Үндсэн хуулийн өдөрт зориулсан илтгэлийн уралдааны материал хүлээн авах хугацааг сунгалаа

2023 оны 02-р сарын 09 өдөр, 12 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
63e361a818164615ff1e68ae

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарласан. Тэгвэл тус илтгэлийн материал хүлээн авах хугацааг сунгаж, хоёрдугаар сарын 24-ний 17:00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо.

Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн чанар, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон, өөрийн үзэл бодол, санал, дүгнэлтээ илэрхийлсэн, үндэслэл, судалгаа, нотолгоонд тулгуурласан, шинэлэг байх шаардлагатай. Мөн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдсан үг хэллэг ашиглаагүй байна.

Шалгаруулалт хоёр үе шаттай, эхний шатанд сэдэв тус бүрд илтгэлд тавих шаардлага хангасан 10 бүтээлийг шалгаруулна. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт гуравдугаар сарын 10-нд Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр Хангарди ордонд болох бөгөөд эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулах юм. Шалгаруулалтыг судлаач, эрдэмтэн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг явуулна.

Сэдэв тус бүрийн хүрээнд байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 1,500,000, хоёрдугаар байр 1,000,000, гуравдугаар байр 500,000 төгрөгийн шагналын сантай. Илтгэлийг НЗДТГ-ын байранд, эсхүл zultsetseg.b@ulaanbaatar.mn цахим хаягаар хүлээн авна.

Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Бүтэц, агуулгыг багтаасан нэг нүүр товчлолтой,
  • Илтгэлийн мөр хоорондын зай 1.0, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4 байх;
  • Илтгэлийн хэмжээ 10-12 хүртэл нүүрэнд багтсан байх;
  • Илтгэл монгол хэлээр, үг, үсэг, утга найруулгын алдаагүй байх;
  • Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүйлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
  • Овог, нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байна.

Тус уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх болон орон нутгийн бие даасан байдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уралдааны талаарх нэмэлт мэдээллийг 11-326659, 11-328715 дугаарын утсаар болон zultsetseg.b@ulaanbaatar.mn цахим хаягаар авах боломжтой.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх