Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын зургадугаар хуралдаан өчигдөр болж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зарим ачаа тээврийн бүлэг болон зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар хэлэлцжээ.
Хуралдаанаар экспортын ачаа тээврийн бүлгийн болон зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тодорхой хувиар индексжүүлэхээр боллоо. Тодруулбал,
- Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь
- Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
- Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15 хувь
- Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20 хувь
- Зорчигч тээвэрлэлтийн хувьд орон нутгийн болон олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг тус бүр 50 хувиар индексжүүлэхийг дэмжив.
Шинэ үнэ тарифын журмыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй. Одоогийн мөрдөгдөж буй тарифаар орон нутгийн зорчигч тээврийн хувьд нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байдаг бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөгийн үнэ тарифтай байна. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу үнэ тарифын индексжүүлэлт хийснээр дээрх чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ тариф 9000 төгрөг болох юм.