Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Есдүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.Буянхишигтэй ярилцлаа. Сайн менежмент буюу цаг үргэлж хийж бүтээхийн эрэл хүслээр дүүрэн яваа тэрбээр томилогдож очсон бүхий л цэцэрлэгийнхээ орчин нөхцлийг сайжруулж, чанар стандартыг эрхэмлэн ажиллаж ирсэн нэгэн. Эдгээр санаачилж хийсэн бодит ажлууд нь бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө учраас түүнд хамт олон нь тун талархалтай ханддаг. Нөгөө талаар өдий зэрэгтэй ажлын туршлага, арга барил эзэмшсэнээ Нийслэлийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажилсаг хамт олонтой холбон тайлбарлах дуртай юм билээ. Түүний яриаг уншигчдадаа хүргэе.
-Амьдралд хөл тавих сайхан, амжилттай хөл тавих бүр ч сайхан гэж нэгэн найрагчийн хэлсэн гайхалтай үг бий. Түүн шиг таны анхны ажлын гараагаас яриагаа эхэлье гэж бодлоо?
– Энэ тухайд аав маань Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул нутаг ус, хамт олныхоо хайр хүндлэлийг хүлээсэн “Хүрд” компанийн анхны хөдөлмөрийн баатар Дамчаа гэж хүн байлаа. Ээж маань Дундговь аймгийн уугуул, Барилгын инженер хүн бий. Би Дундговь аймагт төрсөн учраас энэ аймгаар овоглож явдаг. Айлын том охин. Нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Бидний үргэлжлэл болсон хоёр зээтэй болоод ам бүл өтгөрөөд л байна. Миний ажлын гараа хүүхдийн байгууллагаас эхтэй. Анх 2000 онд Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрыг байгуулагдахад орж ажиллаад ажил ундарсан энэ газар амьдралынхаа есөн жилийг өнгөрөөсөн байдаг. Ордны захирлын нарийн бичгээс эхлээд ажилтан, мэргэжилтэн, ахлах, хэлтсийн дарга болтлоо дэвшин ажилласан. Энэ бол тухайн үеийн удирдлагуудын ач буян.
-Эндээсээ мөн л хүүхдийн цэцэрлэгт томилогдож ирсэн гэдэг. Хүүхдийн байгууллагаар өртөөлж яваа таны хувьд энэ танил бус орчин биш. Иймд ажлаа юунаас эхэлж байв. Магадгүй таныг түрүүлж сэтгэдэг, хөгжил дэвшлийн төлөөх шинэ санаа санаачилгын эрэлчин гэдэгт эргэлзэхгүй байна?
-2009 онд Чингэлтэй дүүргийн 103 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр иртэл уг цэцэрлэг маань гаднаа нойлтой, бүх цонхнууд нь гажчихсан, дулаан маш их алддаг, гялгар цаасаар бүрчихсэн, дээврээс нь ус гоождог орчин нөхцөлийн хувьд үнэхээр хүнд байдалтай цэцэрлэгийг хүлээж авч байлаа. Энэ бүгдийг өөрчилж, хэвийн болгохоор ханцуй шамлан ороод дотно гадна холболтууд хийгээд маш олон төсөл хэрэгжүүлж 130 гаруй сая төгрөгөөр гадна талбайн тохижуулаад, таван жилийн дотор цоо шинэ цэцэрлэг болгосон. Гэтэл таван жилд сольж сэлгэдэг журмаар Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр мөн л томилогдож ирсэн. Гэтэл бөөн барилгын материалуудын континеруудын дунд баас шээс ханхалсан, таазнаас нь тахианы сангас, баас, өт унадгийг хараад гайхах, сэтгэл гонсойх хоёр зэрэгцэж байлаа. Үүнийг мөн л хөөцөлдөж төсөвт суулгаж шинээр төлөвлөлтөнд оруулаад одоо шинэ цэцэрлэг болсон байгаа. Энд гурван жил ажиллаад 2014 оноос Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгт ирэхэд мөн л 60 жилийн түүхтэй, барилга нь хуучирчихсан байсныг буулгуулаад дахин шинэ цэцэрлэг бариулаад 2020 онд ашиглалтанд орсон. Үүнтэй зэрэгцээд цэцэрлэгийнхээ 60 жилийн ойг тэмдэглээд ер нь миний явсан газар ажил өрнөж, ундарч буцалж байдаг. Аз болж, 2020 оны 10 дүгээр сарын 3-нд 60 жилээ хийсний дөнгөж дараахан ковид гарсан. Хэрэв хийж амжаагүй бол 60 жилийн үүх түүх, ажил амьдралаа холбосон хүмүүсийн хөдөлмөр үнэгүйдэх байлаа. Одоо ч ахмадууд маань сайхан ой болсныг магтан ярьцгаадаг. Энэ мэтээр явсан газраа тухайн орчныг оволзуулж, бужигнуулж, хүмүүсийг татан оролцуулж байх увдистай хүн дээ, би. Үүндээ ч өөрөө урамшдаг. Хүүхдийн орчин энергитэй учраас өглөө жаахан бухимдангүй орж ирсэн бол хэдэн ангиа тойроод хэдэн хүүхдүүдээ хараад л бүгдийг мартаад тэр өдөржингөө баяр жаргалтай явдаг. Үнэхээр гэгээлэг цагаахан ажил. Тийм учраас яаж хэдэн хүүхдээ хөгжөөчих вэ л ухаанаа уралдуулан ажиллаж байна шүү дээ. Тухайлбал, нийслэлийн хэмжээний 130 цэцэрлэгийн дуу хөгжмийн багш нарын дунд “Хүүхдийг хөгжмөөр хэрхэн хөгжүүлэх вэ” сэдэвт үзүүлэх ажил хийсэн гээд хүүхдийг хөгжүүлэх буюу гэгээлэг зүйлд их дуртай. Энэ мэтээр анхан шатны нэгж болох хүүхдийн цэцэрлэгт эдүгээ 14 дэх жилдээ ажиллаж байна. Энэ мэтээр “Хүүхдийн” гэх тодотголтой бүхий л салбараар дамжин ажиллаж ирлээ дээ. Ялангуяа цэцэрлэг өдөр бүхэн хүүхдийн цовоо цолгиун дуу инээд хөөр, цагаахан сэтгэл, уйлах дуулах шуугиан дундах эрч хүчээр тэжээгдэж, тэтгэгдэж байдаг маш буянтай байгууллага.
-Тодруулаад асуухад хүүхдийн байгууллага таны залуу нас, сэтгэлийн дуудлага байсан юм шиг. Энэ итгэл үнэмшил таныг улам ирлэж хурцалж басхүү цаг ямагт урам хайрлаж иржээ?
-Хүүхдийн байгууллага хүнд маш их эрч хүч бэлэглэж, өдөр бүхэн урам зоригоор дүүрэн байлгадаг гэж хэлж болно. Ажилдаа маш дуртай, яардаг, заримдаа 7 хоног гэртээ харихгүй ажилладаг үе ч байлаа, гэсэн ч огт ядарч цуцддаггүй. Алтан үеийн гэгдэх маш сайхан хамт олонтой байсан учраас бүхий л ажлын ард нь гарахын төлөө гэр сэтгэл нийлэн хичээн зүтгэсээр ирсэн. Тухайлбал, Хүүхдийн байгууллагын арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр зохион байгуулна гээд гэртээ харих ч завгүй түмний хүүхдийг баярлуулах гээд нойр хоолгүй гүйж явсан минь мартагдашгүй сайхан дурсамж үлдээжээ. Тэдгээр хамт ажиллаж байсан хүмүүсээ миний алтан найз нар гэж ярих дуртай. Түүн дотор Оюунцог эгч маань анх заалны зохион байгуулагчаар ирж байсан бол одоо санхүү харицусан дарга болоод явж байх жишээтэй. Бахархмаар, бахдамаар,омогшимоор есөн жил миний амьдралын хамаг баяр баясгалан, аз жаргалтай торгон мөч байлаа. Яаж ажиллана гэдгийг бодитоор үзүүлж, төлөвлөсөн ажлаа дорхноо нугалчихаад дараагийнх нь гээд л дайраад ордог байлаа. Эргээд бодоход эдгээр он жилүүд надад арвин их туршлага болж өгөхтэй зэрэгцэн багагүй хугацаанд хүүхдийн байгуулагаар хөглөгдөж амьдарсан даа.
-Залуу нас өөрөө гоё, түүн дээр эрч хүч нэмэхээр бүр ч чимэг болох нь лавтай. Энэ утгаар та ч өөрөө хөгжиж, хамтран зүтгэгчид тань ч тэмүүлэл дүүрэн байгаа даа?
-Тийм ээ, би угаас залуучуудаар хүрээлүүлж явсан учраас залуучуудтай ажиллах маш дуртай. Тэднийг хөгжүүлж,дэмжиж тусалж шат ахиулж дэвшүүлэх суурь багана нь болж, чи чадна, чадах ёстой гэж үргэлж хурцалдаг. Эндээс тэд маш их урам авдаг учраас аль ч шатанд залуучуудыг дэмжиж ажиллахыг өөртөө чин зорилго болгосоор ирсэн. Тийм учраас учраас үргэлж залуугаараа, хурдтай, аливааг санаачлан сэдэж сэтгэж, аливаа ажлыг сэтгэл гарсан, шингэсэн түвшинд чанартай, гүйцэтгэл сайтай хийхийг хичээж явсан. Ажлыг халтуурдаж, дутуу хийж үзээгүй. Өөрөөр хэлбэл ажлаа тултал нь хийж ард нь гарч санаа амардаг. Энэ бол миний төрөлхийн зан, ажил амьдралын хэвшил. Хамт олон маань ч энэ өнгө аяс, арга барилыг маань хэдийнэ мэддэг болчихсон. Жишээ нь манай багш нар, туслахууд бүгд даргад гологдохгүйн тулд гээд ажилдаа маш ач холбогдол өгч, сэтгэлээсээ хийдэг. Анх дунд нь ороод хамт хийдэг байсан бол одоо бүгд хийгээд сурчихсан. Түүнд нь урамшиж баярлаад манай хамт олон цаашдаа ямар ч ажлын ард гарч чадах юм байна гэдэг итгэлийг өгчихсөн яваа.
-Нээрээ л шижигнэсэн залуучууд Хүүхдийн байгууллагыг авч явж байжээ, энэ тухай эргэн санавал?
-Тухайн үед буюу Хүүхэд залуучуудын хөгжлийн газар ажиллаж байхад хараа хяналтгүй хүүхдүүдийн хойноос их гүйдэг байсан. Гэтэл өнөөдөр тэдгээр хүүхдүүд цөөрөөд нийгмийн ороо бусгаа энэ үед сэтгэл сэрдхийлгэм, аймшигтай зүйл их гардаг болж. Мөн тэр үед хүүхэд халамжийн төвүүд рүүгээ түлхүү хандаж,маш их урлаг уран сайхан,урлагийн наадам зэрэг хүүхэд хөгжүүлэх арга хэмжээнүүд их зохиогддог байлаа. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан гэсэн гурван хотын хүүхдийн чуулган зохион хүртэл байгуулсан. Харин одоо хүүхэд хамгаалал гээд эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдтэй тэмцээд хөгжлийн арга хэмжэээ нь хоцрогдоод байна уу гэж хардаг.
– Одоогоор хэдэн анги бүлэгтэй үйл ажиллагаа явуулж байна вэ?
– Өмнө нь найман бүлэгтэй байсан бол одоо арван бүлэгтэй болсон. Нөгөө талын корпус маань 1984 оны барилга. Насжилт өндөртэй учраас чанар аюулгүй байдлын хувьд газар хөдлөлтөнд тэсвэргүй гэсэн үнэлгээ авсан учраас цаашдаа мөн буулгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэсэн ч одоогоор тордоод сая л гэхэд хана туурга, дээвэр, цэвэр бохир ус бүгдийг нь шинэчлээд 300 саяын их засвар оруулсан. Энэ зун биеийн тамирын цогцолбор талбай байгуулах төсөл хэрэгжүүлэх гээд дөрөвдүгээр сараас ажлаа эхэлнэ. Нөгөө талаар энэ хавьд орон сууц биш, албан газар, оффисын барилга их баригдаж байгаа учраас хүүхдийн тоо цөөрч байна. Гэсэн ч бид хамран сургах хүүхдийн тоог харгалзан бүлгийн тоог олон болгох шаардлагагүй гэж үзэж байгаа.хүүхдээ зөв сургаж хүмүүжүүлж, хөгжүүлэх нь чухал. Оюуны чадавхийн IQ хөгжлийн төвтэй хамтран IQ сургалт явуулаад эхэлсэн байгаа. Гэтэл IQ, EQ хоёр хамт явах ёстой юм байна, учир нь хүүхэд болгон онц сурах албагүй, ямар ч ачааллыг даваад гарах сэтгэл зүйн боловсролтой зөв хүн болох ёстой гэдэг үүднээс EQ гэж зүрх сэтгэлийн боловсрол хөтөлбөрийг оруулж өгъе гэдэг үүднээс ирэх 9 дүгээр сараас энэ сургалт маань эхэлж байгаа.Үүний төлөө хичээж байна. Бид улс эх орны ирээдүй 2050 оны боловсон хүчин, залуучуудыг бэлтгэж байгаа учраас зөвөөр чиглүүлэх нь бидний үүрэг, зорилго. Энэ ажил биднээс эхлэх ёстой. Чингэлтэй дүүрэгтээ энэ хөтөлбөрийг анх удаа ойрын хугацааны зорилго болгон хэрэгжүүлэх гэж байна.
-Хүний амьдралд баярлаж, бахдах үе олон байдаг. Түүн шиг таныг ажлын ур чадварт сургаж, хөтөлж чиглүүлж цаашилбал хийж бүтээх хүсэл эрмэлзлэл төрүүлсэн хүмүүс гэвэл олныг нэрлэх байх даа?
-Тийм ээ, намайг өдий зэрэгт хүргэсэн найз нөхөд болоод хамтарч ажиллаж байсан хүмүүсээ дурсахгүй байхын аргагүй. Хүүхдийн байгууллагаас эхлээд ярих юм бол УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа дарга маш олон залуучуудыг сургаж бэлтгэсэн ачтан. Энэ мундаг эрч хүчтэй цоглог, дайчин, хүний зааж чиглүүлснээр ажил амьдралынхаа гарааг эхэлсэндээ туйлын баяртай явдаг .Бидний алтан үеийг өөрийнхөө замналаар төгс бэлдэж өгсөн гайхамшигтай удирдагч. Мөн хамтдаа нэгэн сэтгэлээр ажиллаж байсан олон сайхан найз бий. Тэдэнтэйгээ 2000 оноос үргэлж зүрх сэтгэлийн холбоотой яваа. Цогзолмаа даргын бэлдсэн залуучууд буюу 10 гаруй залуучууд бүгд Цогзолмаа, Алтанцэцэг даргын шавь нар. Бүгд сайн сайхан ажил мэргэжилдээ эзэн болцгоож яваа учраас дээрх хоёр удирдагчид үргэлж талархаж явдаг. Биднийг бүх талаар чиглүүлж, сайн ажилтанууд болох зам мөрийг минь нээж өгсөн. Ялангуяа Цогзолмаа дарга маш дайчин,шулуун шударга, бидний ээж шиг эгч шиг байж, бүх ажлынхаа ард амжилтын тугаа мандуулж чаддаг. Ийм сайхан хүмүүсээр хүрээлүүлсэндээ өөрийгөө маш их азтайд тооцдог. Тухайлбал, Боловсролын ерөнхий газрын Ням-Очир дарга манай хэлтсийнх. Цогзолмаа даргын нарийн бичиг байсан Ө.Ган-өлзий одоо Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын даргаар ажиллаж байна. Бас Хүүхэлдэйн театрын дарга хийж яваа ч хүн бий. Бүгд гэр бүлийн найзууд, зуслан лагертаа ч нэг хотхон болчихсон. Ийм хаа ч салшгүй насан туршийн сайхан найзуудтай. Бүгд бие биесээ дэмжээд саар зүйл байвал засч залруулаад, сайхан зүйл байвал дэлгэрүүлээд явдаг. Гэвч харамсалтай нь амжилт алдаа оноогоо дэнсэлж явсан хоёр сайхан найз маань хүнд өвчнөөр бурхны оронд явсан. Хүний хайлган болсон сайхан найзууд минь байлаа. Нэг нь сургуулийн захирал Уранчимэг, нөгөөх нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Одбаяр маань байлаа. Хүнд өвчнийг юу ч дийлдэггүй юм байна.
-Та ямагт өөрийгөө цэнэглэж явдаг хүн. Гэвч нөгөө талаас хамгийн их ирлэж хурцалдаг зүйл гэвэл юу байх юм?
-Найзууд маань л их хурцалдаг даа. Бид зовлон жаргал, инээд хөөр бүхий л зүйлд хамтдаа байдаг.Тийм учраас миний амжилт бүтээл, зовлон жаргал бүхэн найзуудтай маань салшгүй холбоотой.
-Юунаас сэтгэл ханамжийг авдаг вэ, цаашилбал, хобби сонирхол гээд……л?
-Залуу байхдаа найз нөхөдтэйгөө хөгжөөж бүжиглэх хоббитой байлаа. Харин одоо нас тогтоод ч гэх юм уу тэр болгон бүжиглэхээ больсон. Харин одоо амралт чөлөөт цаг гарвал янз бүрийн хоол хийх дуртай болоод байгаа. Энэ, тэр хоол ямар болсон байна, идээч гээд л ирсэн зочдоо дайлаад суух сайхан. Тэд хоолыг маань амтлан идэхэд сэтгэл ханамжийг авдаг. Яаж олон нэр төрлийн хоол хийж, хүмүүсийг сэтгэл хангалуун байлгахав гэж ажлын хамт олон, найз нөхдөө гэртээ урьж дайлах дуртай. Үйлчлэгчээ хүртэл хоёулаа манайд очиж сайхан хоол хийж, таван үг солъё гээд дагуулаад явдагдаа. Ажилчид маань ч гэсэн танайд очиж хоол идье гэдэг болсоон. Ингэж гэр бүл, үр хүүхдүүдээ тойруулаад хоол л хийх дуртай даа. /Инээв/
Д.Гэгээ