Хүн энэ хорвоод ямар нэг сайн үйл бүтээх гэж ирдэг гэх. Түүн шиг түмэн олныхоо тусын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдсэн “Эхийн гэгээн мэлмий, Ногоон дарь” эх-ийн холбооны тэргүүн З.Тунгалагбадамтай ярилцлаа.
Тус холбооны бүсгүйчүүд анхнаасаа бусдын сайн сайхны илч гүүр болон чадах бүхнээрээ туслая гэсэн чин зорилготой явж ирсэн учраас эдүгээ ч үйл ажиллагаа нь улам дэлгэрч, дэвжсээр, энэ бурхныг шүтэн залбирагсдын итгэл сэтгэл, талархлыг хүлээсээр буй.
Өөрөөр хэлбэл Ногоон дарь эх бурханд элэгтэй, залбиралтай хүмүүс нэгэн цаг дор энэхүү сайхан ном, маань мэгзэмээ хамтдаа хайрлаж, бусдын сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ, оч бадраадаг сайхан үйл хийгээд найман жилийг ардаа үджээ. Тийм ээ, ийм л аливаа юмны мөн чанарыг ухаарсан хүн ямар нэг буян үйлдэж,бусдад тусыг үзүүлэхийг хүсдэг нь өр нимгэн эл бүсгүйчүүдээс тодхон харагдаж буй. Хувь хүний хувьд түүний гэрэлтсэн царай, гэгээлэг төрх, үг яриа, үйл хөдлөл, амар амгалан байдал нь жинхэнэ бурхны номонд шамдаж яваа хүний дүр төрхийг тодоор илтгэх мэт. Иймд тэрбээр нэг хүнд ч болов энэхүү тусч бурхны ивээл хайрынх нь талаар ойлгуулж, зөв зам руу нь оруулж, амьдралын гэгээн харгуйд тэмүүлэх төлөвшлийг бий болгох юмсан гэсэн чин сэтгэл дүүрэн явдаг нэгэн билээ. Тийм ээ, ийм л гэгээлэг хүмүүс бусдыг сайн, сайхны төлөө зүтгэж түүгээрээ хөглөгдөж, тэжээгдэж явдаг юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж суулаа. Нэмж хэлэхэд “Эхийн гэгээн мэлмий Ногоон дарь” эх-ийн холбоо эдүгээ ес дэх жилдээ Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан “Ногоон дарь эх” бурхныхаа чуулганыг зохион байгуулах гэж буй.
-Одоогоос найман жилийн өмнө “Эхийн гэгээн мэлмий, Ногоон дарь эх”-ийн холбоо байгуулагдаж байсныг санаж байна. Тэр цагаас та бүхний бусдын төлөөх гэдэг сайн үйлс тасраагүй. Энэ бидний ярианы эхлэл болой?
-Энэ тухай яривал 2015 онд “Ногоон дарь эх” бурханд элэгтэй,сүжигтэй, залбиралтай эмэгтэйчүүд сэтгэл зүрхээ нэгтгэн “Эхийн гэгээн мэлмий, Ногоон дарь эх”-ийн холбоогоо байгуулж, анхдугаар чуулганаа хийж байсан түүхтэй. Тэр цагаас хойш эдүгээ найман жил болж байна. Ковидын үед ч бид үйл ажиллагаа тасарч,доголдоогүй. Ядарч, зүдэрч, зовж яваа хүмүүстээ өчүүхэн ч болов сэтгэлийн дэм хайрлаж, ээжээ гэж дуудахтай эн тэнцүү ивээж байдаг “Ногоон дарь” эх бурхныхаа авралд багтаая гэсэн зорилгоор явж ирсэн. Энэ сайн үйлсэд өөрсдийнхөө хэмжээнд хувь нэмэр оруулъя гэсэн үүднээс “Page” хуудсаараа дамжуулан Ногоон дарь эхийн хурал, даалтаа явуулсаар байгаа. Нэмж хэлэхэд манай холбоо ашгийн бус, энэ хугацаанд нэг ч удаа тасалбар зарж борлуулж байгаагүй. Учир нь эдгээр сайхан сэтгэлтэй эмэгтэйчүүд маань өөрт юу байгаа тэр бүхнээ авчраад дээр нь Төв гандантэгчинлэн хийдийн лам нар оролцоод сайн санааны ажил учраас аяндаа л дэлгэрээд явчихдаг юм.
– Бурхдын дотроос хамгийн их тусалдаг, нигүүлсэнгүй, энэрэнгүй Ногоон дарь эх бурхны утга учраас товчхон дурьдахгүй юу?
– “Ногоон дарь эх” бурхныг залсан, дурьсан, үгийг нь эхэлсэн бүхэн чин сэтгэлээсээ итгэл үнэмшилтэйгээр залбирч байхад буян хишиг нь тогтохоос эхлээд үүн дотор 21 шид багтдаг. Тухайлбал, хэрүүлийн бузрыг арилгана, муу зүйлээс хамгаална гээд хүнд хэцүү үедээ аврал эрж “Ногоон дарь эх”-ийг уншихад бидэнд үнэн сэтгэлээсээ тусалж байдаг. Тиймээс бидний хэдэн үзэл бодол нийлсэн эмэгтэйчүүд хамтраад ядарч байгаа нэгэндээ туслая гэсэн зорилгоор жил бүр өнчин хүүхдийн цэцэрлэг, 21 эмээд сүү, тараг, наймаа хийж байгаа бүсгүйчүүд маань бараанаасаа хүүхдүүдэд тараах гээд “Ногоон дарь эх” бурхан маань маш өгөөжтэй, өгөөмөр, далайцтай. Гадаад дотоодын хүмүүс Монголын урлагийн сор болсон эмэгтэйчүүд манай холбоонд нэгдэж, нэг өдөр нэг цаг минутад Ногоон дарь эхээ уншдаг. Тухайлбал, АЖ Цогзолмаа гуай, Б. Мөнхшүр гуай ногон дээлээ өмсөөд, СТА Б.Эрдэнэцэцэг хөтөлдөг гээд олон сайхан хүмүүс ханддагт нь ямагт талархаж явдаг. Тэд маань эхлээд өрх гэрээ, цаашилбал, улс орон, төр түмнийхээ төлөө залбирч, гуйдаг. Ямар ч буддист хүн “Ногоон дарь эх” бурханд залбирахгүй байна гэж байхгүй. Ороо бусгаа энэ үед халаглаж явахын оронд бид дарь эхийн авралын ажлыг хийж явна. Энэ ажлыг минь цааш нь залгамжлаад аваад явах олон эмэгтэйчүүд байгаа.
-Зургадугаар сарын 1 -нд танай холбоо энэ жил ямар ажил хийв?
-Яагаад ч юм, зургадугаар сарын 1 дөхөөд ирэхээр хэдүүлээ ямар буян хийж, хэнийг баярлуулах вэ гээд л…. цаанаасаа сэтгэл нь огшоод ирдэг юм. Энэхүү үйл ажиллагаанд маань гадаадаас 18 аймгаас “Ногоон дарь эх” бурханд залбирдаг зөвхөн эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч хандаж бидний санаачилсан ажлыг маань дэмжиж оролцдог. Энэрэнгүй уян зөөлөн сэтгэлтэй “Ногоон дарь эх” бурхны өмнөөс хийж байгаа учраас чин сэтгэлээсээ бусдад туслаад нэг хүнийг ч болов амар амгалан байлгачих юмсан,чадал хүрдэг бол бүгдэд нь туслах юмсан гэж хичээж явдаг даа, бид.
-Эндээс харахад хүн ямар нэг бурханд сүсэглэж, цаашилбал,зөв сайхан бодлоор хорвоог сүлж, сүлэгдэж явахад болж бүтэхгүй зүйл гэж байхгүй юм шиг?
-Хорвоо мөнх бус учраас бид насаараа аав ээжтэйгээ байхгүй. Аав ээжийг минь орлож, тэр ч бүү хэл дутууг минь гүйцээж өгдөг аав ээж, хань ижил,хайртай үрсээ төлөөлөөд энэ бурхандаа залбирч бодож явахад ажил үйлс аяндаа л бүтдэг, бүтэх ч учиртай. Тийм учраас огт хар буруу санахгүй, ороо бусгаа энэ цаг үед аль болох зөвийг бодож, зөв үйл хийхийг эрхэмлэж явах нь чухал. Аливаа хүнд уур хилэн байна гэдэг ад байна гэсэн үг. Түүнийг дарахын тулд дахиад адтай хүнд адархаж болохгүй. Хүнээс хичнээн болж, бүтэхгүй үг сонсч байсан ч тэрхэн хэдэн минут, секундыг тэвчээд өнгөрөөчих хэрэгтэй. Үүний дараа амар амгалан хүрээд ирнэ. Уурлаад уцаарлаад явж байгаа хүнд хайр л дутсан байдаг. Хүн хүнээрээ л дутдаг. Тийм хүнийг юу дутаад байгааг нь ойлгож мэдрэх, сэтгэлээ хуваалцаад, цаашилбал, үүнийг хийчихвэл хань ижил үр хүүхэд маань баярлана шүү дээ гэж эерэг сэтгэлээр бодож эндээс амар амгалан ирнэ. Там там л гэх юм, тамтаггүй явбал тамыг хүн өөрөө бий болгодог гэж ноён хутагт Данзанравжаа гуай хэлсэн нь бий. Түүний адил аливааг дандаа эерэгээр бодож, сайн муу хоёрыг ялгаж салгаж сурах хэрэгтэй. Муу санаанаас муу бодол төрдөг. Юмыг чамлах биш, байгаа юмандаа сэтгэл хангалуун байх нь аз жаргал шүү дээ. Нөгөө талаас хүнийг шүүмжлэхээсээ илүү сайныг нь олж харах ёстой.
– Амар амгалан байхын тухайд, маани мэгзэм уншихын хажуугаар бодь сэтгэлтэй, ямар нэг зүйлээс тайвшрал, тайтгарлыг олж авахад оршдог болов уу гэж боддог?
-Амар амгалан байхыг хүмүүс өөрсдөөсөө эхлэх ёстой. Хажууд байгаа хүмүүстээ энэрэнгүй эхийн, эгчийн, эхнэрийн сэтгэлээр хандаж чадахгүй байж өрөөл бусдыг засна гэж үгүй. Тийм учраас юуны түрүүнд хажуудахаа хайрлаж, үр хүүхдэдээ зөв үлгэрлэл үзүүлж, бусдад гэм хоргүй,зөв үзэл бодол, ухааныг суулгаж өгөх хэрэгтэй. Наад зах нь эцэг эхээ хүндэлж, ах дүүсээ хайрлах, боломжтой нь боломжгүйдээ туслах, намуун зөөлөн дуу авиа гээд хүний харилцаа хандлага бол дууны өнгө,нүдний харцаас л эхэлдэг. Нөгөөтэйгүүр зарим хүмүүс авахыг л бодоод байдаг,авахаасаа өгөх нь өлзийтэй гэж үг бий. Сайхан инээмсэглээд сэтгэл сэргэсэн нэг сайхан үг хэлэхэд хүн сэтгэлийн амьтан учраас сэвхийтэл босоод тайвшраад ирнэ. Ингэж чадваас байгаа орчиндоо амар амгалан,сэтгэл санаа тайван байж, ухаан саруул байна гэдгийг чадлынхаа хэрээр олон түмэндээ хүргэх юмсан, нэг ч хүнийг ч гэсэн зөв яваасай гэж бодож бясалгаж суудаг даа.
-Та бусдын төлөөх сэтгэлээр бурхны номонд шамдан суралцаад хэр удаж байна вэ?
– Цаг хугацаа гэдэг амархан юм даа, нэг л мэдэхэд 20 гаруй жил болсон байна шүү дээ. Долоо, найман настайгаасаа өвөг дээдэстэйгээ хамт тарни тоолдог байлаа. Ялангуяа “Ногоон дарь эх”-ийн тарнийг шууд тоолоход манайхан ч манай лам шүү гэж тоглоом, шоглоомоор хэлдэг байсан. Аав маань маш хөдөлмөрч,цэвэрч, маш зөв, хүн өөрөө зөв байж, зөв орчныг үүсгэдэг юм, зөв байж зөв хүнтэй үерхдэг юм, өөрийнхөө хөлс хөдөлмөрөөр олсон мөнгө амттай, хэзээ нэг өдөр амжилтанд хүрдэг юм, тийм учраас хүнд битгий муу санаж бай, мөнгөгүй байж болно, хамгийн гол нь зөв сэтгэх хэрэгтэй гэж сургадаг, жолооч хэрнээ агуу хүн байлаа. Зүгээр сууна гэж үгүй, хааяхан зав гарвал маани тарниа тоолоод суучихдаг байж билээ.
-Эндээс үүдэлтэй таныг харахад л цаанаасаа л амар амгалан үнэртдэг. Йймд тан дээр итгэл тээн зорьж ирдэг, одоо зоригсдын цуваа тасардаггүй гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна?
-Энэ талаар яриад байвал сэтгэлд үлдсэн олон зүйл байна. Гэвч өөрийгөө магтсан болох байх даа. Зарим нэг тодхон жишээнээсээ дурьдахад намайг дагасан, надад итгээд 18-20 жил болж байгаа хүн цөөнгүй. Тухайлбал, анх ганц бие эмэгтэй надад хандаж байсан бол одоо дөрвөн хүүхэдтэй, компанийн, корпорацийн эзэн болсон байх жишээтэй. Мөн маш их өвдөөд сургуульдаа сурч чадахгүй байсан хүмүүс маань сургуулиа төгсөөд, гадаад руу явсан хүн ч олон бий. Сэтгүүлч тантай ярилцахтай зэрэгцэн ер нь би өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд хүнд тустай юу хийсэн юм бол гэж бодож үзэхэд надад авах зүйл байна аа, байна. Яагаад гэвэл хүмүүс тантай уулзсанаас хойш бодож байсан зүйл маань санаснаар боллоо гэхэд нь би биш, дотор хүн маань маш их баярладаг. Үүндээ их талархаж байдаг, олон ч хүн баярлуулсан даа. Үүнийг нэгдүгээрт, цаг хугацаа, хоёрдугаарт, олон түмэн нотлоод өгөх байх байх гэж бодоод “би”хийсэн шүү гэж ярих дургүй.
-Уг нь Буддист эмэгтэйчүүд олширвол нийгэм гэгээрч,гэрэлтэж, эерэгжиж эрүүлжихэд их тустай зүйл болно доо, тийм ээ. Удахгүй бурхан багшийн их дүйчин өдөр ч тохиох гэж байна?
–Тэгэлгүй яахав. Гэвч манай Буддист эмэгтэйчүүд цөөхөн шүү дээ. Үнэн сэтгэлээсээ номын мөр хөөгөөд, түмэн олны төлөө явсан хүн цөөхөн. Гэвч бид болон бусад эхийн сэтгэлээр түмэн олондоо тусалж яваа хүмүүс огт өөрсдийгөө сурталчлаад явдаггүй. Тэдэнд бусдын төлөө гэсэн сэтгэл дандаа тээгдэж явдаг нь бахархмаар. Түүнтэй адил бид ч монголын ёс заншил, бурхан шашны номонд зөв сургачих юмсан, зөв сайхан зам руу нь алхуулчих юмсан гэсэн сэтгэл бий. Мөн бид их дүйчин өдрүүдээр “Ногоон дарь эх” бурхны ном, маань мэгзэм магтаалыг уншиж үйл ажиллагаа маань тасралтгүй явагдаж байдаг. Энэ ажлаа хамгийн гол нь олонхид хүргэх нь чухал байгаа юм. Гэвч холбооны ажилд маань тусалж, ажил үйлсийг маань дэмждэг сэтгэл зүтгэл нэгтэй, бурхны шашныг ухаарсан, энэ насны амьдралаа утга учиртай болгож, бусдад буян хийх хүсэл тэмүүлэлтэй олон сайхан бүсгүйчүүд байдаг. Тиймээс бид “Ногоон дарь эх” бурхныхаа өмнөөс хийх ёстой гэсэн халуун сэтгэл, өгөгдөлтэй, чин сэтгэлээрээ залбирдаг хүмүүс нэгдэж нийлээд явж байгаа минь энэ. Улмаар олон хүнд туслах юмсан, сайн үйл хийх юмсан заавал төр улс гэж томрохгүй, ядаж өрх гэрээрээ тав арвуулаа чин сэтгэлээсээ дарь эхийнхээ магтаалыг хүргэх юмсан туйлаас зорьж сууна даа. Энэ хүрээнд бид эдүгээ ес дэх жилдээ чуулганаа зохион байгуулах гэж байна. Энэ үеэр Гандан тэгчинлэн хийдийн лам нар ирж номоо уншиж, урлаг соёлынхон маань ирж дуугаа дуулж холбооны охидууд манаь маани мэгзэмээ уншаад жинхэнэ түмэн олныхоо …. гэсэн сайхан арга хэмжээ болдог доо. Өөрөөр хэлбэл, Ногоон дарь эх бурханд элэгтэй хүмүүсийн сэтгэлийн дуудлагаар ажил маань сайхан бүтэж олондоо хүрдэг гэсэн үг.
Д.Нэргүй