Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Аялал жуулчлалын гол бүс Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам тавина

2023 оны 09-р сарын 28 өдөр, 10 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
vaopjAAVH8hArLmWCfzE

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна. Өнгөрсөн хугацаанд улс оронд бий болсон хүндрэлүүдийн шалтгаан, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилгахад чиглэсэн “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ялангуяа “5Ш” ажиллагаа, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхэд анхаарч, нүүрсний экспортыг ил болгож,  боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.
Эдийн засгийн 93 хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа өнөөгийн бүтцийг задлах нь чухал. “Эрдэнэт” үйлдвэрийг төрийн мэдэлд авснаар анх удаа энэ онд 1,8 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн. ОюуТолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.

Цаашид “Шинэ сэргэлтийн 5 цагариг”-ийг хэрэгжүүлснээр 21 аймгийг бүсчлэн хөгжүүлж, “Мянганы зам”-ын дараагийн үе шат буюу аймгуудыг хооронд нь, боомтуудыг авто замаар холбож, дулаан цахилгаанаар бүрэн хангах боломж бүрдэж, эрчим хүч, дулаан цахилгаан, авто зам, төмөр замын сүлжээ нэмэгдэнэ гэлээ.
Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад нь хариуллаа. Хөвсгөл аймгийг аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх Засгийн газрын зорилт, авлигын эсрэг Ерөнхий сайдын эхлүүлсэн тэмцлийг дэмжиж буйгаа иргэд хэлсэн бөгөөд орон нутгийн чанартай асуудлыг түлхүү хөндлөө. Өөрийгөө санхүүжүүлэх боломжтой аймгуудын нэг нь Хөвсгөл. Тиймээс боломж бүхнээ ашиглах ёстойг Ерөнхий сайд хэллээ.

137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав. Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна. Үүнд,
-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн авто зам барих
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв. Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх