МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал О.Энхжавхлангийн шийдвэрээр сэтгүүлч Лувсанцэрэнгийн Цэрэнжаргалыг МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналаар шагналаа.
Тэрбээр О.Цэнд-Аюушийн “Гомдож үзээгүй юм шиг амьдрах”, Б.Жамбалдоржийн “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно”, Ч.Мөнхбатын “Сэтгэлээс дотогш”, Б.Мөнхбатын “Үр”, Н.Азсайханы “17-р гудамж”, Д.Оюунбилэгийн “Анхны намар хийгээд айсуй борооны бадгууд”, Б.Батхолбоогийн “Хавар л би чамаас хагацаж үл чадна” зэрэг номыг хэвлүүлж, уншигчдын хүртээл болгожээ. Мөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Оролзодын “Тогоруутай нуурын айзам” анхны номын уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулж, алслагдмал орон нутгийн номын сангуудад 500 гаруй ном хандивласан утга зохиолд элэгтэй, үнэнч уншигч юм.
2023 оны хамгийн ууган шагналыг МЗЭ-ийн 94 жилийн ойн өдөр Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо гардуулж, МЗЭ-ийн Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн Н.Минжинсайхан, найрагч нөхөд нь баяр хүргэлээ гэж Монголын зохиолчдын эвлэлээс мэдээллээ.