Өчигдөр буюу 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо, Монелын авто зогсоолд “Тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн олон нийтийн цагдаа Г.Даваацэрэн нь албан үүргээ гүйцэтгэж яваад 15 настай, эрэгтэй “Ц” нь бусдын “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг хулгайлсныг шуурхай илрүүлжээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2023 онд олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 214 байхаар баталж, 2023 оны эхний 09 сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 170 олон нийтийн цагдаа хороодын нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах зорилгоор цагдаагийн алба хаагчдад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж, эргүүл, хяналт шалгалтад 4628 удаа, хэргийн газрын хамгаалалтад 1737 удаа, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн 22,131 этгээдийг цагдаагийн байгууллага болон холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч, гэмт хэрэг, зөрчлийн талаарх 36,857 мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад мэдээлж, 85 гэмт хэрэг, 2001 зөрчлийг илрүүлж, таслан зогсоож, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч 396 иргэнийг шүүхээр шийдвэрлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.