Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлнэ

2023 оны 05-р сарын 17 өдөр, 17 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2023_05_17_14_09_15_21764647965a9072
Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун босоо буюу Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх эрхийг Нарийнсухайтын төмөр зам ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Эргэн сануулахад, 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хилийн боомтын төмөр замыг барих тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч байсан юм. Тус төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын сүүлээр эхлүүлж, 2023 оны 10 дугаар сарын сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байна гэж УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэв.
Гол төмөр замын нийт урт нь 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм. Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, зургаан жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэйг тэрбээр мэдээлэлдээ тодотгов.
Үүнтэй холбогдуулаад баруун босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан бөгөөд барилга угсралтыг энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2-р товчоо шалгарсан байна. Зураг төслийг нь энэ онд багтаан боловсруулж, БНХАУ-ын төмөр замтай холбох ажил эхлүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн, зүүн босоо чиглэлийн Хөөт-Бичигт-Зүүнхатавч чиглэлийн 426 км төмөр замын барилга угсралтын ажлыг эхлүүлэх гэрээг зургаадугаар сард хийнэ. Хил холболт, боомтын төмөр зам барих, ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр замуудын ажлыг эхлүүлснээр баруун, зүүн, төвийн гэсэн 3 коридороор ОХУ-ыг Монголоор дамжуулан БНХАУ-тай холбох ажил эрчимтэй явж байгааг сайд С.Бямбацогт хэллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх