрхэн илэрч байгааг тайлбарлалаа.
Г.Баттогтох нь ““Монгол хэлний түвшин тогтоох шалгалт”-ын жишиг даалгавар, олон улсын Монгол хэлний TOMFL үндсэн аргачлал, жишиг сорилго зэргийг боловсруулж, “Монгол хэл судлал. XIII боть. Бичгийн хэл” номын зохиогчдын нэг юм.
Монгол хэлний толь бичиг ашигладаг соёлд суралцахыг уриаллаа
2024 оны 02-р сарын 16 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )