УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийнэ

2022 оны 10-р сарын 24 өдөр, 16 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zandanshatar

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны 10 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад ажлын айлчлал хийнэ.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд Монгол Улс, БНСУ-ын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа холбоог бататгах, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцааны эрх зүйн орчинг бэхжүүлэх болон иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх талаар санал солилцоход энэхүү айлчлалын зорилго оршиж байгаа юм.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пё-той хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү, Үндэсний Ассамблейн Солонгос-Монголын парламентын найрамдлын бүлгийн дарга Ким Дү Гван, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нартай тус тус уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын “Бан Гимүн” сан болон Стэнфордын Их сургуулиас Сөүл хотноо хамтран зохион байгуулах “Номхон далайг дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ“ олон улсын арга хэмжээнд үндсэн илтгэгчээр оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх