Д.Энхбаяр: 21 дүгээр зууны хүүхдүүд “Аниме” зургийг илүү сонирхож байна

2023 оны 03-р сарын 22 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
310619760_813927076502910_1062712128020751735_n

Багаасаа уран зурагтай нөхөрлөж, түүнийгээ цаг тутам  хөгжүүлж эдүгээ өөрийн гэсэн өнгө аясыг бий болгож яваа Монголын хүүхдийн Урлан бүтээх төвийн “Аниме” зургийн багш Д.Энхбаяртай ярилцлаа. Уран бүтээл шигээ гэгээлэг тэрбээр  залуу нас сэтгэлийн дуудлагаар уран зурагт хөглөгдөж Урлан бүтээх төвдөө “Аниме”зургийн ангийг санаачлан нээсэн нь бүр ч талархмаар. Ингээд  түүний дотоод ертөнцөөр бага ч атугай аялснаа уншигч танаа хүргэе.    

-Таныг багаасаа уран зурагт шимтэн дурлаж,  зурах урлагтай нөхөрлөсөн гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?

– Миний хувьд багаасаа л зураг зурах  сонирхолтой байсан. Энэхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголын хүүхдийн Урлан бүтээх төвд 9 дүгээр ангидаа ирж   Өсөхбаяр, Ганболд нарын  авьяаслаг багш нарынхаа шавь нь болж зурах урлагтай хувь заяагаа холбосон доо. 2014 онд СУИС-ийн харъяа Дүрслэх дизайн урлагийн их сургуульд Гандулам багшийн удирдлаган дор анхны уран зургийн ангид орж суралцаад 2018 онд төгсч байлаа. Гэвч эхний жилүүдэд мэргэжлээрээ ажиллаагүй, гоо сайханч хийж, чөлөөт уран бүтээлч  болж нэг бодлын өөрийгөө янз бүрээр сорьж үзсэн дээ. Ингээд угаас сэтгэлийн дуудлага, зүрх сэтгэлийн чанадад багш нарынхаа залгамж халааг үргэлжлүүлж, адилхан сайхан уран бүтээлч хүн байх ёстой гэсэн хүсэл тэмүүлэл байсан учраас Урлан бүтээх төвдөө багшлахаар ирсэн. Багш  хамт олон маань ч  багаас минь  сайн мэдэх учраас халуун дотноор хүлээж авсанд одоо ч баярлаж явдаг.Тэд маань хүүхдийн төлөө, уран бүтээлч  сэтгэлгээтэй маш гайхамшигтай хүмүүс. Энэхүү сайхан үе үеийн шилдэг багш нартайгаа анхны жилдээ ажиллаж, цаашдаа ч өөрийгөө хөгжүүлэх  эрмүүн эрч хүч дүүрэн байгаа. Угаас би уран зургийн суурьтай. Тийм учраас хүүхдүүддээ өнгө гэрлийг шийдүүлэхийг заадаг гэдэг утгаар 21 дүгээр зууны хүүхдүүд “Аниме” зургийг сонирхох нь давамгайлж байгаа. Тухайлбал, хүүхэлдэйн киноны дүр төрхийг хэрхэн яаж бүтээж зурахав гэдгээс эхлээд давхар хүүхдийн сэтгэн бодох авъяас чадварыг нь хөгжүүлж, хүсэл мөрөөдлийг нь “Аниме” зураг руу чиглүүлж өгсөн. Үүнтэй зэрэгцэн уран зургийнхаа ойлголтыг “Аниме” зурагтайгаа хослуулан заая гэдгийг хамт олонтойгоо зөвлөлдөөд “Аниме” зургийн ангиа  нээсэн түүхтэй.

-Аниме зураг гэдгээ жаахан тодруулахгүй юу, бусад зургаас юугаараа ялгаатай вэ?

-Энэ тухайд дүр бүтээх, үйл явдлаараа илүү гоё сэдэвчилсэн зураг зурах, улмаар зохиол бичээд тэр дагуу дүр бүтээх, хүүхэлдэйн кинонуудын зураг зурах, комик сэтгүүл хийх зэрэгт хувирч болдгоороо ялгаатай. Сэдэвчилсэн зураг зураад, түүнийгээ өнгө гэрлээрээ тодорхойлоод компьютерт оруулаад, анимешн болгоод, хүүхэлдэйн кино болгоод давхар өөрөө зохиол дээр нь ажиллуулаад явдаг. Онцлог нь орчин үеийн хүүхдүүд биеэ барихгүй чөлөөтэй задгай сэтгэж, үзэл бодлоо илэрхийлдэг, таалагдаж байгаа үгүйгээ шууд хэлдэг нь хичээл заах урмыг бүр ч сэргээдэг. Цаашилбал, бага ангиасаа мэргэжлээ сонгож, ЕБС-ийн хичээлээсээ илүүтэй, дугуйлан секцээр өөрийгөө хөгжүүлж би ямар авьяастай вэ, юу хийж чадах вэ гэдгээ зургаа, долдугаар ангидаа өөрийгөө олдог болсон байна. Тийм учраас хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн ярилцахыг хичээдэг. Утас, компьютероос нэг хэсэгтээ  холдож өөртөө бас нэг шинэ зүйл нэмэх зорилгоор уран бүтээл хийж сурч өөртөө ашигтай цаг зарцуулдаг болсон байгаа. Энэ маш давуу тал. Иймд манай ангийнхан маш чөлөөтэй, өөрсдөө сэтгэдэг, өөрсдийнхөөрөө дүр бүтээдгээрээ онцлогтой. Тиймээс хүүхдүүдийнхээ сонирхож байгаа өнгө аясыг тодорхойлж өгөх,дэмжих тэднийг  нээлттэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, наад зах нь гарын ур дүйтэй болгох зорилгоор программын дагуу хичээлээ заагаад, өөрийн чадах мэдэхийг бага ч атугай сургахыг хичээж явна. Харин өөрийн  бие даасан  уран бүтээлийн хувьд сонирхлынхоо дагуу уран зургийнхаа арга техникийг хөгжүүлэх, шинэ санаа олж авах, хамт олноосоо үлгэр дууриал авахыг зорьж явна. Мөн  залуу багш нартайгаа  хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгээ ирэх жилээс гаргана гэсэн холын  зорилго бий.

Ингэхэд таны уран бүтээлд ихэвчлэн ямар сэдвүүд зонхилдог вэ?

-Багаасаа ахуйн сэдэвтэй зураг зурдаг байлаа. Дараа нь оюутан болоод өнгө гэрлээр тоглодог болсон. Одоо ч суралцсаар зураач хүний хувьд байнгын л эрэл хайгуул хийж байдаг шүү дээ. “Хэзээ ч би болчихлоо” гэж ханаж болохгүй. Харин өөрийгөө эвдэж, эрэл хайгуул хийх, хэтрүүлж, пантаз оруулах, аниме зургийн анги гэдэг утгаараа юмыг хэтрүүлэх, хувиргах тал дээрээ ажиллах хэрэгтэй болдог. Гэвч цаана нь заавал уран зургийн суурь гэж байх ёстой учраас түүнд өөрийгөө олох гээд хайж явна. Ялангуяа сүүлийн үед багш нартайгаа хамтарч уран бүтээлийн үзэсгэлэнд оролцсондоо маш баяртай байгаа. Манай багш нарын олон сайхан бүтээл толилуулагдсан. Энэ бүхэнд  ахиц дэвшил гарсаар л байна. Сургуулиа төгссөний дараа нэг хэсэг өөр ажил хийгээд төдийлөн уран бүтээл рүүгээ гүн ордоггүй байсан. Гэтэл одоо багшилж байгаа энэ хугацаандаа маш эрч хүчтэй, уран  бүтээлдээ төвлөрөөд бодол санаа цэгцрээд үнэхээр сайхан байна.

329221198_706331291040537_3492815464740467974_n-Уран бүтээлч хүний хувьд хамгийн их ирлэж хурцлагддаг зүйл тань юу вэ?

-Бүтээл маань үзэгчдэдээ хүрч, хэн нэгнээс урмын үг сонсох нь зураач болсны бахархал гэж боддог. Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд шүүмжлэл авах зүйлүүд маш их. Энэ бүхэн намайг ирлэж хурцалдаг болов уу. Манай анги анхны “Аниме” анги учраас шавь нарынхаа хар зураг, өнгө зохиомжоор нь анги дотроо бие даасан үзэсгэлэн гаргадаг. Эхний ээлжинд хүүхдүүдийнхээ чадварыг харах зорилгоор гаргасан бол одоо хичээлийнхээ программаас юу сурсан бэ гэдгээр нь үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа.

-Зураач байхын сайхан нь гэвэл?

– Хүн болгонд заяагаад байдаггүй “Зураач” хэмээх мэргэжлийг нэгэнт л эргэлт буцалтгүйгээр  сонгосон бол орхиж болохгүй. Ер нь авьяасыг хөгжүүлээд тордоод байвал улам л баяжигдаад явдаг, харин орхих юм бол мөхнө, зэвэрнэ гэсэн үг. Тийм учраас энэхүү нандин мэргэжилдээ тууштай байхыг хичээж явна. Ургуулан бодоод, өөрийгөө хөглөөд уран бүтээлээ хийгээд сууж байх хамгийн сайхан мөч байдаг. Ялангуяа өнөөгийн стрестэй нийгэмд уран бүтээлч хүн хамгийн аз жаргалтай. Бүтээлээсээ сайхан мэдрэмж авах, өнгөө тавих хэрэв гоё  өнгө олчих юм бол түүнээсээ баяр баясгалан, сайхан мэдрэмж төрнө. Ийм  гоё эрэл хайгуул дунд өөрийгөө хөгжүүлдэг. Тэр дундаа хүүхэд багачуудтай ажиллаж байгаа учраас үргэлж эрч хүчтэй, эерэг энергиэр тэтгэгдэж, тэжээгдэж  байдаг. Уран бүтээлчид маш гэгээлэг цайлган цагаахан хүмүүс байдаг. Нийгэм тэр чигээрээ уран бүтээлийн сэдэв, тэр бүхнээс мууг нь хүртэл уран бүтээл болгож гаргана гэдэг зураач хүний эрхэм зорилго юм.

-Цаашдаа ийм нэг уран бүтээл хийнэ гээд төлөвлөсөн зүйл бий юу, эсвэл?

-Байлгүй яахав. Ялангуяа ээж маань яруу найраг, утга зохиол сонирхдог учраас ээжтэйгээ сэдвийн тухай ярилцах дуртай. Ямар нэг сонирхсон зургаа зурчихаад нэр өгч чадахгүй байх үед ээж болон сурагчид маань хэдийнэ оносон  нэр хайрлах нь бий. Хүүхдийн гэнэн бодлоор хэлсэн ганц нэр ч маш оновчтой байдаг. Тийм учраас сурагчид ээж, хоёроосоо шинэ санаа авдаг даа. Тодруулбал, хүүхдүүдээ уран бүтээлийн зөв зам, зөв өнгө аяс руу хөтлөөд өгчих юмсан гэж илүүд зорьдог. Манай монголын хүүхдүүд маш авьяастай,оюуны өндөр потенциалтай, уран бүтээлдээ хайртай сэтгэлтэй. Энэ хүрээнд манай Урлан бүтээх төвд авьяас чадвараа нээхээр ирж байгаа хүүхэд маш олон. Эндээс хүүхдийн идэвх урам зориг маш сайжирч байгаа.

334310304_1003346420648603_7461989232747402573_n

334307570_1527373074337544_7539102331788669452_n 334245572_132424872930417_5841678082905512175_n 333461432_900640317807858_1463754275601380495_nД.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (66.181.160.***)
    2023/03/22 22:26

    Амжилт хүсье

    (0) (0)