Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо.
Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль болох Нийгмийн даатгалын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль /шинэчилсэн найруулга/, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг тус тус хэлэлцэн баталсан.
Дээрх хуулиудыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Нийгмийн даатгалын багц хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлалыг боловсруулж, батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурал 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Тус ажлын хэсгийн ахлагч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал ажлын хэсгийн ажлын явц, гүйцэтгэлийн талаар холбогдох мэдээллийг танилцуулж, журам, заавар, дүрэм, аргачлалыг боловсруулах явцад тулгарч буй асуудлын талаар санал солилцож, хэлэлцэн шийдвэрлэлээ.
УИХ-ын Байнгын хороо батлах 2, Засгийн газар батлах 15, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам батлах 10, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад яамдтай хамтран батлах 8, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батлах 13, Нийгмийн даатгалын ерөнхий газар батлах 10, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Татварын ерөнхий газартай хамтран батлах 1, нийт 59 журам, заавар, дүрэм, аргачлал байна. Эдгээрээс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар боловсруулж санал авахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн 19, баталсан 5 журам, заавар, дүрэм, аргачлал байна.