Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, “Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө” төвтэй хамтран “Түүний түүх” бүтээлийн уралдааныг зарлалаа.
НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан зохион байгуулж буй уг уралдааны зорилго нь авлига, ашиг сонирхлын улмаас хохирсон нийтийн эрх ашиг, хулгайлагдсан боломж, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтны бодит түүхийг эрэн сурвалжлан нийтэд хүргэх, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад олон нийтийн анхаарлыг хандуулах, оролцоог бий болгоход чиглэж байгаа юм.
Бүтээл нь хувь хүн болон бизнесийн байгууллагын нэр хүндэд халдаагүй, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулж, олон нийтийг “Шүгэл үлээх”-эд уриалж, сэтгүүл зүйн төрөл зүйлийн шаардлагыг хангасан байх ёстой. Уралдаанд оролцохыг хүсвэл 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн дотор Storytelling.mgl@gmail.com хаягаар бүртгүүлэх бөгөөд оролцогчдыг “Хүний түүх хэрхэн бичих вэ” сэдвээр сургалтад хамруулах юм байна. Зохион байгуулагч байгууллагуудын зүгээс сэтгүүл зүй, авлига, ашиг сонирхлын зөрчлийн ойлголтын талаар оролцогчдод менторын үйлчилгээ үзүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70112467, 99882848 дугаарын утсаар холбогдон авах боломжтой.