“DISABILITY EXPO 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг боллоо

2022 оны 11-р сарын 22 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0351e23a8f92ba164f975d4e69cbabcc
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Disability Expo 2022” арга хэмжээг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор 11 дүгээр сарын 20-нд зохион байгууллаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Hand Pro ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн газар, хэлтсүүд хамтран зохион байгуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирох ажлын байранд зуучлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, технологийн шийдлүүдийг танилцуулав.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, технологи зэрэг үндсэн дөрвөн зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангахад чиглэн, нээлттэй илтгэл, хэлэлцүүлгүүд тавигдлаа.
Өдөрлөгт 45 ажил олгогч байгууллага нээлттэй 187 ажлын байр зарлаж, санал болгосон бөгөөд ажил хайгч 106 иргэн оролцсоноос давхардсан тоогоор ажил мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг 783 иргэнд хүргэж, ажил олгогчид ажилд орохоор анкет бөглөсөн иргэн давхардсан тоогоор 113 байна. Харин байнгын ажлын байранд 14 хөгжлийн бэрхшээлтэй иргэн орсон бол өдөрлөгийн үеэр 4,650,000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүний борлуулалт хийгдсэн байна.
Ард шоп онлайн дэлгүүрээр бараа, бүтээгдэхүүнээ байнга борлуулахаар 6 хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээ байгууллаа.
Мөн “UBCAB” ХХК-ний зүгээс тулгуур эрхтний бэрхшээлтэй 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгон авч, энэ оныг дуустал такси үйлчилгээ үзүүлэх батламжийг гардуулав. Такси үйлчилгээний хөлсийг нийгмийн хариуцлагаа ухамсарласан 20 компани ивээн тэтгэж, хандивлаж байгаа бөгөөд “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд эхний ээлжинд ажил хөдөлмөр эрхэлж байгаа 20 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгосон юм.
Ийнхүү энэ жилийн “Disability Expo 2022” арга хэмжээ нь зөвхөн хөдөлмөр эрхлэлтээр хязгаарлалгүй боловсрол, эрүүл мэнд, технологийн шийдэл гэсэн өргөн хүрээнд төрийн байгууллага хувийн хэвшлийн хамтарсан түншлэл дээр тулгуурласан анхны арга хэмжээ болж амжилттай зохион байгуулагдлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх