Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ

2023 оны 10-р сарын 12 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
IMG-fc5cfc251ec943dc7b54f4f7fa85e6f3-V

Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга ноён Клод Имовен,

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Монгол-Франц хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой өнөөдрийн бизнесийн форумд хүрэлцэн ирсэн Монгол, Францын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ ташрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд энэ удаагийн бизнес форумыг хамтран зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллагууд, Монгол, Францын худалдааны танхимууд болон өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хоёр орны бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 58 жилийг туулжээ.

Энэхүү түүхэн хугацаанд манай хоёр орон улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнөөдрийн байдлаар Францын нийт 66 компани манай улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байна.

Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд өнөөдрийн энэ бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Хатагтай ноёд оо,

Монгол Улс өнөөдөр бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, мөнхийн хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, ногоон нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоохоор зорин ажиллаж байна.

Монгол Улс нийгэм, эдийн засаг болон үндэсний аюулгүй байдлаа бататган бэхжүүлэх зорилгоор эдийн засгийн олон чухал шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь шинэчлэлүүдийг хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах болон дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн үндэсний хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж байна.

Мөн цар тахлын дараах Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг сэргээхэд Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад онцгой анхаарч байна.

Монгол Улсын хэрэгжүүлж буй дээрх эдийн засгийн бодлого, санал санаачилга болон үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, ялангуяа Франц Улсын мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй гэж бид үзэж байна.

Нэн ялангуяа хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад өнөөдрийн форумын гол зорилго оршиж байгаа юм.

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна.

Энэ хүрээнд манай улс хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш”  байх зарчмыг баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Цаашид Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарч ажиллана гэдгийг та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

Мөн манай улсын татварын орчин тогтвортой, татварын хувь, хэмжээ бүс нутгийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Түүнчлэн Монгол Улс өнөөдрийн байдлаар 26 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 43 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрүүдийг тус тус байгуулаад байна.

Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн олон оронд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Тухайлбал, Европын Холбооны GSP+ хөтөлбөрийн хүрээнд нийт 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжтой.

Үүний зэрэгцээ Монгол Улс “Замын-Үүд” болон “Алтанбулаг” зэрэг хэд хэдэн чөлөөт бүсийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байна.

Монгол Улс Франц Улстай худалдаа, хөрөнгө оруулалтаа өргөжүүлэн хөгжүүлэх суурь эрх зүйн орчин харьцангуй сайн бүрдсэн бөгөөд 1991 онд Монгол Улс, Франц Улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”, 1996 оны “Давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ” зэрэг баримт бичгүүдийг байгуулсан.

Мөн 2013 онд Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг байгуулсан юм.

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өнгөрсөн тавдугаар сард манай улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн Франц Улсад хийж буй төрийн айлчлал нь хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Францын хөрөнгө оруулагчдын итгэлийг бататган бэхжүүлж, бодит үр дүн гаргахын зэрэгцээ манай хоёр улсын хооронд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монгол Улс хичээн ажиллах болно гэдгийг Та бүхэнд хэлэхийг хүсэж байна.

Хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, бүхий л салбарт өргөжин хөгжүүлэхэд өнөөдрийн бизнесийн форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл төгс байна.

Энэ дашрамд Монгол Улс ирэх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд Та бүхнийг мөнх тэнгэрийн орон, Их эзэнт гүрний өлгий нутаг, манай сайхан эх оронд зочлон ирэхийг урьж байна.

Өнөөдрийн бизнесийн форумын үйл ажиллагаанд амжилт хүсье!

Монгол, Францын ард түмний ган бат найрамдал улам цэцэглэн хөгжих болтугай.

Анхаарал тавьсанд баярлалаа” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх