Булган аймгийн Могод сумын 10-н жилийн сургуулийн багш Оюумаа 2005-2009 онд МУБИС-ийн дэргэдэх Багшийн сургууль, 2018-2019 онд Маргад дээд сургуулийг тус тус дүүргэсэн. 2009 оноос Могод сумын ерөнхий боловсролын сургуульд бага боловсролын багшаар 14 жил дэх жилдээ ажиллаж буй тэрбээр энэ хугацаанд 2012 онд “Арга зүйч багш“ цол тэмдэг, 2013 онд “Монголын тэргүүний багш” ,2014 онд “Багшийн алдар медаль, 2015 онд “Заах аргач” зэрэг, 2016 онд “Соёрхол “ тэмдэг, 2018 онд “Аймгийн засаг даргын жуух бичиг”, 2018 онд“Оны шилдэг багш”, 2019 онд “Оны шилдэг багш” 2019 онд “Тэргүүлэх багш “ тэмдэгээр шагнагдаж, 2019 онд “Сурагчдын сурах арга барилыг хөгжүүлэх нь “ сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
2020 онд “Тэргүүлэх “зэрэг хүртсэн гээд богино хугацаанд олон амжилт, алдрын эзэн болсон сургуулийнхаа тэргүүний шилдэг багшийн нэг билээ. Тэрбээр багш болсон хувь заяаныхаа талаар ийнхүү өгүүлж байна.
Багш хэмээх эрхэм нандин мэргэжлийг эмээгийнхээ миний охин сайн багш болно гэсэн үг сургааль захиасыг биелүүлж сонгосон. Энэхүү хүүхэд багачуудын цагаахан сэтгэл, инээд хөөр дунд аз жаргалтай байдаг багшийн мэргэжлийг сонгосондоо үнэхээр их бахархаж явдаг. Учир нь миний бага ангийн багш М.Долгор үнэхээр сайхан биеэ авч явдаг үлгэр жишээ багш байсан. Сурагчдаа аливаа зүйлд хандах хандлагыг өөрчилж, ёс зүйтэй манлайлагч болгон хүмүүжүүлдэг ёстой л багш шиг багш билээ. Олон сайн багш нараар хичээл заалгаж явсан. Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 10-н жилийн дунд сургуулийн багш Г.Алтанцэцэг багш маань маш их эелдэг зантай, биднийг үргэлж ном уншуулж, номтой нөхөрлүүлэхийг хичээж Ш.Гаадамба багшийн номын санд өнждөг байсан минь одоо бодоход тэндээс ямар их мэдлэг мэдээллийг авсан юм бэ гэж талархаж явдаг.
Ялангуяа тайлбартай дасгалын аргаар монгол хэлний хичээлээ гайхалтай, сонирхолтой заадаг байлаа. Дараа нь Багшийн сургуульд сурч байхад математикийн С.Норов багш маань сэтгэлд тодхон санагддаг юм. Онцлог нь багш маань сурагчдыг асуулт асуух бүрд баярлаж хариулдаг учраас хичээлдээ дургүй байсан ч бай дуртай болж шамдаж суралцахыг хичээдэг нь багш хүний хамгийн том давуу тал гэж боддог. Багшийн самбарт бичсэн тоо,хөтөлбөр нь гараар бичсэн гэж хэлэхээргүй тийм сайхан дурайж байдаг. Тэд үнэхээр гайхалтай хүмүүс. Эдгээр багш нараа харж л багш болох хүсэлдээ хөтлөгдсөн дөө.
Багш байхын жаргал гэвэл миний бодлоор сайхан эерэг энергитэй шавь нарынхаа дунд үргэлж залуу сэтгэлгээтэй, эрч хүчтэй байж чаддагт л оршдог болов уу. Мөн багш хүнд олон дурсамж байдаг. Анхны шавь нараа төгсгөөд тандаа их баярлаж явдаг шүү танаараа бахархдаг шүү гэдэг үгийг сонсох үнэхээр сайхан байлаа. Ээж нь тагнай нь цоорхой, охин нь мөн адил хөгжлийн бэрхшээлтэй охинд хичээл зааж уншуулж, бичүүлж сургаж том тус хүргэсэн. Тэр ээж намайг дөнгөж сургуулиа төгсч ирсэн шинэхэн багш байхад надад итгэж охиноо авчирсан. Би хажуудаа бүтэн жил дагуулж сургасан. Энэ дурсамж надад үнэхээр сайхан сэтгэгдэл үлдээсэн. Бид өдөржин дуу чимээнд босоогоороо байх, хараа, сонсгол гээд хүндрэлтэй зүйл олон байдгийн хэрээр багш нарын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх зүйл бишгүй гардаг юм.
Гэсэн ч багш бидний эрхэм зорилго шавь нар маань заасан мэдлэгийг бүрэн дүүрэн эзэмшиж боловсрол мэргэжилтэй, улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болохыг харах юм. Өөрөөр хэлбэл, хүн бүтээдэг гавьяатай, буянтай, бахархал дүүрэн мэргэжил. Ингээд багш нарын маань ариун үйлс өөдрөг байх болтугай.