Зайсангийн шинэ гүүрийг наймдугаар сарын эхээр нээнэ

2023 оны 07-р сарын 01 өдөр, 14 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
649e9c0518164615ff1e7383

Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ ажлын явцтай танилцлаа. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буйг гүйцэтгэгч компани онцолж буй.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:

-Зайсангийн гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Зам барилгын ажил явуулахад аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар өртсөн тул техник хэрэгсэл оруулж чадахгүй байгаа асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс үүнийг шийдэхэд анхаарна. Ер нь бүтээн байгуулалтын явцад тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар л шийднэ. Түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөр дээр нийслэлийн зүгээс шуурхай баг гарч, гүйцэтгэл дээр нь өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байгаа, үр дүн нь ч гарч буй хэмээлээ.

Монгол Улсын зөвлөх инженер, “ЗМЗ” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, зөвлөх Ц.Шинэзориг:

-Зайсангийн 225 метр урт төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил үргэлжилж байна. Одоогоор урд захын тулгуур дээр байсан дулааны шугамын асуудлыг шийдвэрлэн түр шугамыг тавиад дууслаа. Шинэ гүүрийн барилгын ажил 92 хувьтай буй. Одоо хашаа, хайс хийх, замыг хойш, урагш нь холбох ажлууд үлдээд байгаа. Шинэ гүүрийг ирэх наймдугаар сарын эхээр нээгээд хуучин гүүрийг нураах ажил эхэлнэ. Бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл өргөтгөл, шинэчлэлийг энэ ондоо багтаан дуусгана гэсэн юм.

Зайсангийн гүүрээр хоногт 16 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрдэг. Харин шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган тээврийн хэрэгсэл зорчдог болж, замын нэвтрүүлэх чадвар 20 хувиар нэмэгдэн, Богд уул болон Чингисийн өргөн чөлөөний хөдөлгөөний эрчмийг 10 хувиар сайжруулах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх