2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 103-р тогтоолоор Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог байгуулж Соёлын сайд Ч.Номин уг хороог ахлан ажиллаж байна.
Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд ажиллаж байна. Энэ хүрээнд гадаад сурталчилгааг эрчимжүүлж олон улсын СNN, Financial Times, The Economist зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ.
Энэ хүрээнд CNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч, “Quest Means Business” нэвтрүүлгийн хөтлөгч Ричард Квэст Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцахаас гадна, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг бэлдэх юм.
Ричард Квэст нь 1985 оноос эхлэн ВВС телевизэд ажиллаж эхэлсэн бөгөөд 1989 оноос эхлэн Хойд Америк хариуцсан сэтгүүлчээр ажиллаж байсан туршлагатай бөгөөд CNN телевизийн нүүр царай болсон хөтлөгч, сэтгүүлч юм.