Улаанбаатар хотод энэ оны наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам болно. Монгол Улсад анх удаа болох тус спортын наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 2500 орчим тамирчин 11 спортын төрлөөр өрсөлдөх юм. Үүнтэй холбогдуулан тус наадмын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.
Сайн дурын ажилтнаар бүртгүүлэгчид дараах шаардлагыг хангасан байна.
- 16 ба түүнээс дээш настай байх. /16-18 насны хүүхдүүд сайн дурын ажилтнаар ажиллах бол эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх/;
- Сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт, идэвхжүүлэлтийн ажилд бүрэн хамрагдах боломжтой байх;
- Наадам зохион байгуулах өдрүүдэд хамгийн багадаа өдөрт 6 цаг ажиллах боломжтой байх;
- Ажил үүргээ цаг тухай бүрд нь биелүүлэх хариуцлагатай байх;
- Хариуцаж авсан ажил үүргээ ухамсарлаж, багийн ажлыг орхигдуулахгүй ажиллах чин сэтгэлтэй байх зэрэг нийтлэг шалгуурыг тавьж байна.
Түүнчлэн сайн дурын ажилтны хариуцах ажил үүргээс хамааран гадаад хэлний (Англи, хятад, солонгос, япон) дундаас дээш түвшинтэй байх гэсэн нэмэлт шалгуур тавьж буй юм.
Зүүн Азийн залуучуудын наадамд сайн дурын ажилтан болсноор:
-Олон улсын томоохон тэмцээний арын зохион байгуулалтад ажилласнаар мэдлэг, туршлагаа ахиулна.
-Гадаад, дотоодын үе тэнгийн найз нөхөдтэй болохоос гадна спортын мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, харилцаа холбоогоо тэлнэ.
-Багаар ажиллах ур чадвараа нэмнэ.
-Дэлхийн иргэн болж хөгжих, олон талын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэх сургалт, идэвхжүүлэх үйл ажиллагаанд хамрагдана.
-Зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, үе тэнгийн сайн дурын ажилтнуудын хамт дурсамж бүтээнэ.
-Өөрт оногдсон ажлаа сэтгэлтэй, хариуцлагатай хийснээр өөрийгөө бусдад таниулах боломж бүрдэнэ.
-Өөрийн сонирхдог спортын баг тамирчдаа хөгжөөн дэмжих боломж бүрдэнэ.
-Спортын байгууллага, холбоод, клубүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж, цаашид сонирхдог спортын төрлөөрөө хичээллэх таатай нөхцөл бий болно.
-“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Талархлын бичиг”-тэй болох зэрэг олон боломжийн эзэн болох юм.
Сайн дурын ажилтнаар хамрагдах хүсэлтэй хүүхэд, залуус та бүхэн дээрх шаардлагыг хангаж байвал доорх линкээр зочлон, сайн дурын ажилтны анкетыг 2023 оны хоёрдугаар сарын 28-ны дотор бөглөж илгээгээрэй.
Сайн дурын ажилтны бүртгэлийн линк: https://forms.office.com/r/
“УЛААНБААТАР ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО” ХК