Иргэн та өөрийн байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгасан уу?

2023 оны 01-р сарын 19 өдөр, 12 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Улсын бүртгэлийн ерөнхий газар - Google Chrome 1_19_2023 10_10_14 AM

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт иргэн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэлтэй хаягаас өөр хаягт шилжин 180 хоногоос дээш хугацаагаар оршин суухаар бүртгүүлэхийг байнга оршин суух гэж заасан бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлд иргэн шилжин суурьшихдаа холбогдох баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр бүртгүүлэхийг заасан.

Шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлээгүйн улмаас төрийн болон бусад байгууллагын үйлчилгээг авах, тодорхой эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учирах эрсдэлтэй байна.

Иймд улсын бүртгэлийн байгууллагаас иргэн өөрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлээ шалгахыг уриалахын зэрэгцээ https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар өөрийн болон тухайн хаяг дээр хаягийн бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжийг 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн нэвтрүүллээ.

Дээрх цахим хуудсаар нэвтэрч байнга оршин суугаа газрынхаа хаягийн бүртгэлийн мэдээллийг шалгаж, хэрэв зөрүүтэй тохиолдолд мэдээлэх боломжтой бөгөөд зөрүүтэй гэж мэдэгдсэн тохиолдолд тус байгууллагаас Таны ирүүлсэн мэдээллийг нягтлан шалгаж, даруй хариу мэдэгдэх болно.

Мөн Та өөрийн байнга оршин сууж байгаа хаягийн бүртгэлээ өөрт ойрхон улсын бүртгэлийн байгууллагын нэгж, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр шалгах боломжтой болохыг мэдээлж байна.

Хэрэв шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх бол байнга оршин суух газрынхаа /сум, хороо/ улсын бүртгэгчид өөрийн биеэр, улсын бүртгэлийн үйлчилгээний цахим машин болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем /emongolia.mn/-ээр гаргах боломжтой.

Иргэн байнга оршин суухаар бүртгүүлсэн хаягийн мэдээлэл бүхий иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан нь Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гаас тусдаа сан болно.

Иймд Хүн ам, өрхийн мэдээллийн сан /ХАӨМС/-гийн мэдээлэлтэй холбоотой асуудлаар баг, хорооны Засаг даргад хандахыг зөвлөж байна.

Та дараах холбоосоор орж шалгана уу. http://66.181.169.43/

Эх сурвалж: Улсын бүртгэлийн ерөнхий газар

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх