Ц.Цэцэнзориг: “Хөрөнгө оруулалтын сан” Хөвсгөл аймагт хийгдэх төслүүдийг дэмжиж ажиллана

2023 оны 10-р сарын 05 өдөр, 10 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ba97cb932517e5196c4f3d2f7950b4c8_x3

Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо энэ сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригоос тодрууллаа. 

-Сүхбаатарын талбайд “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг зохион байгуулах болсон шалтгаан юу байв?  

-Нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, ард иргэдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлэхээр хотод ажиллаж, амьдардаг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуус санаачилж “Хөрөнгө оруулалтын сан” байгуулахаар болсон. Хөвсгөл аймагт хийгдэх төслүүдийг дэмжиж ажиллах юм. Аливаа зүйл мэдээлэлгүй, мэдлэг багатайгаас болж санхүүгийн эрсдэлд ордог. Тэгвэл  “Хөрөнгө оруулалтын сан” нь мэргэжлийн байгууллага  юм. Тус сан иргэдийг санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдний бизнес, хөрөнгөө удирдахад туслах, чиглүүлэх бидний ярьдгаар “долоо хэмжиж нэг огтол” гэдэг шиг маш нарийн дүрэм, журамтай, санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахидаг байгууллага.

Монгол Улсад ийм хөрөнгө оруулалтын сан олноор бий болж байна. Банкуудад биш сангуудад тулгуурласан бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой. Үүний эхлэл болгож Хөвсгөл аймагтаа анхны жишиг “Хөрөнгө оруулалтын сан”-г үүсгэж цаашид ийм олон сангуудыг хөгжүүлэхээр зорьж байна.

-Нутгийн зөвлөлийн шинэчлэлийн нэг нь ил тод “Шилэн” байх зорилтыг тусгасан байсан? 

-Олон нийтийн оролцоонд тулгуурласан төрийн бус байгууллагууд “шилэн“ байх ёстой гэж боддог. Тэдний оролцсон оролцоо, хандив, тусламжийн тайланг цаг тухайн үед нь ил тодоор тавьж байх хэрэгтэй. Ингэснээр дараа дараагийн оролцох хүмүүст итгэл төрүүлэх юм. Хамтын ажиллагааг өрнүүлэх гэж байгаа л юм бол хэн, хэн хэрхэн яаж оролцоотой байгаа вэ гэдгийг ил байлгах юм. Өөрөөр хэлбэл, хэн санхүүгийн дэмжлэг болоод цаг хугацааг зориулсан, ямар авьяас чадвараар оролцсон гэдгийг байнга бүртгэж тайлагнаж явах ёстой. Ингэснээр бид олон хүнийг байгууллагадаа татан оролцуулж, улмаар бие биеэсээ харилцан дэмжлэг, тусалцаа авдаг, хамтдаа хөгждөг органик нэгдэл болох учиртай.

-“Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгөөр  олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ялангуяа бизнес уулзалтыг сонирхсон хүн олон байна?

-“Нээлттэй Хөвсгөл 2023” өдөрлөгийн хүрээнд 12 төрлийн эвент арга хэмжээг зохион байгуулна. Энэхүү  арга хэмжээг зохион байгуулах санаа аймагтаа ажиллаж, аялж байхад төрсөн гэх үү дээ. Энэ зун манай аймагт томоохон баяр наадам, эвент арга хэмжээ олон болсон. “Сарлагийн фестиваль”, “Алунгоо хатны баяр”, “Монгол бөхийн шүтээн”, “Хийморь цогцолбор” барьж байгуулсны баяр гээд бүх арга хэмжээнд нь бид оролцсон.

Манай монголчуудын тухайд нутагтаа очих, нутгийнхаа аливаа арга хэмжээнд оролцож, анги хамт олонтойгоо уулзаж, холбоотой байя гэсэн сэдэл, эрмэлзэл хүн бүрт байна.

Харин баяр ёслол бүгдээс ажиглагдсан нэг зүйл гэвэл ажил хэрэгч уур амьсгал энэ үеэр бүрддэггүй юм шиг санагдсан. Тиймээс зөв зүйтэй тодорхой зүйлд ажил хэрэгч хандлага хэрэгтэй. Энэ хандлага руу бид чиглүүлэх нь цаг үеэ олох юм шиг санагдсан.

Ялангуяа Улаанбаатар хотынхонд, цаашлаад дэлхийд Хөвсгөлийнхнөө зөвөөр таниулах, салбар, салбарын төлөөллийг танилцуулах ажил хэрэгч уулзалт чухал санагдсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед байгаа боломжоо бусадтайгаа хуваалцах, бараа солилцоо яагаад хийж болохгүй гэж.

Нутаг дотроо, ах дүү дотроо яагаад бид ажил хэрэгч санал тавьж уулзалт хийж болохгүй гэж. Тиймээс Хөвсгөл нутагт ажиллаж, амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр л зорьсон.

-Бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Нутгийнхны оролцоо, дэмжлэг, хандлага ямар байна вэ? 

-Нутгийн зөвлөл үүргийнхээ хүрээнд энэ ажлыг санаачилж сар гаруйн өмнөөс ажиллаж эхэлсэн. Хүмүүсийн оролцоо идэвх сайн, халуун дотноор хүлээн авч байна. Салбар салбарынхаа төлөөллийг оролцуулахаар сумдынхаа  Нутгийн зөвлөлөөс судалгаа авсан. Хэр дэмжлэг авах, хэр зөв байх нь биднээс шалтгаална.

Мэдээж хүмүүс ажиглана, оролцоно, дараа нь дүнгээ тавина. Бидэнд цаашид хийх ажил зөндөө. Гараа сайн бол бариа сайн гэдэг шиг хүмүүсийг нэгтгэж, арга хэмжээнд татаж оролцуулснаараа үр дүнтэй болж, эргэх холбоогоо тогтоож,цаашид хамтын ажиллагаа сэргэх болно. Зөвхөн сэтгэлээр сэрэх биш харилцан ашигтай, амьдралынх нь чанарт өөрчлөлт оруулснаараа л бид хамтдаа хөгжинө, аймгаа ч хөгжүүлнэ.

Наад зах нь бид судалгаа, мэдлэг, мэдээлэл сонголтыг өгч байх хэрэгтэй. Хотод хөдөөнөөс ирээд 20 хоногт бүтээх ажлыг хоёр хоногт бүтээгээд өгдөг мэдээлэлтэй болгохыг зорьж байна. Ийм байдлаар ажиллавал манайд хандах иргэд нэмэгдэнэ.

-Ярилцсанд баярлалаа. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх