Цагдаагийн байгууллагаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Уусан бол бүү жолоод” шөнийн хяналт шалгалтыг долоо хоног бүр зохион байгуулж байгаа бөгөөд 5 удаагийн хяналт шалгалтыг нийслэлийн 5 дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.
Хяналт шалгалтын арга хэмжээний хүрээнд:
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон -148 зөрчил,
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй үедээ автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 78 зөрчил;
- Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдсан 4 хүн;
- Гэмт хэргийн шинжтэй 4 үйлдлийг илрүүлж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Иймд иргэн та Цагдаагийн байгууллагаас анхааруулж буй зөвлөмж мэдээллийг мөрдөж, тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцохдоо:
- “Замын хөдөлгөөний дүрэм”-ийг баримтлах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохгүй байх;
- Биеэ авч явах чадваргүй найз нөхдөө харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх;
- Жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэх, автомашиныхаа түлхүүрийг өгөхгүй байх;
- Үнэ бүхий зүйлсийг автомашиндаа хадгалах, орхихгүй байхад анхаарна уу!
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба