“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардуулав

2023 оны 01-р сарын 27 өдөр, 11 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
323692626_549524790540924_2184903316100362438_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөр хоёр дахь жилдээ хэрэгжиж байна.

Энэ хөтөлбөр нь 330 сум, 171 хороо бүрээс шилдэг сурагч шалгаруулж,  бэлтгэл хөтөлбөрт хамруулан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд сурах болзол хангахад нь бэлтгэж, улмаар суралцуулж, төгсөж ирэхэд нь орон нутгийнхаа хөгжлийг түүчээлэхэд томилон ажиллуулах зорилготой цогц хөтөлбөр юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт – 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд болж, бэлтгэл хөтөлбөрт суралцаж байгаа оюутан залууст Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захиа, даалгавар гардууллаа.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Олдсон боломжоо бүрэн дүүрэн ашиглаж, ажил амьдралын гараагаа итгэл төгс эхлүүлэх нь хичээл зүтгэл, сурлага хөдөлмөрөөс хамаарна” гэдгийг захив.

Мөн дэлхийн боловсрол эзэмшиж, хүн төрөлхтний оюун санаа, шинжлэх ухааны охь шимээс суралцаж, цаашид эх орныхоо хөгжил дэвшил, сайн сайхны төлөө хүчин зүтгэх үндэсний манлайлагчид гэдгийг тэмдэглэв.

“Ерөнхийлөгчийн илгээлт- 2100” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс 256 оюутан Их Британи, Канад, Польш, Австрали, Хятад, Орос, Унгар, Энэтхэг, Вьетнам зэрэг 13 улсын их, дээд сургуульд суралцаж байна.

Эдгээрийн 60 гаруй хувь нь компьютерын ухаан, программ хангамж, биотехнологи, барилга архитектур, сэргээгдэх эрчим хүч зэрэг инженер, технологийн чиглэлээр мэргэшиж байгаа юм.

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2022 оны эздийн нэрстэй энд дарж танилцана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Засгийн газрын баталсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн журам”-д зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, математик болон гадаад хэлний элсэлтийн ерөнхий шалгалтын онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах болзол хангадаг юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх