Монгол Улсын 2023 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Улсын төсөвтэй дагалдан өргөн мэдүүлсэн 81 хуульд Засгийн газар дахь хяналтын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль багтсан. Эдгээр хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Засгийн газар дахь хяналтын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр:
– Захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх
– Төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх
– Төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
– Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих
– Төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх
– Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа– 2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” -д Төрийн хяналт шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх талаар тодорхой тусгасан. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын салбар яамдтай давхардсан чиг үүргийг арилгаж, татан буулгахаар шийдвэрлээд байна. Ингэснээр яамд бодлогоо тодорхойлж, хэрэгжилтээ хийж, хяналт шалгалтаа хариуцах тогтолцоо бүрдэнэ. Салбар яамд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлснээр:
– Хариуцлага тодорхой болно.
– Зарим хяналтын чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ.
– Хяналт шалгалтын мөрөөр гарсан шийдвэрийн хэрэгжилт сайжирна гэдгийг Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ
2022 оны 11-р сарын 15 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )