“Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулна

2023 оны 02-р сарын 27 өдөр, 14 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
63fc366d18164615ff1e6964

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88.7 хувьтай байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд хийж байгаа Замын хөдөлгөөний нэгдсэн систем /RFID/-ийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд нийслэлийн төвийн бүсийн зургаан дүүргийн  гэрлэн дохиотой 138 уулзварын 354 байршил, дөрвөн пост, оношилгооны таван төвд нийт 455 ширхэг радио давтамж тодорхойлох RFID уншигч төхөөрөмж, 1036 ширхэг уншигч антенн суурилуулан энэ оны эхний улиралд багтаан хэрэглээнд нэвтрүүлэхээр байна. Зөвлөгөөний үеэр сар шинийн баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчил болоод шар усны үер, халиа тошин зэрэг цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Аюулт үзэгдэл, ослоос 21 иргэнийг аварч, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Л.Дашням аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 58, аврах ажиллагааны тав, нийт 63 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ гал түймрийн утаажилтын бүсээс 135 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 21 иргэнийг аварч, 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа. Он гарснаас хойш хоёрдугаар сарын 26-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн 333, аврах ажиллагааны 41, малын гоц халдварт өвчин нэг буюу нийт 375 удаагийн дуудлага ирсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар буурсан” хэмээлээ.

Мөн сар шинийн баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн Онцгой байдлын газрын 590 алба хаагч, 198 автомашинтай ажиллаж, объектын гал түймрийн 15, аврах ажиллагааны гурав буюу нийт 18 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө, 41 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Нийслэлийн хэмжээнд Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн 16 байршилд халиа тошин үүсэж айл өрх, албан байгууллагын хашаа, гудамж, зам талбай ус, мөсөнд автсан. Үүссэн нөхцөл байдалд 20 хүнтэй баг 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллан 5332 метр шуудуу татаж, 21 машин шороо асган ажиллав. Түүнчлэн 1389 алба хаагч, 228 автомашин, 52 морьтойгоор ажиллаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 15442 толгой адуу гаргаж, 297 албан мэдэгдэл хүргүүлээд байна.

Хулгай, дээрмийн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 18,804 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногоос 1.8 хувиар өссөн үзүүлэлт байлаа. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 503, зөрчлийн шинжтэй 12,283, мөн хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 1311, зам тээврийн ослын 4585 гомдол, мэдээлэл хүлээж авсан.  Хулгай, дээрэм, танхайн гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурсан бол залилан болон хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн тоо өссөн байна” хэмээлээ. Мөн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 1401 гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх 14 хоногоос 21 хувиар өсжээ.

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд 54 зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрийн ойр орчим, уулзвар, гарцад дүүргийн цагдаагийн газар, хэлтсээс 134 алба хаагч халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлэн ажиллалаа. Мөн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан, Гандантэгчилэн хийд болон бусад 30 орчим сүм хийдэд зохион байгуулсан ном хурах үйл ажиллагааны үеэр давхардсан тоогоор 32 анги, байгууллагын 4288 алба хаагч, 335 тээврийн хэрэгсэл, 300 хамгаалалтын хайстайгаар ажиллаж хэв журам сахиулав.Харин замын хөдөлгөөн зохицуулалтын хувьд 229 хяналтын цэгт давхардсан тоогоор 524 алба хаагч ажиллаж, 29,328 зөрчил илрүүлсэн байна. Түүнчлэн хяналтын камераар 20,514 зөрчил илрүүлсэн тухай Тээврийн цагдаагийн албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд зам тээврийн ослын дуудлага 3875 бүртгэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил илрүүлснээс 25 нь осол гаргасныг тэрбээр онцолсон юм.

Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалт 98.3 хувьтай байна

Зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хот нийтийн аж ахуй болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Сар шинийн баярыг угтан нийслэлийн хэмжээнд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг есөн дүүрэгт зохион байгуулсан. Энэ удаад 13,600 гаруй байгууллагын ажилчин, албан хаагчид оролцож 513 мянган ам метр талбайн 889 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ. Дараагийн цэвэрлэгээг хуваарийн дагуу дөрөвдүгээр сард зохион байгуулна. Цас ханзрах үеэр задгай хог хаягдал их гарах тул дүүргийн удирдлагууд, холбогдох газрууд үүнд анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн халиа тошин, шар усны үер болох эрсдэлээс сэргийлэхээр холбогдох байгууллагууд бэлтгэл ханган ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг нэмэгдүүлэхэд анхаарч, үүнд хяналт тавих арга хэмжээ авснаар асалт 98.3 хувьд хүрч дээшилсэн” гэлээ.

Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг  эрчимжүүлнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тухайлбал,

  • “Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
  • Форумын агуулга, сэдэв, танилцуулгыг боловсруулан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоог хангаж, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулах бэлтгэл хангах.
  • Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлэх.
  • Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх.
  • Халиа тошин ихээр үүсдэг байршлуудад үерийн хамгаалалтын барилга байгууламж дээр баригдсан гүүр, гүүрэн байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулан, стандартыг мөрдүүлэх.
  • Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн системийн ажлуудыг эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 2 сэтгэгдэлтэй
  1. Kkkzellweife
     (146.70.65..***)
    2023/03/07 02:53

    not working

    (0) (0)
  2. KzkktoUnets
     (196.245.54.***)
    2023/03/01 01:59

    very good

    (0) (0)